МКУЗ: Зөвлөлийн шийдвэр нууц санал хураалтаар хэрэгждэг. "Баавгай болохсон" кинонд гишүүдийн дийлэнх татгалзсан санал ирүүлсэн
2024/09/25
Монгол Улсаас анх удаа Каннын кино наадамд шалгарч байсан "Баавгай болохсон" киног Оскарын шагнал гардуулах ёслолын анхан шатны шалгаруулалтад сонгохоос татгалзсан талаар өчигдөр тус киноны найруулагч П.Золжаргал өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн юм.
Түүнчлэн энэ жил Монголоос ямар ч кино явуулахгүй өнжих болсон асуудалд тайлбар өгөхийг Монголын Кино Урлагийн зөвлөлийн гишүүдээс шаардсан юм.
Мөн Кино урлагийн зөвлөлийн гишүүн болох Т.Номуунзул өөрийн зохиолчоор ажилласан киногоо явуулсан ч татгалзсан хариу авсан. "Зөвлөлийн гишүүн байгаад нэмэр алга" гэсэн нь шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Энэ талаар Монголын кино урлагийн зөвлөл дараах тайлбарыг өглөө.
Кино урлагийн зөвлөл Академи Авардс буюу 97 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын эхний шатны шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох кино уран бүтээлийг сонгон шалгаруулах ажлын хүрээнд 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 10-ны өдрийг дуустал олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан.
Тус хугацаанд 2024 оны наймдугаар сарын 17-ны өдөр Найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон" уран сайхны кино, 2024 оны наймдугаар сарын 21-ний өдөр Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” уран сайхны киног тус тус ирүүлсэн. Сонгон шалгаруулалтын хугацаа 2024 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 18:00 цагт хаагдаж, Кино урлагийн зөвлөлийн Ажлын албанаас уран бүтээлчдийн ирүүлсэн мэдээллийг эмхэтгэн Кино урлагийн зөвлөлийн гишүүдэд цахим байдлаар илгээсэн.
Зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 24-ний өдөр товлогдож Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-д заасны дагуу холбогдох мэдэгдлийг гаргаж найруулагч Ж.Сэнгэдоржийн "Чимээгүй хотын жолооч" кино уран бүтээлд Зөвлөлийн гишүүн Т.Номуунзул зохиолчоор ажилласан байх тул ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдал үүссэн гэж үзэн тус уран бүтээлд санал хураахаас татгалзан сонгон шалгаруулалтаас хассан юм.
Кино урлагийн зөвлөлийн аливаа сонгон шалгаруулалтын шийдвэр нууц санал хураалт авах зарчмаар хэрэгждэг бөгөөд найруулагч П.Золжаргалын "Баавгай болохсон" кино бүтээлд хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонх татгалзсан санал ирүүлсэн тул хариуг Кино урлагийн зөвлөлийн албан цахим шуудангаар илгээсэн болно.
Кино урлагийн зөвлөлийн аливаа шийдвэр, сонгон шалгаруулалт ашиг сонирхлын зөрчлөөс ангид, олон нийтэд нээлттэй ил тод явагддаг болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэв.
Зочин · 2024/09/26
ANUSN80955877