Боловсролын яамнаас хүүхэд алдаанаасаа айх бус засаж залруулан суралцах боломжийг бий болгох үүднээс энэ хичээлийн жилээс эхлэн бага ангийн сурагчдын бичгийн хэрэгсэлд харандаа ашиглахыг багш, эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөжээ. 

Харандаа ашигласнаар хүүхэд буруу бичсэнээ баллуурдан, хялбархан засаж, бие даан суралцаж, хөгжих боломжтой.

Зургаан настай сурагчдын гарын сарвууны хөгжлийн онцлог, олон улсын туршлага, ач холбогдлыг харгалзан үзвэл харандаа нь бичихэд хамгийн тохиромжтой хэрэгсэл юм.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Бага сургуулийн хүүхдүүдийг нэгдүгээр ангиас нь эхлээд шууд үзгэн балаар бичүүлдэг. Буруу бичихэд нь алдсан үгэн доогуур нь зуруулаад дахин хуулуулдаг. Энэ бол хүүхдийг шийтгэж байгаа нэг хэлбэр. Алдаа хийх эрхийг нь тэр хүүхдэд олгох ёстой. Хүүхэд алдаанаасаа айдаг биш засдаг, асуудлыг өөрийнхөөрөө шийдвэрлэх боломжуудыг бүрдүүлэхийн төлөө бид ажиллана" хэмээн онцлов.

Эх сурвалж:www.polit.mn