Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал ус Туул голыг бохирдуулж, бохирдлоос үүссэн үнэр Хан-Уул дүүргийн 10, 12 дугаар хорооны оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа тухай мэдээлэл иргэдээс ирсэн.

Энэ мэдээллийн дагуу Байгаль Орчны Судалгаа Шинжилгээний Төв(БОСШТ), Туул голын сав газрын захиргаатай хамтарсан ажлын хэсэг байгууллаа.

БОСШТ-ийн Үйлдвэрлэлийн технологийн үнэлгээ бохирдлын судалгааны албаны судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг өчигдөр Туул голын Биокомбинат, Сонгины ам, Нисэх, Сонсголонгийн гүүр орчмын дөрвөн цэгээс усны сорьц авч, зарим хувирамтгай нэгдэл болон физик үзүүлэлтүүдийг газар дээр нь хэмжиж, шинжиллээ.

Ажлын хэсэг шинжилгээний үр дүнг стандартуудтай харьцуулж, сорьц авсан цэгүүдийн усны чанар, найрлага, бохирдлыг тодорхойлсон дүгнэлт, зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлж, олон нийтэд мэдээлнэ.