Сүүн шүдийг дур мэдэн авхуулах нь хэл ярианы хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг
2024/08/28
Амны хөндий бол чийглэг, далд орчин. Эрүүл хүний амны хөндийд дунджаар 5-6 тэрбум сайн, муу ашигтай бактери байдаг гэдэг. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаарч дараах тоо харилцан адилгүй. Муу нян бактерууд өссөний улмаас шүд өвчилдөг. Шүд цоорох өвчин нь шүдний хатуу байдал зөөлөрч шүдэнд хөндий үүсэх эмгэг процесс юм. Шүдний гаднах үзэмж өөрчлөгдөх буюу хар толбо үүсэх, шарласан, өнгөр тогтсон, цоорхой үүссэн гэх мэт шүд өвчилснийг илтгэх олон төрлийн шинж тэмдэг илэрдэг. Зарим тохиолдолд гаднаа эрүүл мэт боловч дотогшоо цоорол үүссэн байдаг. Амны хөндийд шүднээс гадна хэл, буйл, тагнай тулгуур эд бий. Энэ бүх эрхтнүүдийн хооронд зай завсар их. Зай завсарт хэтэрхий их нян бактери үржсэнээс болж тулгуур эдийн үрэвсэл цаашлаад ясны шимэгдэл гэх мэт эмгэг үүсэх эрсдэлтэй. Гүн цооролттой, үрэвсэлтэй шүдээ шууд авахуулаад тэр нь үрэвсээд идээ нэвчих, мөн авахуулах заалттай бүрэн гараагүй агт араагаа авахуулаагүйгээс буйл үрэвсэж идээт үрэвсэл үүсэх тохиолдлууд багагүй байдаг. Шүдэнд наалдсан бичил нян бактериуд үржин өнгөр тогтоно. Үүнийг бид шүдний сойз ашиглан механикаар үрж, угааж, арилгадаг. Өдөр бүр шүдээ угаавал бактери тогтох боломжгүй. Харин шүдээ дутуу угааснаас болж өнгөр тогтож, чулуужиж, цоорол үүснэ. Хүмүүс мэргэжлийн эмчид хандаагүйгээс өвчин нь даамжирдаг. Мөн дураараа өвчин намдаах эм, антибиотик уудаг. Энэ нь өвчнийг түр зуур намдаадаг боловч өвчлөл нь улам хүндэрдэг. Мөн гэрийн нөхцөлд халуун, хүйтэн жин тавих нь үрэвслийг хурдасгаж, хүндрүүлдэг. Янз бүрийн тос, шүдний оо түрхэх нь мөн л өвчнийг даамжруулдаг.
Зөв угаавал өвчлөлөөс сэргийлэх нь
Шүдний сойз бүр харилцан адилгүй. Өөрт тохирсон сойзоор шүдээ угаах нь чухал. Сойзоо сонгохдоо үүдний хоёр шүдтэй урт богино нь тэнцүү байхаар сонгох нь зөв. Дунджаар 2.5-3 см орчим урттай хэт хатуу биш, хэт зөөлөн биш дундаж үстэй сойзыг сонгох хэрэгтэй. Харин том сойз сонговол араануудыг бүрэн угааж болдоггүй. Үүнээс болж араа хэсгийн шүд түрүүлж цоордог. Фтор агуулсан оо ашиглах нь шүд цоорохоос сэргийлж, сайн цэвэрлэдэг. Оо их түрхэж угааснаар шүдийг хамгаалдаггүй. Гагцхүү зөв угаах чухал. Үүнээс гадна оо, сойзоор угаах нь амны хөндийг бүрэн цэвэрлэдэггүй. Шүдний утас, ам зайлагч хэрэглэх шаардлагатай байдаг. Жилдээ хоёр удаа мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.
Хүүхдийн шүдний өвчлөл олон талын шалтгаантай
Монгол Улсын 5-6 насны хүүхдийн 87.3-96.2 хувь, 12-оос дээш насны 65.3-аас дээш хувь нь шүдний цооролттой гэсэн судалгааг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ. Хүүхдийн шүдний өвчлөл нь чихэр, ундаа, шоколаднаас шалтгаалдаг гэдэг. Нөгөө талаас ээж нь жирэмсэн байх хугацаандаа өөрийн шүдийг өвчлөлөөс сэргийлэх хэрэгтэй. Зарим тохиолдолд хүүхэд төрөхдөө шүд нь эрдэсжих, хатуурч бэхжих чадваргүй төрдөг. Үүнийг цоорлын бус гаралтай хатуу эдийн эмгэг гэж нэрлэдэг. Хүүхэд өсөж хөгжихдөө энергийхээ 40 хувийг нүүрс уснаас авдаг. Тиймээс тодорхой хэмжээнд амттан, нүүрс ус хэрэглэх хэрэгтэй. Харин сахарын хэмжээ 10 хувиас хэтрэхгүй байх ёстой. Амттан идсэн бол шүдийг заавал угааж цоорлоос сэргийлэхийг мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Мөн хөхүүл хүүхдийг унтахад хөхөө аманд нь хийж унтуулах, чихэрлэг зүйл ихээр өгөх, хоол хүнсийг амаараа дамжуулан өгөх нь шүд цоорлын нянг халдаадаг. Хүүхдэд аль болох зажлууртай хоол хүнс идүүлж эрүүний булчинг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ нь шүлсний ялгарлыг сайжруулж шүдийг сайтар цэвэрлэдэг.
5-7 настай үед амны хөндийн хойд талд насан туршийн “их араа” ургасан байдаг. Сүүн шүдийг унана гээд арчлахгүй байх нь буруу. Энэ үед эцэг эхчүүд онцгой анхаарах хэрэгтэй. Сүүн шүдийг унах хугацаанаас нь өмнө авахуулснаас болж хэл ярианы хөгжилд муугаар нөлөөлдөг. Мөн нүүрний хэлбэр төрх өөрчлөгдөх сөрөг үр дагаврууд гардаг. Тиймээс байнгын арчилгааны дадал суулгах чухал. Хүүхдийн шүдийг зургаан нас хүртэл эцэг эхчүүд өөрсдөө угааж өгөх хэрэгтэй. Зургаагаас дээш насанд гарын жижиг булчингууд хөгждөг. Тэр үед нь бие даалгаж шүдийг нь угаалгаж сургах нь. Нэг удаа угаахдаа хоёроос доошгүй минут угаана. Оогүй сойзоор хэлийг нь хойноос урагш гэсэн чиглэлээр арчилбал зохистой. Хүүхдийн шүдийг үргэлж арчилж, гурван сардаа нэг удаа мэргэжлийн эмчид үзүүлж, сойзыг нь сольж шүдний өвчлөлөөс сэргийлээрэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/08/29
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono