Дараа долоо хоногт НОМЫН БАЯР болно
2024/09/05
"Илүү номын их уншъя" уриатай номын баяр 36 дахь удаагаа буюу энэ сарын 13-15-ны өдрүүдэд Төв талбайд болно.
Өнгөрсөн хавраас зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ, гадаадын хэвлэн нийтлэгчдэд зориулан “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр гаднын хэвлэн нийтлэгчидтэй харилцаагаа тэлжээ. Өмнөх баяруудад урилгаар Тайланд, Унгар, Солонгос, Казахстан, Турк зэрэг улсын хэвлэлийн газар, утга зохиолын агентлагууд оролцож, Монголын хэвлэн нийтлэгчидтэй уулзалт хийн, монгол зохиолчид өөрсдийн бүтээлийг гадаадын хэвлэлийн газруудад санал болгох, номын эрх худалдан авах боломжийг бүрдүүлж өгсөн байна. Энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ, БНПАУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид ирж оролцохоор болжээ.
Мөн энэ удаагийн номын баярт Ерөнхийлөгчийн ивээл дор эрхлэн гаргаж буй Монгол Улсын түүхийн 12 боть номын нээлт болох ажээ.
Баярын өдрүүдэд шинэ номуудын нээлт болохоос гадна нэр хүндтэй эрхэм зохиолчидтой биечлэн уулзах, номын чиглэсэн судалгаанд оролцох, эрчүүдэд зориулсан орчноос номоо сонгох, чөлөөт орон зайд кофе цай ууж номын тухай яриа дэлгэн суух тусгай орчныг уншигчдадаа зориулан засахаар болжээ. Мөн “Либро сувд агентлаг”-аас орчуулгын номын эрх авах, номын редактор, ном зүйн үйлчилгээ, номын маркетинг хэсгээс хэвлэлийн үнэ бодуулах, шинэ хэвлэх номынхоо цаас материалыг сонгох зэргээр ном бичих хүсэлтэй уншигчдад зориулсан шинэ орон зай нээгдэж байна.
Энэ удаагийн баяраар зохион байгуулагчид эрэгтэй уншигчдад бэлэг барихаар “Эрчүүдэд санаа өгөх 50 ном” нэрлэж, зорин очсон эрчүүдэд гэнэтийн бэлэг барихаар зэхжээ. “Номын ертөнц” сэтгүүлийн энэ удаагийн дугаарын хүндтэй зочноор Боловсролын сайд П.Наранбаяр уригдан, номын тухай, ном унших зөв соёлын тухай, яамны зүгээс бодлогоор хийгдэх ажлуудынхаа зах зухаас хуваалцсаныг уншигчдадаа зориулж байна. Тус сэтгүүл 5,000 хувь хэвлэгдэж, зөвхөн баяраар уншигчдад үнэгүй тараагддаг.
Номын баяр нь номын зохиогч, хэвлэн нийтлэгчдээ урамшуулах, дэмжих зорилгоор хаврын баярт “Номын сайн нөхөр” шагналыг, намрын баярт “Мэргэн ном”-ын эздийг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн “Мэргэн ном” цомын эзнээр хэн тодрохыг баяраар харах нь ээ.
Баярын зохион байгуулагч хүүхэд залуустай уулзаж, илүү дотно нөхөрлөх боломж номын баяраар нээгддэг. Өсвөр насны сурагчдаас бүрддэг “Номын ертөнц” клубт элсэхийг хүссэн 7-12 дугаар ангийн сурагчдад клубийн үүд хаалга энэ өдрүүдэд нээлттэй. Мөн тус клубээс жил бүр зохиодог “Амттай 50 ном” уралдааныг зохион байгуулж, бүтээлч тэмдэглэлээр үзэсгэлэн гаргадаг. Энэ онд зохиогдох уралдаандаа оролцогсдыг бүртгэж, уншлага удирдах календариа ЕБС-ийн номын санч, номын клуб, уншигч сурагчдад түгээн ажиллахаар болжээ.