Хан-Уул дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд хий тээвэрлэж явсан машин дэлбэрч “Edu apart” хотхоны 207 дугаар байр галд өртсөн.

Үүнээс үүдэж 63 айлын 220 гаруй оршин суугч амьдрах гэр оронгүй болсон билээ. Осол болсноос хойш долоон сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Өнөөдөр оршин суугчид болон галд өртсөн орон сууцыг хэрхэх болсон талаар 207 дугаар байрны оршин суугчдын төлөөлөгчдийн зөвлөлийн тэргүүн М.Төрбаяртай ярилцлаа.


-Өнгөрсөн тавдугаар сард тантай ярилцахад галд өртсөн 207 дугаар байрыг хүчитгэж засварлахаар Хотын захиргаа шийдсэн болохыг дуулгаж байсан. Энэ ажил хэр урагштай байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Хосбаяр тухайн үед оршин суугчдыг байлцуулаад нөхцөл байдлыг сонсоод 207 дугаар байрыг засварлах нь зүйтэй юм байна. Засварлах компанийг сонгон шалгаруулах тендер зарлая гэж шийдсэн болохыг ярьж байсан. Бараг баяр наадмын өмнө засаад оршин суугчдыг байранд нь оруулчихна гэж Хосбаяр дарга мэдэгдэж, бид ч баярлаж байлаа. Гэвч баяр наадмын сар таараад тэгсэн үү, тендерт ямар ч компани санал ирүүлээгүй гэсэн. Тиймээс байрыг хүчитгэж засварлах ажлыг больсон. Барилгыг буулгаад шинээр барих болсон талаар оршин суугчид бидэнд Хотын захиргаанаас мэдээлсэн.

-Тэгээд хэзээ буулгаж, барилгын ажил эхлэх юм бол оо?

-Бас л тодорхойгүй байна. Өмнө нь бидэнтэй холбогдож мэдээлэл өгч байсан дарга нь албан тушаалаа өгчихсөн, өөр хүн ирсэн юм билээ. Ямартаа ч бас тендер зарлаад нураах компани сонгох бололтой. Одоогоор барилгын ажил эхэлсэн зүйл алга.

-Оршин суугчид ямар байдалтай байна вэ. Энэ есдүгээр сард түр байрных нь түрээсийн хугацаа дуусна гэж байв уу?

-Оршин суугчдын хувьд хүнд нөхцөл байдалтай байна. Яг хичээл сургуулийн үе эхэлж байна. Түрээсийн байрны хугацаа дуусч байна. Энэ байдлаараа түрээсийн байр, өөрийн байр ч үгүй болчих вий гэсэн айдастай айлууд олон байна. Үүнийгээ ч хэлж байгаа. Сургууль цэцэрлэг орох гэж байдаг. Хохирсон иргэдийг цаашид хэрхэх талаар Хотын захиргаа ямар нэгэн мэдээлэл өгөөгүй л байна. Бидэнд ч бас хэцүү байх юм. Татвар төлөгчдийн мөнгөөр түрээс төлүүлээд амьдраад байх. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л болж байна. Ядаж манай барилгын улирал ямар хугацаатай билээ. Намар болж байхад барилгыг нурааж эхлээ ч үгүй байна. Хэзээ нурааж, хэзээ барилгын суурь тавих нь эргэлзээтэй. Арга ядаад оршин суугчид даавуун дээр эсэргүүцлийн үг бичээд шатсан барилга дээр татчихсан байх вэ дээ. Бид чинь гэрээсээ өмссөн хувцастайгаа л гарсан шүү дээ. Ихэнх айл хамаг байдгаа алдсан.

-Шатсан байр цагдаагийн хамгаалалтад байсан. Одоо ямар ч эзэнгүй байгаа юу?

-Тийм ээ. Эхлээд цагдаагийн хамгаалалтад байсан. Сүүлдээ цагдаа нар яваад өгсөн. Одоо бол байр маань тэнүүлчдийн орогнодог газар л болж гүйцлээ. Уг нь гал ороогүй хэсэгт айлууд эд тавилгаа авч чадаагүй шүү дээ. Авах ч боломжгүй. Тог цахилгаан байхгүй учир өндөр давхраас эд зүйлсээ буулгаж авч чадахгүй байгаа. Дээр нь ямар ч хамгаалалтгүй болчихоор янз бүрийн хүмүүс цонх хаалгыг нь эвдэж ороод хулгайлж тоноод, зарим нь хоног төөрүүлдэг газар болгож байна. Маш харамсалтай. Арга ядаад оршин суугчид ээлжлээд байраа манаж хонож байгаа.