Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна
2024/04/15
Улс төрийн ямар нэгэн акц, тэр дундаа сонгууль дөхөхөөр манай эрх баригчид цус яриад эхлэх юм. Тэр эрлийз, энэ хужаа, тэр орос гээд л. Орчин үед дэлхий нийтэд цэвэр үндэстэн гэж байхгүй. Бүгд л цус холилдсон. Амазон мөрний битүү шугуйд хоригдсон отог омгууд л холилдоогүй байж магадгүй. Тиймээс цус мус ярих нь нэн хоцрогдсон үзэл болоод удаж байна.
Тэгээд ч дэлхийд эрлийз хурлийз байхыг энгийн үзэгдэл гэж хүлээж авдаг. Наад захын жишээ. Дэлхийн улс орнуудын хөгжлийн загвар, хамгийн анхны аж үйлдвэржсэн улс болох Их Британийн Ерөнхий сайдаар Риши Сунак гэх энэтхэг гаралтай наян оны залуу ажиллаж байна. Нэрнээсээ ч, бүр харах царайны ч тэр бол Ази нөхөр. Үүгээр ч зогсоогүй тэр цагаач. Африк тивийн Кени, Танзанид төрсөн. Аав ээж нь 1960-аад оны үед Их Британид цагаачилж очсон юм билээ л дээ. Гэтэл хөгжлөөрөө дэлхийд толгой цохиж яваа улсын иргэд түүнийг төрийн өндөр дээд албан тушаалд томилчихоод сууж байна.
Эдийн засаг, соёлоороо манайхаас тасарчихсан Их Британитай “барьцахаа” больё. Манайхаас хөгжлөөрөө ч, эдийн засгаараа ч гавихгүй Перу улс л гэхэд Ерөнхийлөгчөөрөө япон гаралтай нөхрийг сонгож байлаа. Энэ бол арваад жилийн өмнөх явдал юм шүү. Альберто Фүжимори гэх япон гаралтай тэр нөхөр Перу дахь терроризмын уг үндэстэй амжилттай тэмцэж, макро эдийн засгийг тогтворжуулсан байдаг.
Ийн дэлхий нийт хөгжлийн төлөө ирээдүй рүү алхаж байхад бид өнгөрсөн рүү алхаж байна. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга нарын “цус”-ны хэрүүл бол улс төрд буруу жишиг, улс орны хувьд шившгийн зүйл. Нэгэн цагт Монголын Ерөнхийлөгч байсан хүн өнөөгийн Монгол төрийн нэг сайдыг Хятадын эрлийз гэж цоллоод л өөрийн эзэмшлийн телевизээрээ, сошиал багаараа сэвүүлээд л сенсацилж суугаа нь гадаад орчинд яаж харагдах бол.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ч гэсэн “Би хужаагийн эрлийз биш гэж цусаа шинжлүүлье” гэж эмзэглэж гүйгээд л. Тэгэхдээ бүр “Хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгч хятад гентэй эсэхээ шалгуулъя. Хэрвээ надаас хятад ген 0.1 хувь л илэрвэл би улс төрөөс үүрд зайлъя. Харин чамаас хятад ген 0.1 хувь илэрвэл чи хөх туг муг гэж худлаа донгосохоо болиод улс төрөөс бүрмөсөн зайлж үз” гэж мэдэгдэл
хүртэл гаргаад. Өнөөхийг нь нийгмээрээ шүүрч авч улам хөгжөөгөөд л. Үүнд нь Ардын намынхан орчихсон нийгмийн сүлжээгээр сэвээд сагсалзаад гүйх. Зарим нь ч нэгнээ ертөнцийн мухарт ортол муу хэлээд сууж байх юм.
Ичмээр ч юм. Эрлийз нь дотроо бас ялгаатай юм. Хятад цустай бол хүний сүг, хамгийн адаг нь. Харин Орос цустай бол бахархал болох ч юм шиг байгаа юм. Манжийн дарлалд 300 жил байсан монголчуудад хятад сайхан санагдахгүй байх. Гэхдээ Оросын зааварчилгаагаар сортоотой бүх сэхээтнээ хуйгаар нь хядсан нь ч бас үнэн. Бид түүхээ мартаж болохгүй. Гэхдээ бас цус яриад солиороод өнгөрсөн рүү алхмааргүй байна.
Дэлхийн 200 гаруй орноос хөгжлөөрөө Монголын хэмжээнд буюу Монголоос доогуур байгаа 80 гаруй
орны нийлсэн жилийн төсвөөс давсан орлоготой Марк Цукерберг яагаад хятад бүсгүйг гэргийгээ болгож амьдралын түшиг болгов. Яагаад дэлхийн том компаниуд, том төслүүд гадаадын экспертүүдийг
авч зөвлөгөө авдаг юм бэ. Бод доо, цус бол хөгжил биш. Аль дундад зууны үед хоцрогдчихсон сэдэв.
Тиймээс Монголын улс төрийн намууд цусаараа өрсөлдөх биш бодлогоороо өрсөлдмөөр байна. Улс төрийн нам гэдэг бодлогын институц шүү дээ.Улс орны хөгжил, хувь заяа хаашаа эргэх нь улс төрийн намаас ихээхэн хамааралтай. Тэр дундаа парламентын засаглалтай улс орон. Бид улс төрийн намаар дамжуулж төрөө байгуулж байгаа. Дэлхийн улс орнуудын төр бодлого ярьж байхад бид цус яриад, шинжлээд хаа хүртэл явах вэ
Монголын эдийн засаг Хятадаас хамааралтай. Экспортынхоо 91 хувийг Хятад руу гаргаж буй Монголын Эдийн засаг, хөгжлийн сайд нь “Пүү паа, Хятад муухай” гэж орилж орилчихоод ямар нүүрээрээ тэнд очиж гэрээ хэлцэл, эдийн засаг ярих вэ. Ямар нүүрээрээ хөрөнгө оруулалт татах юм бэ. Өөрсдийг нь дэлхийн адаг гэж боддог хүн очиход хятадууд дуртай хүлээж авах уу. Хоёр улсын худалдаа наймаа бүтэлтэй болох уу. Монголд элэгтэй хандах уу .
Монголд улстөржиж яваа хүмүүс улс эх орондоо, иргэддээ сайнаар үлгэр жишээ болж баймаар байна. Та нар бол нийгмийн өнгөн талд гарч, нэр нүүр нь болж яваа улс. Хийсэн үйлдэл, хэлсэн үгийг чинь Монгол гэж харна.
Тиймээс “Монгол цус гэж цээжээ дэлдэж болдоггүй юм. Дэлхий нийт ингэж өөрчлөгдчихөөд байна” гэж олоон жилийн өмнөөс л бидний бичиж ирсэн энэ сэдвийг улстөрчид нийгэмд ойлгуулмаар байна. Удахгүй сонгууль болно. Улс даяар л цус ярьж шуугьцгаадаг. Тиймээс зурагдсан пянз шиг энэ сэдвийг одоо хаямаар байна. Бодлого биш, цус ярьж хошуурах нь юунд ашигтай юм бэ. Хэтэрхий хоцрогдсон, ийм муйхар сэдвийг гаргаж ирээд л ядарсан хэдэн ард түмнээ уриалан дуудаж оруулж ирээд улам уруу татаад байх юм. Одоо больё.
Одоо ард түмнээ соён гэгээрүүлж, улс эх орноо өөд нь тат. Тийм сэтгэл гаргадаг бол. Бодлого ярь. Хөгж. Бүхэл бүтэн нам, нэртэй улстөрчид ийм юм ярих ичгэвтэр биш үү. Өөрийгөө хэтэрхий доош нь хийж байгаа үйлдэл биш үү.
Зочин · 2024/04/16
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/04/15
XALYYTSMR80955877
Зочин · 2024/04/15
SEKSEER XN80955877