Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ирэх хичээлийн жил буюу 2024 оны есдүгээр сарын 1-нээс сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, зарим хичээлийг хасахаар төлөвлөж буй талаараа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Гэхдээ хэддүгээр ангийн, ямар хичээлийг хасах болж байгааг мэдээлээгүй юм.

Тэгвэл цахим орчин болон зарим хэвлэлээр ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөс Уран зохиол, Дуу хөгжим, Технологи гэсэн гурван хичээлийг хассан гэж мэдээлснийг иргэд олон нийт шүүмжилж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өнөөдөр, "Худлаа мэдээлэл оруулж, боловсролын салбарын бодлогыг харлуулах нь ёс зүйд нийцэхгүй.  Уран зохиол, Дуу хөгжим, Технологи хичээлийг хөтөлбөрөөс хассан гэх эх сурвалж, баримтаа тавь. Байхгүй бол залруулга хийх ёстой шүү" хэмээн мэдээлэл гаргасан сайтад хандан цахим хуудаснаа бичсэн байв.