Хэдхэн сарын өмнө УИХ-ын сонгууль болж, МАН ялалт байгуулсан. Тэд огцрохгүйн тулд ХҮН нам, Ардчилсан намтай хамтарч Засгийн газраа байгуулсан. Шинэ Засгийн газартай холбоотой янз бүрийн л яриа, дүгнэлт нийгэмд өнөөдөр ч хөвөрсөөр байна.

Жишээ нь, МАНын яам, АН-ын яам, ХҮН намын яам гэхчилэнгээр Монгол төрийн гүйцэтгэх байгууллагуудыг намдаар ялгаж, намын харьяаны байгууллага мэтээр ярих боллоо. МАН-ын яаманд ажил горилолтой нь биш дээ, АНын, ХҮН намын яаманд ажилд орж доошоо орох чинь ичмээр… гэх яриа үүний тод илрэл биш гэж үү.

Тиймээс нэгэнт ийн хамтарч байгаа бол бүх яамд, агентлагт хамтрах хэрэгтэй.Өөрөөр хэлбэл, МАНын улстөрч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албыг ашиж байгаа бол АНын улстөрчийг дэд сайдын албанд, ХҮН намын улстөрчийг Төрийн нарийн бичгийн даргын албанд томилох хэрэгтэй.

Ингэвэл нэгдүгээрт, улстөрийн тогтвортой орчныг бий болгоно. Хоёрдугаарт, ингэж байж хамтарсан Засгийн газрын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна магадгүй хяналт ч сайжирч, дотоод зөрчил, ажлын хийдэл багасах талтай ч юм билүү.

Ер нь улс төрийн намын зорилго нь төрийн эрхийг авах байдаг. Тиймээс л улс төрийн сонгуульд тухайн намын зөвхөн нэр дэвшигч нь ч бус бүх гишүүд, дэмжигчид өрсөлддөг. Тэд ганцхан сайд ажилтай болгохын тулд тийн тэмцээгүй. Гэтэл шинээр томилогдсон зарим сайд нар “Ажилд оръё гэсэн өөрийн намын нөхдүүд их байна” гээд уйлагнаад байх юм. Тэгэлгүй яах вэ дээ. Ганцхан тэр сайдыг албан тушаалтай болгох гэж намаараа, намын дэмжигч гишүүдээрээ өрсөлдөөгүй. Тэр сайдаар дамжуулж, тэр сайдын баг бүрэлдэхүүнээр дамжуулж намын бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж л нийтээр хөдөлсөн хэрэг. Яахав өнгөн дээрээ нийгмийн сайн сайхны төлөө гэдэг ч бодит амьдрал дээр бол намын нэг ч гэсэн хүн төрийн өндөр дээд албан оччихвол намынхаа хэдийг дээш татчих юм даа гэсэн бодол л өвөртөлж байгаа. Гол зорилго нь энэ учраас сонгуулиар нүсэр том баг болоод бусадтай өрсөлдөж эхэлдэг гэдгийг хэн хүнгүй мэднэ биз ээ.

Тиймээс намын гишүүд дэмжигчдэд зохих шагналыг нь өгөх хэрэгтэй. Хэрвээ ганцхан сайд гаргаад бусдыг нь явуулахгүй бол тэр сайд улс төрийн хувьд сөнөдөг. Намынхан нь ч үзэхээ байна. Ганцхан үүнийг ажилтай болгохын тулд бид тэгтлээ чармайсан болж байна уу гэж зүхнэ. Өнөөх сайд нь намын бусад нөхдөө ажилд авахгүй гэвэл тэр хүн намын болоод улс төрийн дэмжлэггүй болно гэхчилэнгээр зовлон их бий.

Ер нь тэгээд улс төрийн намд улстөрч олон ч үндэсний хэмжээний улс төрийн нам гэдэг бол цөөн шүү дээ. Иймээс намын зарим улстөрчдийн хүслийг гүйцээгээд орхих бус намдаа үнэнч зүтгэсэн, боловсролтой, чадвартай, намын үзэл санааг түүчээлж чадах хүмүүст улс төрийн албан тушаал өгч ажилуулах л хэрэгтэй.

МАН, ХҮН нам, АН хамтарсан л юм бол улс төрийн бүх албан тушаалд хүмүүсээ сөөлжүүлж байршуул. Ингэж байж намуудын улс төрийн сонгуульд орсны үр дүн гарч ирнэ. Мэдээж төрийн ажил, улс төрийн намын бодлого хэрэгждгээрээ хэрэгжинэ. Нөгөөтэйгүүр шинэ Засгийн газар Монголын улс төрд шинэ замыг бий болгох хэрэгтэй байна. Хамтарсан бол яам ялгахгүй хамтарч, нэгэнт зорьсон бодлого хөтөлбөрийг нам ялгахгүй гар нийлүүлж ажилладаг байх улс төрийн шинэ соёлыг түүчээлмээр байна.

Өөр нам юм чинь гээд гацаадаг, эсэргүүцдэг хандлага Монголын улс төрийн орчинд бөх оршиж ирсэн. Энэ хэрээр Монголын хөгжил хойшилсоор л яваа.

Энгийнээр зүйрлэвэл, сургуулиа төлөөлж бусад сургуультай өрсөлдөх гэж байгаа тамирчид чи өөр анги юм чинь гээд ганцаарчилсан тоглолт хийдэггүй шүү дээ. Тиймээс нэгэнт хамтарсан хойно төрийн бүх байгууллагад холилдож ороод ажиллах хэрэгтэй байна. Монгол төрийн яамд бол нэг нэгээр нь зууж авчихаад мэрдэг нохойд хаясан яс биш. Улс төрийн намын улстөрчөөр удирдуулж Монголын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд чиглэсэн төрийн институци. Тиймээс намууд хаа гуяар нь салгаж аваад өмчлөөд байх нь нэн гутамшигтай харагдаж байна.

Р.ХИШИГЖАРГАЛ