Ж.Батсуурь: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөс 500-600 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд нэмж санхүүжүүлнэ
2024/09/08
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурьтай ярилцлаа.
-Өнөөдөр “Барилгачдын өдөр” тохиож байна. Энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж байна вэ?
-Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ хугацааны 70-аад жилд нь төвлөрсөн төлөвлөгөөт, Оросын барилгын стандартаар явж ирсэн. Нэг хэсэг хятад барилгачид ч ажиллаж л байсан. Харин социалист нийгмээс ардчилсан нийгэмд ороход системийн ялгаанд барилгын салбар жаахан бүдгэрсэн. Учир нь тэр үед хувийн өмч гэж байсангүй. Одоо бол бараг бүхий л зүйл хувийнх болсон. Орон сууц гэхэд 1997 оны гуравдугаар с ард анхны хувийн гэрчилгээг авч байсан түүх байдаг. Ингээд харахаар хот байгуулалт, барилга, нийтийн ахуйн салбар яалт ч байхгүй уналт босолт, хөгжил дэвшлийг туулж ирсэн. Одоо гэтэл барилга гэхээр зөвхөн салбар төдий биш бүх хүн мэддэг зүйл болсон байна. Дээрээс нь манай улсад дэлхийн бүхий л улсад үйлдвэрлэж байгаа барилгын материал бараг бүгд байна. Хуучин нэг загвараар л барилга баригддаг байсан бол дэлхийн хаана ч байдаг орчин үеийн барилгууд баригддаг болсон.
-Хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Танай салбарт ямар бодлого баримталж ажиллахаар болж байна вэ?
-Хамтарсан Засгийн газар байгуулаад Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам гэж байгуулсан. Өнөөдөр манай улсын хүн амын бараг тэн хагас нь улсынхаа нийслэлд амьдарч байна. Тэгэхээр шинэ хот барихаас өөр аргагүй болсон. Хамгийн ойрхон гэвэл олон улсын нисэх онгоцны буудлаа тойруулаад “Хөшигийн хөндий-Шинэ Зуунмод” хот байгуулахаар болж байгаа. Ингэж хотыг задалж өгөхгүй бол хот дотроо дахин төлөвлөлт хийгээд л байвал төвлөрөл нэмэгдсээр байна. Мэдээж Улаанбаатар хот дотроо дахин төлөвлөлтийг хийсээр байх болно. Гэсэн хэдий ч үүнийхээ хажуугаар хотоо задалж, шинэ хот байгуулах зайлшгүй шаардлага бий болсон.
Тэгэхээр манай яамнаас шинээр хот барьж нийслэлийнхээ төвлөрөл, түгжрэл, утааг задлах бодлогыг барина. Мөн гаднын орнуудын энэ талын туршлагыг давхар судалж байна. Саяхан л Хөх хот утаатай, түгжрэлтэй байсан бол одоо энэ бүхнээ шийдчихсэн байгаа. Тэгэхээр бодлоготой, төлөвлөлттэй байх юм бол богино хугацаанд эдгээр асуудлуудыг шийдэж болдог юм байна гэдгийг эндээс харах хэрэгтэй. Үүнээс гадна сум, аймгийн төв, хотод амьдарч байгаа хүмүүсийн амьдралын чанарыг ижил түвшинд аваад ирэх юм бол хүмүүс хот хүрээ газарт тэр бүр амьдрахыг хүсэхээ больчихсон. Тийм болохоор энэ талын бодлогыг барина. Хөдөөг хөгжүүлэхийн тулд хамгийн чухал нь инженерийн шугам сүлжээний асуудлыг л шийдэх хэрэгтэй. Ингэсэн байхад тухайн хүн өөрийн хүссэн байдлаар амьдрах орчноо бүрдүүлээд амьдарч чадна. Тиймээс төрөөс инженерийн шугам сүлжээг нь хийж өгнө. Харин та өөрийнхөө хүссэнээр байшин, орон сууцаа бариад амьдар гэдэг бодлогыг хөдөөд барьж ажиллана. Мэдээж ингэхдээ зохион байгуулалт, төлөвлөлтийг нь сайтар хийх ёстой.
-Иргэдээ орон сууцжуулахын тулд ипотекийн зээлийг санаачилж хэрэгжүүлсэн. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд зогсч, сүүлдээ бага хэмжээтэйгээр гарч эхэлсэн. Үүнийгээ дагаад хээл хахуулийн асуудал ч яригдах болсон. Тэгэхээр салбар яамны зүгээс ипотекийн зээл дээр ямар ажил хйихээр төлөвлөж байна вэ?
-Иргэдээ орон сууцжуулах асуудлыг шийдэх гол зүйл бол ипотекийн зээл. Одоо энэ зээлийн эргэн төлөлт нь 500-600 орчим тэрбум төгрөг байгаа юм. Дээрээс нь энэ зээлийг Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлээд ахиад энэ хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг нэмэхээр болсон. Тэгэхээр жилд ийм хэмжээний хөрөнгөөр и потекийн зээлийн асуудлыг шийдээд ирэхээр таны яриад байгаа наад асуудлууд чинь харьцангуй багасна. Нэг ёсондоо нийлүүлэлт ихсэхээр үнэ буурна. Нийлүүлж чадахгүй болохоор л үнэ өсөөд, маргаан мэтгэлцээн, хээл хахуулийн асуудал гарч ирээд байгаа юм. Үүнээс гадна гадна, дотны нэн хөнгөлөлттэй зээл, тусламжаар инженерийн шугам сүлжээг өргөтгөх асуудал байна. Ирэх жил Хятадын буцалтгүй тусламж, Мянганы сорилын сангийн санхүүжилтээр Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулна. Мөн Шинэ Зуунмод хотод дээрээ Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудад гаргасан алдааг дахин гаргахгүй байх нь л манай яамны гол зорилго. Зах зээлийн нийгмийн хүнд үед орон сууцнууддаа өргөтгөл барьчихсан. Тэр нь хувийн өмч болчихсон учраас өнөөдөр замаа өргөтгөж чадахаа байсан. Өнөөдөр Яармагийн зам хэт нарийхан, шахаад өндөр барилгууд барьчихсан. Тийм болохоор өргөтгөж болдоггүй. Ингээд шинэ хот руугаа очихын тулд Богд уулыг 15.7 км хонгил гаргаж, хоёр урсгал, зургаан эгнээ замтай байхаар төлөвлөж байна. Цаана нь өнөө яриад байгаа шинэ хот маань байх юм. Гэтэл бас тунель барьчихлаа гэхэд тийшээгээ очих гэж түгжирнэ. Тийм болохоор тунель рүүгээ очдог Ган татлагат гүүр барина. Ингэсний дараагаар бүх яам, тамгын газар буюу гүйцэтгэх засаглал нь хотоосоо гаръя гэж байгаа юм. Манай яам бол бодлогын яам. Тийм болохоор хотоо задалъя, шинэ хот барья, харин шинэ хотдоо алдаагаа давтахгүй байя гэсэн бодлого гаргаж байгаа юм. Түгжрэлгүй болчихвол нөгөө “20 минутын хот” чинь аяндаа бий болно. Гэвч бүх зүйл мөнгөөр хэмжигдэнэ. Ган татлагат гүүр, тунель, Засгийн газрыг гаргах, Туул гол дагуух хурдны зам гээд төслүүдийг хийхэд 100 гаруй их наяд төгрөг хэрэгтэй. Тийм болохоор төрөөс инженерийн шугам сүлжээг нь хийгээд хүмүүсээ сэдэлжүүлье. Дээрээс нь дэлхий нийт хүлэмжийн хийг бууруулах зорилгоор асар их эх үүсвэрийг хүүгүйгээр өгч байна. Энэ мэт олон арга замыг л хайж байгаа. Өнгөрсөн жилүүдийн алдаа дутагдал нэг л өдөр бүгд засагдахгүй. Гэхдээ үүнээс цааш түгжрэл, утааг нэмэхгүй байх хэрэгтэй. Ингээд нааш нь багасгасаар байхгүй болгох хэрэгтэй л гэж үзээд байгаа юм.
-Гоё нэртэй, том төслүүдийг бид анх удаа ярьж, сонсож байгаа юм биш. Өмнө ч ярьж байсан олон гоё төсөл тэгсгээд зогссон тохиолдол бий. Тийм болохоор иргэдийн итгэл алдарсан гэж болно. Тэгэхээр энэ том төслүүдээ бүрэн дуусгахын тулд хэрхэн ажиллах вэ?
-Бүх зүйл нэг цэгээс эхэлдэг. Тийм ч болохоор хамтарсан Засгийн газар энэ эргэлтийн цэгийг эхлүүлж байна. Ер нь бол өнөөдөр бид өмнөхөө муулаад байж болохгүй. Алдаа дутагдал байгаа бол засах ёстой. Учир нь өнгөрсөн 30 жил ингээд яваад ирсэн. Дараагийн 30 жилд ямар байх нь хамаагүй гэж бодож болохгүй биз дээ. Өмнөх Засгийн газрууд дангаараа засаглахыг оролдоод, бусад нь сөрөг хүчин учраас гээд эсэргүүцдэг, нийгэмтэйгээ зөвшилцөж чаддаггүй байсан гэж үзэж байгаа юм. Дандаа ахуйтай зууралдаж байсан. Тийм болохоор одоо парламентад суудалтай байгаа нам, эвслүүд нэг ойлголттойгоор хамтраад зүтгэвэл энэ том төслүүдийг хэрэгжүүлж чадна гэж бодож байгаа. Бидэнд одоо өөр арга байхгүй. Энэ нийгэмд би, чи гэж талцаад байх хэрэггүй. Миний, чиний хүүхэд өснө. Өөрийн гэсэн орон сууцтай, машинтай байхыг, тав тухтай амьдрахыг л хүснэ. Тэгэхээр бид ямар ч байсан эхлүүлж байгаа юм. Харин муулах, өөлөх бол амархан.
-Том төслүүд бол цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардана. Тэгвэл ойрын хугацаанд нийслэлийнхээ асуудлыг бага багаар ч болов шийдэх төсөл хөтөлбөрүүд юу байна вэ?
-Байлгүй яах вэ. Гэр хорооллын дахин төлөвлөлт, 1008 айлын орон сууц, Солонго-1, 2, Залуус-1, 2 гээд хийж байна. Нийслэлтэй бид маш сайн ойлголцож, хамтарч ажиллаж байгаа. бүх ажлуудыг бодлогоор дэмжих ёстой. Мөн барилгын стандартуудаа шинэчлэх том ажил байна. Ажиллах хүчний хомсдол энэ салбарт том асуудал болсон. Ажлын байрны нэгж өртөгийг нэмэгдүүлэхгүй бол ажиллах хүн олдохоо байсан. Солонгос, Австралид барилга дээр ажиллахаар 3-5 дахин, магадгүй 10 дахин их мөнгө аваад байгаа учраас тийшээ яваад байна. Тийм ч болохоор энэ мэт асуудлуудад онцгой анхаарч ажиллаж байгаа.
-Ипотекийн зээлээс гадна өөр арга замуудаар иргэдээ орон сууцжуулах асуудал яригдаж байгаа юу?
-Дэлхий дээр ер нь хэдхэн янзын л арга зам байдаг юм байна. Ипотек, түрээс, түрээслэх замаар өмчлөх гэж бий. Эдгээрийг зэрэгцүүлээд хийгээд явна. Мэдээж хамгийн чухал нь урт хугацаатай, бага зүйтэй зээл болох ипотек шүү дээ.
-Сонгуулийн өмнөхөн импортын цементийн татварыг таван хувь болгосон. Ингэснээр орон сууцны үнэ буурна гэж байсан ч эсрэгээрээ улам нэмэгдчихсэн. Дээрээс нь орж ирж байгаа цементийн чанар муу зэрэг асуудлууд үүссэн. Та салбарын сайдын хувьд энэ бодлогыг эргэж харах уу?
-Аливаа асуудлыг хэлэлцүүлгийн замаар шийдэх ёстой. Тийм ч болохоор салбарын сайдаар томилогдоод салбарынхаа ахмадууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзсан. Эндээс ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Ажлын хэсгээс дүгнэлт гаргаад, манай цементийн хэрэглээ хэр байна, гаднаас оруулахаар бол яах юм гээд олон зүйл тодорхой болно. Харин үүнээс үл хамаараад чанар болон жингийн асуудал байгаа юм. Гол нь хэрэглэгч хохирдоггүй л байх ёстой. Энэ тал дээр үүрэг чиглэл өгнө. Эдийн засагт нөлөөлөх гол шийдвэрийг нь үйлдвэрлэгч, импортлогч, хэрэглэгч гурвын олон талын хэлэлцүүлгээс дундын хувилбар гаргаад явна.
ЗОЧИН · 2024/09/09
Ипотекийн зээл өгч байгаа нь сайн ч байрны үнэ улам өсөөд байгааг яаж хязгээрлах вэ, УИХ, ЗГ-аас зохих арга хэмжээ авахгүй бол арай дэндэж байна, дарга сайд нар маань ухаанаа уралдуулаач, ажлын хэсэг гаргах хэрэгтэй байна.
Зочин · 2024/09/08
TANILTSXN80O955877SERELN
Зочин · 2024/09/08
SAWI UILCHLD XNGAAD80955877
Зочин · 2024/09/08
AXN DYRR80955877TSAGN XANAGCH
Зочин · 2024/09/08
ANUSDI80955877SEXSYGR