Хууль зүй, дотоод хэргийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын хамтарсан тушаалаар цахилгаан скүүтер, суррон дугуй, цахилгаан моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийг судалж, эрх зүйн орчныг сайжруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг дээрх төрлийн тээврийн хэрэгслийн олон улсын болон дотоодын нөхцөл байдал хууль эрх зүйн зохицуулалтыг судалж, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зам тээврийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлуулах болон Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг санал дүгнэлтийг гаргаад байна.

2023 онд суррон, скүүтер төрлийн тээврийн хэрэгсэл холбогдсон 60 (скүүтер 28, суррон 32) осол бүртгэгдсэн бол 2024 оны эхний долоон сарын байдлаар унадаг дугуй, скүүтер, сурронтой холбоотой 241 зам тээврийн осол бүртгэгдсэний 229 буюу 95 хувь нь нийслэлд гарсан байна. Суррон болон скүүтер, унадаг дугуйтай холбоотой зам тээврийн ослын улмаас 121 хүн гэмтжээ.

Ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэх, түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил, осол гэмтлээс өсвөр насны хүүхэд, залуучууд, иргэдийг урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам тээврийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн ажлын алба, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн Ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дотоод хэргийн их сургууль, Монголын авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбоо ТББ, цахилгаан скүүтер, суррон дугуйн худалдаа, түрээслүүлэгч байгууллагын төлөөлөл болон Ажлын хэсгийн гишүүд оролцов.

 

 

Н.Мягмар: Ажлын хэсэг болон хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг Засгийн газарт ойрын хугацаанд тавина

Ажлын хэсгийн ахлагч Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмараас дараах тодруулгыг авлаа.

-Ажлын хэсгээс ямар санал гаргаж, хэлэлцүүлж байгаа вэ?

-Скүүтер нь мопедын төрөлд, суррон нь илүү хурдтай, өөрт болон бусдад учруулах хохирол нь өндөр учраас мотоциклийн төрөлд орно гэдэг байр суурийг хэлэлцүүлэгт оролцогчид илэрхийлж байна.

-Энэ төрлийн техникийг импортоор оруулж ирэх тоон дээр хязгаар тавих боломжтой юу?

-Импортоор оруулж ирж байгаа тоонд хязгаарлалт тавина гэхээсээ илүү стандартыг нь дээшлүүлэх нь зөв гэж Ажлын хэсэг үзэж байгаа. Энэхүү стандартыг холбогдох байгууллагууд хангуулж, тухайлбал, Авто тээврийн үндэсний төв зөвшөөрөл өгдөг байх ёстой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хамгаалах хэрэгсэл, дохио, сигналтай гэдэг ч юм уу. Ингээд гаднаас оруулж ирэхдээ энэ бүх шаардлагыг хангасан техникийг оруулж ирнэ гэдэг стандарт тогтоох юм.

-Насны хувьд хязгаарлах уу?

-Хэрэв сурроныг мотоциклийн төрөлд оруулж батлах юм бол 18 нас хүрсэн хүн л унахыг зөвшөөрнө. Скүүтерийг мопедын төрөлд оруулах юм бол 16 нас хүртэл хүн унах боломжтой. Ингэхдээ хамгаалах хэрэгсэлтэй, замын хөдөлгөөний дүрмийн дагуу явах ёстой гэдэг шаардлага тавина. Гэхдээ энэ бол саналын түвшинд явж байна.

Ерөнхийдөө Ажлын хэсгийн санал гарсан. Зам, тээврийн яамны дэргэдэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлээд Засгийн газарт энэ асуудлыг ойрын хугацаанд тавина.