Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.

Нийгэм:  Нийтийн тээврийн хөгжил хөгжинө гэж үйлээ үзэж байна гэхэд буруутахгүй. Энэ долоо хоногийн даваа гаригаас эхэлж сурагчдын хичээл, сургууль орж их хотын хөдөлгөөн эрс нэмэгдлээ. Хотын даргын зүгээс Нийтийн тээврийн чиглэлийг энэ их хөдөлгөөнтэй зэрэгцээд өөрчилсөн. Тэгвэл иргэд зарим чиглэлд автобусны явах тоог нь нэмэгдүүлээд өгөөч гэсэн санал хүсэлтийг хэлжээ. Гэтэл  эсрэгээрээ хасаад цөөлөөд бүр явах чиглэлийг нь хассан байна хэмээн ихээхэн бухимдалтай байна.  Нийтийн тээврийн газрынхан хөрсөн дээр буусан чиглэлийн өөрчлөлтийг хийгээгүй нь балгыг иргэд амсаж байна

Мөн тэгш, сондгойгоор явуулж байгаа үед ч автобус чирэгдэл учирсан хэвээр энэ долоо хоног өнгөрөв. Фото сурвалжлага: Төв талбайгаас 10-р хороолол хүртэл нэг цаг алхахад ганцхан автобус л зөрлөө

Төрийн эрх баригч МАН болон Засгийн газраас албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх тухай улиг болтол ярьж байгаа ч төрийн өмчит компаниуд дээр тендерийн будлиан, нэг компанид илт давуу байдал олгодог жишиг өнөөдөр ч амь бөхтэй байна. “МИАТ”-ийн удирдлагууд “ Зорчигчийн хоол” катерингийн үйлчилгээний тендерт “Голомт”-ын Д.Баясгалангийн компанид илт давуу байдал олгосон уу

Улс төр: Ерөнийлөгч монгол айл өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэхийг уриалсан зарлиг гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргажээ.

Уг зарлигт:

Нэг.Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай. Зарлигийн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Номтойбаяр Үндэсний эвслийг тэргүүлэхээр болжээ

Монголын Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Намын тус тус шийдвэрээр улс төрийн намуудын нэгдэл бүхий “Үндэсний эвсэл”-ийг байгуулж, тэргүүнээр Номт овогт Нямтайширын Номтойбаярыг сонгосон гэдгээ зарлав.

Н.Номтойбаяр улс төрийн намд төвлөрсөн эрх мэдлийг чөлөөлөхийг эн тэргүүнд чухалчилж, эдийн засаг, нийгмийн нийцэт бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах хүрээнд хувийн хэвшлийг хүчтэй, хүүхэд залуусыг зорилтод чиглэлээр боловсролтой, иргэдээ эрүүл саруул, мөнгөтэй, итгэлийн хүчтэй болгохыг бодлогынхоо цөмд байршуулна гэжээ.

Эдийн засаг: Зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 3.9 хувиар өсжээ

Улаанбаатар хотод 2024 оны 1-р сарын 29-ний байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 3.9 хувиар, өмнөх 7 хоногоос 0.4 хувиар тус тус өссөн байна.

Баярын ширээний гол идээ болох ууцны дундаж үнэ 2024 оны нэгдүгээр сарын 30-ны байдлаар өмнөх онтой харьцуулахад 62  хувиар, хэвийн боовны дундаж үнэ 23,3 хувиар, сүүн ааруулны дундаж үнэ 35 хувиар, хорхой ааруулны үнэ 53,1 хувиар тус тус өссөн байна.

Үндэсний статисикийн хорооноос мэдээлж байгаагаар, энэ жил ууцны үнэ өмнөх оноос 40-300 мянган төгрөгөөр өсчээ. ҮСХ-ны тухайд Баянзүрх зах, Хүчит шонхор зах, Бөмбөгөр худалдааны төв, Барс худалдааны төв, Хархорин зах гэсэн таван цэгээс баярын ширээний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг цуглуулан дунджаар тооцоолсон байна. Хэвийн боовны хувьд "Өгөөж – Чихэр" боов ХК, "Талх Чихэр" ХК, "Өгөөмж архад" ХК, "Гандан", "Гүрмэл", "Суман гүн" ХХК, "Тэнгэрийн хишиг" ХХК болон бусад үйлдвэрийн хэвийн боовны үнийг цуглуулан дунджаар тооцоолжээ.

Спорт: Монголын Үндэсний бөхийн холбооноос ирэх хоёрдугаар сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарьтай энд дарж дэлгэрэнгүй танилцана уу.

  • Хоёрдугаар сарын 3-нд 13:00 цагт Сар шинийн баярт зориулсан цолгүй залуу бөхчүүдийн “Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит” барилдаан,
  • Хоёрдугаар сарын 4-нд 11:00 цагт Сар шинийн баярт зориулсан “Тарвалин” хийдийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан,
  • Хоёрдугаар сарын 5-нд 15:00 цагт Сар шинийн баярт зориулсан Өсвөрийн бөхийн барилдаан /2008.01.01-с хойш төрсөн 16 хүртэлх нас/

Мөн энэ оны эхний башёд түрүүлсэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнгөрсөн Даваа гаригт уламжлал болсон хэвлэлийн бага хуралд оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.

Өдгөө 32 настай Тэрүнофүжи ес дэх удаагаа эзэн хааны цомыг хүртсэн бөгөөд сүүлийн гурван башёг бэлтгэлийн үеэр авсан нурууны бэртлийн улмаас өнжөөд байсан юм. Тэрбээр өнгөрөгч Хацү башёг тааруу эхлүүлж, эхний долоон барилдааныхаа хоёрт нь өвдөг шороодсон ч төгсгөлийн сайн хийсэн. Башёгийн сүүлийн өдөр сэкивакэ Котонавакатай нэмэлт барилдаан хийн ялж, 13 даваа, хоёр унаатай түрүүлсэн билээ.

Тэрүнофүжи хэвлэлийн бага хурлын үеэр “Түрүүлсэндээ баяртай байна. Тогтмол, сайн бэлтгэлээ хийж чадахгүй байгаа ч бага багаар сайжирч байна” гэжээ.

Соёл урлаг: "Netflix" платформын цувралд монгол дуучны дуу сонгогджээ

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй "Netflix" платформын цувралд монгол уран бүтээлчийн дуу сонгогдсон байна. Тодруулбал, 2021 оны "People’s Choice" шагналт “Outer Banks” хэмээх Netflix-ийн цувралын хоёрдугаар улирлын тавдугаар ангийн хэсэгт дуучин Магнолианы “The Bride & The Bachelor” гэх дуу сонгогджээ. Энэ дууг цувралдаа 30 секунд оруулахын тулд Netflix компаниас Магнолиан буюу Б.Дөлгөөнд 3000 ам.доллар төлсөн байна.

Уг цуврал нь "Netflix" дээр нийт 160 сая цаг тоглогдсон бөгөөд гуравдугаар улирлын үзэлт нь хоёр долоо хоногийн турш Netflix-ийн топ арвыг тэргүүлж байжээ.

Уран бүтээлч Магнолиан буюу Б.Дөлгөөн “Famous Men” цомгоос хамгийн анх “The Bride and the Bachelor” дууг бичиж байжээ. Тэр анхны EP цомогтоо энэ дуугаа оруулах гэж дуучин Ч.Цэлмүүнтэй хамтран дахин сэргээж дуулсан байна. Дууны клипний зохиолыг найруулагч С.Бямба бичиж, найруулжээ. Залуу уран бүтээлч 2016 оны "Андерграунд" кино наадмын үеэр найруулагч С.Бямбад хүсэлт тавьж, уран бүтээлчийн дуу хамгийн их таалагдсан учраас клип хийхээр болсон гэнэ.