Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар “Нэг хонь-нэг жуулчин” төслийг эхлүүлээд байгаа билээ. Энэ төсөл аялал жуулчлалын салбарт ямар үр дагавар бий болгож байгаа талаар “Muugii Tours” компанийн захирал Н.Мөнхбаттай ярилцлаа.


-“Нэг хонь-нэг жуулчин” төсөл хэрэгжиж эхлэхээр боллоо. Аялал жуулчлалын салбарынхан энэ төсөлд ямар байр суурьтай байх юм бэ?

-“Нэг хонь-нэг жуулчин” гэх төслийг анх ярих үеэс л гайхаж байсан. Ямар учиртай төсөл болохыг судлаад үзэхэд аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон жуулчин татаж авчрах тухай юм шиг байна лээ. Гэхдээ энэ төсөл бол инээдтэй, шогийн, ойлгомжгүй зүйл гэдгийг аялал жуулчлалын салбараар тогтохгүй мэргэжлийн бус хүн ч хэлнэ.

Гол нь бид хоорондоо хэмлэлдэж, нэгнийгээ шоолоод үр дүнд хүрэхгүй. Энэ бол аялал жуулчлалын салбарт гарч байгаа буруу зүйл. Буруу зүйлийг зогсоох ёстой. Энэ салбарыг нэг айл гэж үзвэл тэр айлд буруу зүйл болбол хэрүүл маргаанаар биш эцэг, эх нь асуудалд тайван хандаж, болохгүй асуудлыг халаад шийдээд явдаг. Хоорондоо хэрэлдэж, нэгнийгээ шоолоод, шуугилдаад байвал асуудал улам даамжирдаг. Үүнтэй адил манай салбарт буруу зүйл бий болоод байна. Үүнийг бид зогсоох ёстой.

Үнэндээ ийм төсөл санаачилж байна гэдэг бол өнөөдрийн бидний байгаа царай л энэ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шийдвэр, үйл ажиллагаа бол бодлого боловсруулж, зангидаж байгаа төрийн бодлого шүү дээ. Харамсалтай нь төрийн бодлого шийдвэр хэрэгжүүлж байгаа газарт мэргэжлийн бус хүмүүс ажилладаг. Улс төрийн томилгоогоор мэргэжлийн бус хүмүүс оччихдог. Тэр хүмүүст зөвлөж, тусалж байгаа хүмүүс гэж бий. Тэд нь бас л мэргэжлийн бус, намынх нь, фракцынх нь хүмүүс байдаг. Ийм хүмүүсээс гарч байгаа шийдвэр, бодлого ойлгомжгүй, амьдралгүй, байгаа бодит байдал энэ шүү дээ.

-Та бол жуулчид хүлээж авдаг мэргэжлийн салбарын хүн. Жуулчинд мал өгнө гэдэг байж болох уу. Яаж хэрэгжүүлж болох юм бол доо?

-Жуулчинд хонь бэлэглэнэ гэж байгаа. Нэгд, хонь хилээр гаргахгүй. Амьдаар нь ч бай, махлаад гаргахад тусгай гэрээ, зөвшөөрөл хэрэгтэй. Үүнийг Хөдөө аж ахуйн яам хариуцдаг. Аялал жуулчлалын салбарт энэ асуудал хамаагүй. Нэг ёсондоо гадаадын иргэнд хонь бэлэглэнэ гэдэг хууль зөрчиж байгаа гэсэн үг.

Хоёрт, хонийг монголчууд үр хүүхдэдээ, хамаатан садандаа зүсэлж заадаг. Энэ нь зөвхөн дотооддоо байдаг зан уламжлал. Харин гадаадын иргэнд хонь зүсэлж байгаа нэрээр мөнгө авна гэдэг бол луйвар. Саяхан би говь руу хэсэг жуулчид авч явсан юм. Хөдөөний айлд буухад нь “Нэг хонь-нэг жуулчин” төслийн талаар ярьж өглөө л дөө. Тэгтэл шууд өөдөөс “Баярлалаа. Би хонио авч явж болох юм уу. Надад хилээр авч гарахад зөвшөөрөх юм уу” гэж асууж байна лээ. Гадны хүмүүс ямар ч зүйлийг хуулийн хүрээнд л ярина. Бидний сэтгэлгээнээс шал өөрөөр харна. Хариуд нь “Боломжгүй” гэдгийг хэлсэн. “Тэгвэл би худалдаж аваад төхөөрлөө гэхэд өөрөө ганцаараа идэж барахгүй. Чононд хоол болгож өгье” гэж ярьж байсан. Аль аль нь боломжгүй. Надад хэлэх зүйл олдоогүй. Үнэндээ гадныханд бид өөрсдийгөө доош хийж байгаа үйлдэл болж байна. Ийм зүйлд хэн нэгнийг нэр цохож буруутгах хангалтгүй, зохимжгүй. Буруу тогтолцоо, самуунтай, эргэлзээтэй цаг мөчид бид амьдарч байна. Нам дагаж гүйдэг, цүнх барьдаг, ажиллах чадваргүй, хэл усгүй, өлбийсөн хүмүүс явж байгаад л төрд гараад суучихаж байна. Нийгэмд сул, сулбагар хүмүүс байдаг. Тийм хүмүүс төрд гарах боломжийг нээж өгсөн цаг үе өнөөдөр байна.

-Жуулчинд мал бэлэглэчихсэн байдаг. Гэтэл энэ өвөл зуд болоод багагүй хэмжээний малаа алдчихлаа. Төсөлд хамрагдсан мал үрэгдэх эрсдэлтэй?

-Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг яалтай билээ. Мэдээж ийм зүйл болно гэж энэ төслийг санаачлаагүй байх. Гол нь хэрэгжих боломжгүй, ажил хэрэг болохгүй зүйлийг төрийн бодлого болгож хэрэгжүүлж байгаа нь харамсалтай. Хоёр гурван жилийн дараа эргээд харахад энэ төсөл үнэхээр байж боломгүй, ичиж үхмээр зүйл болж таарна. Хүн согтуу үедээ олон зүйл ярьчихаад маргааш эрүүл болчихоод харамсдаг шиг л юм болно. Үнэхээр байж боломгүй, онигоотой төсөл. Амьдралд, хөрсөн дээр бүтэхгүй. Аялал жуулчлалыг сэргээх биш улам нураана. Харин түүний оронд ариун цэврийн байгууламжаа цэвэр байлгах, үйлчилгээгээ гоё болгох ёстой. Жуулчинд хонь мал бэлэглээд аялал жуулчлал хөгжихгүй, бүтэхгүй.

-Тэгвэл аялал жуулчлалын салбарт нэн түрүүнд шийдэх ёстой асуудал нь юу вэ. Салбарын яам энэ чиглэлд анхаарч байна уу?

-Гол асуудал ариун цэврийн байгууламж шүү дээ. Байгаль орчин аялал жуулчлалын яамыг гайхаад байдаг юм. Хавар болохоор жуулчны баазуудын дунд чуулга, уулзалт зохион байгуулдаг. Бололгүй яахав. Гэхдээ Монголын аялал жуулчлалын салбарт зөвхөн жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаггүй. Жуулчин хүлээж авдаг газрууд дөрвөн ангилалтай. Нэгд, үнэ өндөр Lodge, үнэтэй жуулчны бааз, дунд зэргийнх нь Guest­house, боломжийн хямд үнэтэй нь малчин айл гэж ангилдаг.

Гэтэл өнөөдөр зөвхөн жуулчны баазуудын хооронд уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, асуудлаа ярьчихаад тарчихдаг. Бусдад нь анхаардаггүй. Уг нь бусад гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг ч давхар цуглуулж асуудлаа ярьж, шийдвэр гаргаж байх ёстой. Гэтэл төр нь анхаарахгүй хаячихсан. Тэр хүмүүс нь ч бие биенээ танихгүй. Харанхуйгаар л таван гэртэй, дотор нь ор тавьчихад болно гэж үздэг. Мэдээж тэд төр засгаас мөнгө гуйхгүй. Өөрсдийгөө аваад явж байгаа хүмүүс. Гаднаас доллар оруулж ирж байгаа салбар. Гол нь төрөөс зохион байгуулалтын ажлыг л тодорхой болгож өгөх ёстой юм.

-Ариун цэврийн байгууламж гээд үргэлж ярьдаг. Энэ жил ямар байв?

-Бохирын асуудал малчин айл дээр л яригддаг. Lodge, жуулчны бааз, guest­house бүгд ариун цэврийн байгууламжаа шийдчихсэн. Малчин айлд л байдаггүй. Тэглээ гээд тэднийг шахаад байх боломжгүй. Жилдээ 2-3 удаа нүүдэл хийж байгаа хүмүүс боловсон ариун цэврийн байгууламж маллаад явж чадахгүй. Харин түүний орон био нойлтой болчих ёстой. Бүгд биш, жуулчин авч байгаа айлуудыг хэлж байна. Гарц гаргалгаа зөндөө бий.

Харин манай яамны хүмүүс зам дагуу нойл барина гэдэг. Эсвэл жуулчны баазын нойлын асуудлыг сайжруулна гэх зэрэг мухар, байгаа онохгүй, модон хөшүүн бодлого л ярьдаг. Тэр нь хөрсөн дээр бууж өгдөггүй. Төсөл гаргаад л тендер зарлах сонирхол л байдаг юм шиг байна лээ. Зам дагуу 25 сая төгрөгөөр нойл барилаа л гэсэн. Баас нь дүүрчихсэн, зарим нь эвдрээд уначихсан, юу ч үгүй болчихсон байна лээ. Бараг байгальдаа бие зассан нь цэвэр гэмээр. 25 сая төгрөг зарцуулж барьсан нойл нь эргээд байгалиа бохирдуулж байх жишээтэй. Тиймээс амьдрал, бодит нөхцөл байдлаа мэддэг, мэргэжлийн хүмүүс л бодлого зангидмаар байна.

Б.ЭНХЗАЯА

ӨДРИЙН СОНИН