Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад "үе солих" гээд байна уу
2024/03/25
Томоохон намууд өнгөрсөн амралтын өдрүүдээр хурлаа хийлээ. МАН-ын Бага хурал, АН-ын ҮБХ-ны хурал болсон. Түүгээр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталцгаасан байна. Учир нь сонгуулийн хуанлийн дагуу энэ сарын 25-наас өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөх ёстой юм.
Мөрийн хөтөлбөр яахав, илүү бодитой хөтөлбөр дэвшүүлэх тал дээр аль аль нь анхаарсан биз. Тэгэхээс ч өөр аргагүй. Одоо олон нийт мөрөөдөлд итгэхээ больчихсон юм. Мөрийн хөтөлбөрөөс гадна 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх шаардлагаа намууд ярилцсан байна. Энэ талаар МАН албан мэдээлэлдээ “Бага хурлын III хуралдаанд МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар сонгуульд нэр дэвшүүлэх журмын талаар танилцуулж, Бага хурлын гишүүдийн асуултад хариулав. Сонгуульд нэр дэвших хүсэлтэй МАН-ын гишүүдэд хэд хэдэн зарчмын шаардлага тавьж байгаагаа Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар онцоллоо.
Тухайлбал,“Нэр дэвшихийг горилж буй гишүүн нь аливаа ажил албанд хариуцлагатай ханддаг, ёс зүйтэй, сахилга баттай, зохион байгуулалттай, багаар ажиллаж чаддаг, эв нэгдэлтэй байх гэсэн чухал зарчмын шаардлагуудыг тавьж байна. Хяналтын ерөнхий хороо нэр дэвших хүсэлтийг авч эхэлсэн бөгөөд намын Удирдах зөвлөлд нэр дэвших хүсэлтүүдийг өгч улмаар МАН-ын Бага хурлын IV хуралдаанд танилцуулна хэмээлээ” гэсэн байна.
Тус намынхан энэхүү нэр дэвшүүлэх журмаа тойроод нэлээд нухацтай ярьжээ. Нухацтай ч гэж, намын даргынх нь энэхүү журамд оруулсан санал нэлээдийг нь цочоосон байна. Бараг л сюрприз маягийн зүйл болсон бололтой. МАН-ын нэр дэвшүүлэх журамд анхаарал татсан хоёр зүйл шинээр орж иржээ. Эхнийх нь жендерийн асуудалтай холбоотой юм байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30.2-т “Нам, эвслээс нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэж заасан. Энэ нь 2024 оны УИХ-ын сонгуулийн нийт нэр дэвшигчдийн 30 хувиас доошгүй нь эмэгтэйчүүд байх тухай л заалт юм. Энэ дагуу МАН-аас нэр дэвшигчдийн 30-аас дээш хувь нь эмэгтэйчүүд байх нь тодорхой.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2023 оны тавдугаар сарын 5-нд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэлэхдээ ‘Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл батлагдсанаар жендерийн тэгш байдлын төлөөлөл, нийгмийн сонирхлын бүлгүүд, багш, эмч, инженер, техникийн ажилтнууд, сэхээтнүүд, малчин, тариаланчид, оюутан залуучууд, ахмад, дунд үеийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрчний эвлэл болон ажилчдын төлөөлөл, нийгмийн цөөнхийн төлөөлөл төрийн бодлого тодорхойлоход оролцох чадамж хоёр дахин нэмэгдэнэ” гэж байсан.
Улмаар хууль батлагдсаны дараа жагсаалтыг хүйсээр ээлжилж бичих талаар ярьж эхэлсэн. Ийм ойлголт намынханд нь ч, олон нийтэд ч суучихсан. Харин саяын Бага хурал дээр тойрогт нэр дэвшигчдийг ч хүйсээр нь ээлжилж жагсаах талаар дуулгасан гэнэ. Тухайн тойргийн 10 нэр дэвшигчийн гурав нь эмэгтэй байлаа гэхэд нэг, эсвэл хоёр дээр нь эмэгтэй нэр дэвшигч бичигдэнэ. Мөн залгуулаад гурав, эсвэл дөрөв дээр нь гэсэн дарааллаар бичигдэх юм байна. Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн намар аймгуудад ажиллаж байхдаа намынхаа жагсаалтад нийгмийн төлөөллийг оруулна гэснээ саяхан Удирдах зөвлөл, Бодлогын зөвлөлөөрөө оруулаад, сая Бага хурлаараа баталгаажуулаад авсан. Үүн дээр нэмэгдээд жагсаалт ч, тойрог ч эрэгтэй эмэгтэй гэж ээлжилж бичигдэх зарчим үйлчлэхээр болж журамлагдаж байх шиг байна. Энэ нь МАН-ын зарим гишүүнд таалагдахгүй л байгаа бололтой. Энэ дээр нэмээд авлига, албан тушаалын асуудалтай гишүүдэд ч хатуурхахаар зарчим журамдаа хийснээ мөн дуулгажээ. Бага хурлаас өмнө МАН-аас нэр дэвших гишүүн нь ийм асуудалд холбогдсон байвал хасагдах уу, шүүхээр шийтгэгдсэн тохиолдолд хасах уу гэдэг эргэлзээтэй асуулт яригдаад байсан. Бага хурлын дараах мэдээллээр авлига албан тушаалын асуудалд холбогдсон МАН-ын гишүүн УИХ-ын энэ сонгуульд нэр дэвшихэд хэцүү болж буй ажээ.
МАН-аас нэр дэвшигчдийг Хяналтын хорооны дүгнэлтээр тодруулахаар болсон нь дээрх асуудалд холбогдсон гишүүдэд халгаатай гэдгийг дам байдлаар ойлгуулсан явдал болжээ. Ийм хоёр зарчим нэр дэвшүүлэх журмаар гарч ирсний эцэст МАН-ын зарим гишүүдийн зүгээс “Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу” гэх асуудлыг ярьж эхэлцгээгээд байна.
Тэрбээр эмэгтэйчүүдийг үнэхээр дэмжээд байх магадлал бас бий. МАН-ын дарга болсноосоо хойш гадны том сургууль төгсөж, мэргэшсэн олон эмэгтэйг улс төрд оруулж ирсэн. Тэдэндээ орон зай гаргах гэсэн оролдлого байж болох юм. Бас олон удаа хэлсэн “Авлига, албан тушаалын асуудалд холбогдсон гишүүдээ нэр дэвшүүлэхгүй" гэх үгэндээ хүрэх гэсэн ч байж болно. Гэхдээ эдгээрийн аль нь ч байсан, аль ч тохиолдолд МАН-ын зарим гишүүний хардаад байгаачлан энэ бүхэн Л.Оюун-Эрдэнийн “үе солих” тактик байх бүрэн боломжтой харагдаад байна.
Ө.БААСТ
Зочин · 2024/03/25
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/03/25
80955878DYRAAR SEXSEER
Зочин · 2024/03/25
SEKSDI80955878