УИХ-ын сонгууль болоход сарын хугацаа үлдээд байна. Шинэ хуулийн дагуу анх удаа бүсчилсэн 13 том тойргоос 126 гишүүнийг сонгоно. Сонгуульд 23 нам, хоёр эвсэл өрсөлдөх болзлоо хангаж СЕХ зөвшөөрсөн.

Өнөө жилийн сонгуулийг харахад ихээхэн дуулиантай болж мэдэхээр байна. Их хурлын танхимаа хоослон байж тойрогтоо тайлангаа тавьж байна нэрээр царайгаа харуулаад дахиж дэвших гэж буйгаа дурдаад амжиж буй.

Хэдэн ч нэр дэвшигчтэй болох юм, бүү мэд. Тэр ч дэвшинэ, энэ ч намынхаа жагсаалтаар тэргүүлж гарч ирнэ гэсэн шуум хэвлэлийн хуудаснаа хөврөх боллоо. За тэгээд жаран чавганц уралдаж нэг нь түрүүлдэг жамаар тэдний хэн нэг нь Их хуралд сонсогчдыг төлөөлж гарах нь тодорхой. Гэхдээ тэд бидний өмнөөс шийдлийг гүйцэтгэж чадах уу гэдэгт л учир байна. Ээ дээ хэрсүү л байхгүй бол тэд өөрсдийнхөө бэл бэнчингээ гайхуулсан өдрүүд үргэлжилсээр. Тодруулбал, Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлан тавих нэрээр Нийслэл хотоос аймгууд руу нисдэг тэрэг хөлөглөж түмний нүд, чихийг сортолзуулаад байна. Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан,  УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нар гурав хоногийн өмнө Өмнөговь аймагт нисдэг тэргээр газарджээ.  Тэдний хөлөглөж яваа нисдэг тэрэг нь Airbus Helicopter H130 гэдэг загвар бөгөөд 3.3 сая ам доллар буюу 11.550.000.000 /Арван нэгэн тэрбум таван зуун тавин сая/ төгрөгийн үнэтэй аж.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Ховд аймгийн Чандмань суманд 35 жилийн дараа агаарын хөлөг газардуулж хүүхэд хөгшидийн нүдийг хужирласан юм. Түүнээс Ховд.мн сайтын сэтгүүлч Та ингэж хөдөөгийн суманд онгоц хөлөглөж ирж байгаа нь гайхуулах асуудал мөн үү хэмээн асуухад тэрбээр "Өөрийн хөрөнгө мөнгөөрөө явж байна" гэсэн тайлбарыг өгсөн гэдэг.

Өнөөдөр ард иргэдийн амьжиргааны түвшин ямар байгаа билээ.Гэтэл УИХ-д горилогч гэгдэх Ц.Цэрэнпунцаг нь хөдөөгийн сумдаар онгоц хөлөглөн ирж ажлын тайлангаа тавьж, сэтгүүлээ тарааж байгаа нь энэ цаг үетэй нийцэх үү? Ингэж ч ардынхаа амьдралтай танилцаж, өвлийн зуднаар малаа алдаж, хотоо харлуулсан малчдын нүүрийг хардаггүй юм аа, гишүүд ээ!!! 

Уг нь хүний амь нас аврах гэхээр нисдэг тэрэгний зардлыг дийлдэггүй иргэдтэй. Ийм атлаа сонгуулийн шоугаа өнөөх өндөр өртөг бүхий нисдэг тэргээр хийж явна гэхээр бас л биднийг дорд үзэж, хөрөнгөө гайхуулаад буй бололтой. Угтаа төрд "толгойтой" эрдэмтэй аливааг шинжлэх ухаанчаар харж, шийддэг нөхөд гарвал ард түмний аж амьдрал дээрдэх учиртай. Гэтэл эсрэгээрээ мөнгөндөө аархагсад улс төрөөс хол явмаар байдаг. Гэтэл ичихээ умартсан тэд дээш залрахыг илүүд үзэж эрдэм мэдлэгтэй нь бэнчингүй тул өөд мазах сонирхолгүй.