Багш нарын амралтын хоногтой холбоотой мэдээллийг Боловсролын сайд П.Наранбаяраас сэтгүүлчид тодруулав. 



Энэ талаар тэрбээр "2025 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт багш нарт тав хоногийн амралт өгөх юм. Ингэснээр тухайн тав хоногт сургууль дээр ямар нэгэн ажил зохион байгуулахыг хориглож буй. 

Тэгэхээр багш нар тав хоног цалингаа аваад амарна гэсэн үг. Энэ хооронд түгжрэлийг ч тооцсон.

Үлдсэн 43 хоногийг зургаадугаар сард амралт эхэлмэгц өгч байна. Ингэхгүй бол наймдугаар сарын 30-н дөхүүлж хичээл орсноор хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах ямар ч боломжгүйгээр багш нар ажилдаа ороод байгаа.

Тиймээс есдүгээр сарын эхний хоёр долоо хоног үндсэндээ хичээлийн жигдрэлт байхгүйгээр хүүхэд хохирч байна. Ийм учраас багш нарын амралтыг "5+43" гэх байдлаар зохион байгуулж байгаа.

Хууль болон багшийн эрхийг зөрчсөн асуудал байхгүй. Эсрэгээрээ багш нарт таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа болов уу. Хэт урт 48 хоног амрахаар дээр дурдсан асуудал үүсдэг" гэж хариуллаа.