С.Гэрэлмаа: Инфлүүнсэр нэртэй мэргэжлийн бус хүмүүс зөвлөгөө өгөх нь нийгмийн эрүүл мэндэд маш хортой
2024/08/22
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаатай ярилцлаа.
-Сошиал орчинд мэргэжлийн бус хүмүүс ямар ч хамаагүй чиглэлээр хүмүүст зөвлөгөө өгдөг, бараа сурталчилдаг болоод удлаа. Ялангуяа эмч эсэх нь тодорхойгүй хүмүүс өвчний талаар иргэдэд зөвлөдөг явдал хавтгайрч байна. Иргэд ч маш ихээр хандах юм. Та бүхэн энэ нөхцөл байдал дээр тандалт хийдэг үү. Ямар байр суурьтай байдаг вэ?
-Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологи эрчтэй хөгжиж, монголчууд сошиал сүлжээ ашиглах байдал маш өндөр хувьтай байгаа. Нэг талаасаа ард иргэдэд мэдээ мэдээлэл түргэн хүрч байгаа боловч үүнийг дагаад сөрөг үзэгдлүүд их байна. Жишээлбэл, эрүүл мэндийн талаарх нотлогдоогүй зөвлөгөө мэдээлэл, нэг талыг барьж туйлширсан мэдээллүүд жил ирэх тусам нэмэгдэж байна. Сүүлийн жишээ хэлье л дээ. Улаанбурхан өвчний эсрэг вакцин товлолын дархлаажуулалтад орчихсон, Дархлаажуулалтын хуулиар зохицуулагддаг. 1973 оноос хойш дэлхий нийтээрээ хүүхдэд есөн сартайд, хоёр настайд хийгддэг товлолт вакцин. Энэ сарын эхээр манай улсад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор вакцин хийж эхэлсэн.
Тодруулж хэлэхэд, улаанбурхан өвчний халдварлах чадвар 98 хувь гэж үздэг. Тиймээс зөвхөн вакцинаар сэргийлэх боломжтой гэж дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн.
Энэ үүднээс манайд улаанбурханы дэгдэлт гарч, вакцин хийх болсон талаар эрүүл мэндийн байгууллагаас хэвлэлийн бага хурал хийсэн шүү дээ. Үүний дараа цахим тандалт хийхэд 10 сэтгэгдлийн ес нь сөрөг байх жишээтэй. “Хугацаа нь дууссан вакцинаа шахах гэлээ”, “Вакцин шаардлагагүй” гэх мэтээр дийлэнх нь сөрөг байв. Вакцин гэдэг өнөөдөр судлагдаад маргааш хийгдэх гэж байгаа зүйл биш юм. Улаанбурханы вакцин гэхэд 1973 оноос хойш 50 гаруй жилийн түүхтэй. Яагаад ард иргэдэд вакцин муу гэх ойлголт их байна вэ гэхээр “анти вакцин групп” (вакцины талаарх буруу ташаа мэдээлэл хүргэдэг хүмүүсийг анагаах ухаанд ингэж нэрлэдэг)-ийнхэн маш их нөлөөлдөг. Ялангуяа “Ковид 19” цар тахлын үеэр хамгийн их мэдрэгдсэн шүү дээ.
-Тэгэхээр вакцин болон халдварт өвчний талаар ойлголтгүй, шинжлэх ухааны нарийн мэдлэггүй хүмүүс ч энэ тухай шүүмжилдэг, эсэргүүцдэг гэж харагдаж байна шүү дээ. Ер нь ийм байдал нийгэмд, нийт иргэдийн эрүүл мэндэд ямар үр дагаврыг үүсгэж болох вэ?
-Нэг талаасаа энэ байдал ард иргэдэд эрүүл мэндийн боловсролын дархлаа тогтоогүйтэй холбоотой. Хүмүүс инфлүүнсэр гэх шинжлэх ухааны нотлогдсон зүйлсийг уншихгүйгээр, зөвхөн лайваар ярьдаг хүмүүсийг сонсоод тэр ч тийм, энэ ч ийм гэж амнаас ам дамжсан ярианд итгэдэг. Энэ нь маш их сөрөг нөлөөллийг бий болгодог. Учир нь манайд инфлүүнсэрүүдэд тооцох хариуцлагын тогтолцоо байхгүй учраас дураараа ярьдаг. Судлаад үзэхээр Зөрчлийн тухай хуульд буруу, ташаа мэдээлэл түгээвэл тэдэн нэгжээр торгоно гэсэн заалт л байдаг юм байна. Харин олон улсад инфлүүнсэр хүмүүс ард иргэдэд худал, хуурмаг мэдээлэл түгээсэн тохиолдолд их хэмжээний торгууль ноогдуулдаг. Жишээлбэл, АНУ-д Хүнсний болон эмийн захиргаа, Холбооны худалдааны комисс гэж байдаг. Энэ нь инфлүүнсэрүүдээ хянадаг байгууллага. Эрүүл мэндийн буруу бүтээгдэхүүн сурталчилсан тохиолдолд 5000-500000 ам.долларын торгуулийг ногдуулдаг юм байна. Гэтэл манай улсад хүнийг буруу эмчилсэн тохиолдолд хуулийн хариуцлага тооцохоос биш буруу мэдээлэл түгээснээс үүдэж эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд гэж бараг байдаггүй. Үүний үр дүнд олонд танигдсан хүн бүр дураараа ярьж эм, эмийн бүтээгдэхүүн сурталчилдаг болчихоод байна. Нэг ёсондоо ард иргэдийн юу ч хийхгүйгээр турах, баяжих хүсэл хэрэгцээ шаардлагат нь тулгуурлаад тухайн байгууллага инфлүүнсэрээр дамжуулаад реклам хийлгэдэг. Гэтэл Австрали, Европын холбооны улсуудад зар сурталчилгааны хязгаарлалт гэж байдаг. Буруу ташаа мэдээлэл олон нийтэд өгвөл олсон орлогыг нь хэд дахин нугалж торгодог, бүтээгдэхүүн худалдаалахыг нь хориглодог гэх мэтээр хариуцлага өндөртэй.
-Шал өөр мэргэжилтэй, түүгээрээ олонд танигдсан хүмүүс эрүүл мэндийн зөвлөгөө өгөх нь их юм. Бас эмч хүн бүх төрлийн өвчнөөр зөвлөгөө өгдөг болсон байна?
-Инфлүүнсэрүүд мэргэжлийн эмч хүмүүс биш шүү дээ. Хүний бие махбодыг судлаагүй хэрнээ дураараа ярьдаг болжээ. Эмийн сөрөг үр дагавар, гаж нөлөө гэж бий. Яагаад гэвэл тэр хүмүүс ашгийн төлөө байдаг. Харин эрүүл мэндийн салбарын эмч нар ашгийн бус учраас энэ эмийг уухдаа ингэж уугаарай, ууж байх хугацаандаа архи согтууруулах ундаа хэрэглэж болохгүй, жолоо барьж болохгүй, гаж нөлөөлөлтэй, хэдэн цагт уух ёстой гэх мэт зүйлсийг тайлбарлаж өгдөг. Харин инфлүүнсэрүүдэд тэр талын мэдлэг байхгүй учраас тайлбарлахгүй орхидог. Энэ нь иргэдэд амар, цаг алдаж олон зүйл сонсохгүй гэдэг хандлагатай болсон.
Тандалт хийж үзлээ л дээ. Сошиалд эрүүл мэндийн чиглэлээр зөвлөгөө өгч байгаа идэвхтэй 10 хүний гурав нь л эмч байна. Тодруулбал, дотрын нэг, уламжлалтын нэг, нөгөө нь нарийн мэргэжил эзэмшээгүй эмч байх жишээтэй. Эдгээрээс бусад нь сайн дурын, өөр мэргэжилтэй, олон нийтэд янз бүрийн аргаар танигдсан хүмүүс байна.
Эдгээр хүмүүс ашгийн төлөө л бусдад зөвлөгөө өгч, бүтээгдэхүүн сурталчилдаг. Нөгөө талд хүмүүс маш хурдан хугацаанд үр дүн гаргаж асуудлыг шийдэх гээд байдаг. Нэг онцлог нь эмч нар урд өмнөх түүхийг ярьдаггүй. Харин инфлүүнсэрүүд бол “Би энэ өвчнийг ингэж давлаа. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд ингэж турлаа” гэж яриад хүмүүсийг “Би чадна” гэдэг марафонд гүйлгэчихдэг. Сошиалд ярьж буй хүмүүс хэтэрхий нийтлэг зүйл ярихаар яг өөрт нь таарч, тохирч байгаа юм шиг ойлголтыг өгч, надад тийм шинж байгаа мэтээр хамаатуулаад ярьчихдаг. Яг үнэндээ мэргэжлийн эмч нар инфлүүнсэрүүд шиг олон цагийг хүмүүст зарцуулах боломжгүй, ярих чадвар ч муу байх нь бий. Харин инфлүүнсэрүүд ярих чадвар өндөр, нүүр хагарчихсан хүмүүс. Түүнд нь хүмүүс итгээд “Мэдлэгтэй юм байна” гэж хүлээж авдаг. Уг нь тийм хүмүүсээс эрүүл мэндийн тухай мэдээлэл авчихаад тэр хүнийг даган дуурайж асуудлыг шийдэх бус мэргэжлийн эмчид хандах ёстой.
-Олон улсад олны танил хүмүүс өндөр хариуцлагатай байдаг. Ялангуяа эрүүл мэндийн чиглэлд энэ асуудлыг хатуу баримталдаг гэв үү?
-ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан гэх мэт үндэсний хэмжээний байгууллагууд эрүүл мэндийн элч төлөөлөгчийг сонгодог. Жишээ нь, хөлбөмбөгчин Дэвид Бекхэм, дуучин Адель гэх зэрэг хүмүүс нийгмийн хариуцлагын хүрээнд өөрөөсөө мөнгө гаргаж нийгмийн эрүүл мэндийн төлөө нүүр царай болж ажилладаг. Манай байгууллагын хувьд эхийн сүү, вакцины тухай сурталчилгаа хийлгэхээр олны танил хэд, хэдэн хүнтэй холбогдож байсан. Ихэнх нь хэдэн төгрөгөөр гэрээ хийх вэ, надад ямар ашигтай вэ гэж асууж байсан. Зарим нь “Би вакцин ярихгүй. Миний ярих сэдэв биш” гэж татгалзаж байсан удаатай. Харин гурван хүн л төлбөр мөнгөгүйгээр нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллаж өгсөн. Тэд бол Rokit Bay, Big Gee, мисс Бадамцэцэг нар. Монгол Улсад НҮБ-ын элчээр дуучин Ариунаа, Хаан банкны гүйцэтгэх захирал Мөнхтуяа нар сонгогдсон байдаг.
Тэгэхээр том зургаар харвал инфлүүнсэр хүмүүс зорилготой байдаг. Бусад улсын хувьд олон нийтэд танигдсаныхаа дараа НҮБ-ын элч болж байна. Манай улсын хувьд бизнесийн байгууллагуудаар түншлэгдээд инфлүүнсэр болдог. Үүнийг бид зохицуулах шаардлагатай. Хэн дуртай нь яриад, олон жил анагаах ухаанаар сурсан хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа нь шударга бус шүү дээ. Жишээ нь, бүх төрлийн тамхи хортой гээд эрүүл мэндийн салбар мэдээлж байхад сошиалд электрон тамхи хор нөлөөгүй гэж ярьж байх жишээтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага никотин агуулсан л бол хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг. Сайн, муу тамхи гэж байхгүй, тамхи л бол тамхи.
-Эрүүл мэндийн боловсролын дархлаа сул байгаа энэ үед яах ёстой вэ?
-Бид нар эрүүл мэндийн боловсролын дархлаатай болох ёстой. Эрүүл мэндийн боловсрол, шинжлэх ухаанд итгэдэг хүн бол хүнийг даган дуурайдаггүй. Хэн нэгнийг даган дуурааж, уруу татагдаж сайн гэх болгоныг дагадаггүй. Тиймээс эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлье гэвэл хүүхдийг багаас нь мэдлэгтэй болгох ёстой. Энэ л хамгийн сайн арга. Эрүүл мэндийн боловсролгүй хүмүүст эмч эмийн талаар зөвлөхдөө “Та энэ эмийг 11:00 цагт уугаарай” гэхэд мартчихаад маргааш нь давхарлаад уучихдаг. Ингэснээр тухайн эмийн гаж нөлөө илэрч таарна. Тэгэнгүүт “Надад энэ эм таарахгүй байна” гээд больчихно. Ингээд л өвчнөө бүрэн эдгээхгүй.
Өнөөдрийн эрүүл мэндийн боловсролын сөрөг үр дагавар маргааш гарахгүй ч том утгаараа тухайн улс орныг сүйрүүлж, үндэсний аюулгүй байдалд нь нөлөөлж байдаг. Бид энэ асуудлыг хууль, эрх зүй дээрээ тусгах ёстой. Хэн дуртай нь инфлүүнсэр болох биш, бусад улс орон шиг шалгуурыг бий болгох ёстой.
Зочин · 2024/08/22
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/08/22
TANILTSX80955877 44DSH XALYYTSSN ERD
Зочин · 2024/08/22
SEXSYGR80955877