Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Ж.Сүхбаатарыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байх үед буюу тэдний шууд удирдлаган дор нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажил явагдсан.

Харамсалтай нь энэ нь хаана хэрхэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй угсарсан хуучин автобусыг дэлхийн хамгийн шилдэг автобуснаас хоёр дахин өндөр үнээр авсан аймшигтай зохион байгуулалттай луйвар, гэмт хэрэг болж хувирсан билээ. Иргэд уг үйлдлийг "Ногоон автобусны хэрэг" гэж нэрлэх болсон. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобусны” гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган, шүүхэд шилжүүлэхээр Нийслэлийн Прокурорын газрын хяналтад шилжүүлсэн юм.Тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолт, шаардлагыг хангаагүй 88,4 тэрбум төгрөгийн үнэ бүхий их багтаамжийн 100 автобус /ногоон/-ны хохирлоос мөрдөн байцаалтын явцад 11,941,079,200 төгрөгийг бэлнээр нөхөн төлүүлж, хохирол нөхөн төлүүлэх нөхцөлийг ханган нийт 59 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө буюу 71,778,805,590 төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн байдаг.

 

Дээрх хэрэгт нийт 27 этгээд яллагдагчаар татагдсан ба үүнд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн 4, хувийн аж ахуйн нэгжийн 4 хүн татагдсан.Мөн шинжээчийн дүгнэлтээр автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн болох нь тогтоогдсон.

 

Хачирхалтай нь Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумьяабазар уг хэрэгт холбогдолгүй гэж тооцогдсон гэх агаад ер нь тэрээр "ногоон автобусны" хэрэгт ямар ч хариуцлага хүлээхгүй нь бололтой.

Тэр бүү хэл Нийслэлийн МАН-ын хорооны даргаар үргэлжлүүлэн ажиллаж буй тэрээр УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж буй аж. Д.Сумъяабазар зөвхөн өөрөө төдийгүй өөрийнхөө фракцийн гэх хэд хэдэн хүнийг ч УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэх гэнэ. Тодруулбал өөрийнх нь хувийн компаний хуулийн зөвлөх байсан, НИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг, "баруун гар" гэгддэг Сонгино Хайрхан Дүүргийн Засаг Дарга Н.Алтаншагай нартай нэг баг болж, Сонгино Хайрхан дүүрэгт нэр дэвшихээр хэдийн бэлтгэл ажлаа эхэлжээ.

 

С.Сарнай