ТОЙМ МЭДЭЭ
2024/04/13
Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Улс төр: Сонгуулийн ажил эхлэх гээд намуудын доторх асуудал халуухан өрнөж байна. Зарим нөхөд нэр дэвших эсэх нь тодров. Одоогоор, Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ
АН хоёр хуваагдаад байсан нөхцөл байдлаа даван туулж, албан ёсны даргатай болоод нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн 50 хувийг Х.Баттулга даргатай МоАХ фракци авахаар тохиролцсон тухай улс төрийн хүрээнд яригдаад удаж буй. Үүнийг ч Лу.Гантөмөр үгүйсгэхгүй байгаа. Гэвч хачирхалтай нь УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн 50 хувийг авах болсон гэх, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МоАХ-ы Дарга Х.Баттулга нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад албан ёсоор хэлсэн байна.
Мөн МАН-ын П.Анужин УИХ-д нэр дэвшихгүй гэв. УИХ-ын гишүүн П.Анужин УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших хүсэлтээ МАН-ын Удирдах Зөвлөлд өгөөгүй байна. Түүнийг өөр албан тушаал сонирхож, намынхаа удирдлагатай яриа хэлцэл хийж байгаа тухай эх сурвалж өгүүлж буй юм.
Ийнхүү улс төрчид дэвших эсэхээ шийдэж ядан байхад С.Зориг агсны хөшөөг нүүлгэе гэх асуудал тархаж иргэдийг ч бухимдуулаад авав. Уг асуудалд чих тавьбал, Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ
Нийгэм: Дүнжингаравын урд автомашины зам дээр газын машин дэлбэрч эрдэнэт хүмүүсийн амийг авч одсон. Олныг цочирдуулсан энэ хэргийн дараа ч ОНЦГОЙ байдлын алба хаагчдад эрүүл явах эрхийг нь бүрэн хангаж ажиллахгүй байгааг хэдхэн хоногийн өмнө гарсан галын үеэр тод харуулав. Таван сайхан үрээ, ханиа орхиод галын голомт руу орж ажилласан нэгэн аав эргэж ирсэнгүйд нийгэм даяараа гашуудаж тус албаны удирдлагууд болон С.Амарсайхан нараас хариуцлага нэхэж байна. SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч "эргэж ирээгүй амийг" хэнээр төлүүлэх вэ?!
Эдийн засаг: Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!
Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг дагаж амьдардаг улс төр, бизнесийнхний хүрээнийхнийг "амь" оруулаад байна. Учир нь тус хуульд стратегийн ордуудын 34 хувийг “Эрдэнэс Монгол”-д авах, тодорхой хувийг нийтийн эзэмшилд шилжүүлэх, өв залгамжилсан хувьцаанд өндөр татвар ногдуулах зэргийг тусгажээ.
Үүнээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн хуулийг өргөн барихтайгаа зэрэгцүүлээд уул уурхайн томоохон компаниуд, тэр дундаа стратегийн ордуудыг эзэмшдэг томоохон компаниудын асар их татвараас “бултсан” байж болзошгүй асуудалд шалгалт оруулжээ. Тэрээр энэ талаар УИХ дээр “… Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээн хуульчилсан боловч стратегийн нөөцөд бүртгүүлэхгүйн тулд нөөцийн суурь мэдээллийг нь өөрчилж, АМНАТ, татвараас нуугдсан их хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг бүрдүүлэн оршиж байна” хэмээн мэдэгдэж байсан юм. Уул уурхайн том компаниудын татвараас “бултахад" Татварынхан ч холбогдож буй бололтой хэмээн ЗУУНЫ МЭДЭЭ сонинд нийтлэгджээ.
Спорт: Т.Тулга Ази тивийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Тулга Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Азийн наадмын аварга тэрбээр Ираны алдарт бөх, дэлхийн иж бүрэн медальт Рахман Амоузад Халитай барилдаж 2:1-ээр ялагдаж Ази тивийн хошой мөнгөн медальтан болов.
Зочин · 2024/04/13
SEKSEER XNGAAD809550877