НИТХ-н сонгууль эхэлсэнтэй холбогдуулан бордюр тойрсон хэл ам нэлээд идэвхижиж өнгөрсөн амралтын өдрөөр гол сэдэв болоод буй билээ. Зарим тал нь энэ бизнесийг эрх мэдэлтнүүд дундаа хэд дахин нугалж цавчаа хийж байна хэмээн урд хөршөөс авчирсан адил төрлийн бүтээгдэхүүний үнийг харуулсан бол нөгөө талаас хэсэг бусаг нөхөд Эрээн хот руу явж хуурамч баримт үйлдэн үүнийгээ хямд үнэтэй гэсэн цуу яриа дэгдээж байна хэмээн маргалдаж буй. 

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “бордюрын хулгай”-г хянан шалгах ажлын хэсэг яаралтай байгуулахаар болжээ

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ажлын хэсэг байгуулж, иргэдийн бухимдлыг өрдөж, “бордюрын хулгай” гэх болсон нийслэлийн автозамын засварын ажлыг яаралтай шалгахаар болжээ. Шалгалтын дүнг иргэддээ ил тод мэдээлж, авлига, албан тушаалын асуудал сөхөгдвөл УИХ-д нээлттэй сонсгол хийх бололтой.

Өөрөөр хэлбэл, МАН-ын хувьд ээлжит “ногоон автобусны хэрэг” болохыг үгүйсгэх аргагүй юм.

“Ergelt.mn” сайтын цуврал сурвалжлагаар ил болсон баримтуудыг тоочвол:

1.Ж.Энхжаргалынх гэдэг гэр бүлийн 3 компани 9 байршлын 20 гаруй тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тендер авсан. Эхнэр нь Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн эзэмшигч.

2. Бордюр солихыг өмөөрч Монголын автозамчдын холбооны төлөөлөл гэх Д.Даваацэрэн мэдээлэл хийсэн. Гэтэл тэрбээр гурван байршлын 10 тэрбум төгрөгийн тендер авсан.

3. Монголын автзамчдын холбооны гүйцэтгэх захирал М.Ган-Эрдэнэ “Заабар” ХХК-иар 5.7 тэрбум төгрөгийн тендер авсан. Тэрээр Хэнтий аймгийн уугуул.

4. Автозамчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батбаяр “Баткубик” ХХК-аар 4 байршлын 18 тэрбум төгрөгийн тендер авсан. Эхнэр Б.Энхтуяа нь 2017 оноос Автозам, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр Нийслэлийн замын хөгжлийн газарт ажилласан.

5. Бордюрыг  авсан үйлдвэрийн нэг нь Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошууны Ташингийн чулууны үйлдвэр. Үйлдвэрийн эзэн нэг метр бордюр ширхэгийг нь 20-21 мянган төгрөгөөр Эрээнд хүргэж өгнө гэсэн мэдээлэл өгсөн.

Ийм баримт “Эргэлт.мн” сайт гаргаж тавьсан бол НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч С.Отгонтөгс Эрээнээс нэгж бордюрыг 40 юаниар буюу 19000 төгрөгөөр захиалж авсан тухай  мэдээлэл хийсэн.

Гэвч дээрх баримтыг эсэргүүцэж, зарим хэвлэлээр БНХАУ-ын Эрээн хотоос захиалгатай бэлтгэсэн мэдээллийг цацлаа. С.Отгонтөгс хуурамч падаан гуйж бичүүлсэн, нэг бордюрын үнэ хамгийн 98000 төгрөг гэх мэтээр мэдээллүүд гаргав.

НИТХ-ын сонгуульд нэр дэвшигч С.Отгонтөгс энэ зун Эрээн ороогүй, хэн ч хаанаас ч бордюрын үнийг мэдэж болох цахим орчинд амьдарч байгаа учраас худалдааны томоохон сайтуудаас үнийг хялбархан мэдэж болно гэв.

Хятадын хамгийн том худалдаанаа сайт Алибабад бордюрын үнэ 5-30 ам.доллар байгааг харж болно.