Томхон жорлон дээр хүртэл тууз хайчилдаг төр, засгийн томчууд нефтийн цооног нээхэд яагаад очсонгүй вэ
4 цагийн өмнө
Монгол Улсын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх чухал үйл явдал өнгөрсөн сарын сүүлээр болж өнгөрлөө. Тодруулбал, Дорнод аймгийн Матад суман дахь газрын тос олборлох “Матад-ХХ” талбайн “Цэн тогоруу-1” газрын тосны ордын нээлтийг аравдугаар сарын 25-нд хийсэн юм.
Гэвч төр засгийн хэмжээнд ч, олон нийтийн анхааралд ч тэр бүр хүрсэнгүй. Хувийн хэвшлийн том төсөл учраас олон нийтэд хүргэх, сошиалд сэвүүлэх зэрэгт дэмий мөнгө үрээд яах вэ гэж үзсэн байх л даа. Аль болохоор зардлаа танах нь бизнесийн байгууллагын хувьд чухал учраас үүнийг ойлгож болно. Харин томоохон жорлонгийн нээлтэд хүртэл батгана аятай шавчихсан, цагаан бээлий, хайчтайгаа зогсож байдаг төр, засгийн томчууд маань огт үзэгдсэнгүй. Тэр бүү хэл энэ талаар ам ч ангайсангүй нь хачирхалтай. Үүнийг л огт ойлгосонгүй. Нэгэнт шат, шатны сонгуулийн үр дүн гарчихсан учраас дараагийн сонгууль болтол энэ мэт зүйлд очих нь төвөг гэж үзсэн ч байж магадгүй л юм.
Орд илэрсэн “Матад-ХХ” талбай нь 10340 км квадрат талбайг хамардаг бөгөөд Дорнод аймгийн Матад сумын нутагт буй Тамсагийн сав газрын баруун урд үзүүрээс Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрийг дамнаж оршдог байна. Харин ордыг илрүүлсэн “Петроматад” компани нь Петровис компанийн санаачилгаар 2005 онд байгуулагдсан, Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай үндэсний компани аж. Түүнчлэн “Петроматад” компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын газрын тосны хайгуулын салбарт нийт 120 орчим сая ам.доллар зарцуулсан гэж байгаа. Петровис компанийн захирлаар ажиллаж байсан талийгаач Ж.Оюунгэрэл агсан “Петроматад” компанийг 2007 онд байгуулан хайгуулын ажлыг зогсолтгүй хийсээр ирсэн байдаг. Олон жилийн хөдөлмөр, зорилго нь өдгөө биеллээ олж, одоогийн байдлаар туршилтын журмаар өдөртөө 200 баррель газрын тос олборлох төлөвлөгөөтэй ч дотоодын нийт хэрэгцээний 55 хувийг хангана гэсэн том амбицтай юм билээ. Харин манай улсын Засгийн газрын эхлүүлсэн нөгөө Газрын тосны үйлдвэр нь нэмж зээл аваад байхаас ажил урагшлахгүй өдий хүрч байна. Эхлээд Энэтхэг улсын Экзим банкнаас тэрбум гаруй ам.долларын зээл авч эхлүүлсэн ч 2019 онд 236 сая ам.доллар нэмж зээлсэн. Саяхан л гэхэд дахиад 461 сая ам.долларын зээл авах шаардлагатай гэж Засгийн газраас үзээд, МАН-ын бүлэг хэлэлцэн дэмжсэн. Одоо авчихсан байгаа зээл нь 25 жилийн хугацаатай, жил бүр 68 сая ам.доллар төлнө гэж байсан ч Сангийн сайд Б.Жавхлан хугацааг нь 20 жил, төлөлтийг нь 64 сая, 14 сая гэх зэргээр ярих болсон гэдгийг УИХ-ын зарим гишүүд хэлж байгаа. Энэ бүхнээс хувийн хэвшлийн болон төрийн ажлын ялгаа заагийг маш сайн харж болно. Дарга нарт унацгүй учраас энэ том төслийн нээлтэд анхаарал хандуулаагүй байж мэднэ. Түүнээс биш манай үе, үеийн дарга нарт тууз хайчилсан арвин их түүх бий.
УИХ-ын нэгэн эмэгтэй гишүүн үерийн далан дээгүүр тавьсан дөрвөн метр хүрэхгүй гүүр нээж байсан бол Арслантай гүүрэн дээр байгуулж, одоо нэгэнт ажиллахаа больсон “Шээдэг оргилуур”-ыг дарга даамлууд сүртэйхэн эхлүүлж байв. Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан “Төрийн хатан эх” гэгддэг Д.Сарангэрэл II төрөх эмнэлэгт дөрвөн орыг ёслол төгөлдөр хүлээлгэн өгч байсан бол УИХ-ын дарга асан М.Энхболд, гишүүн асан Ж.Мөнхбат нар “Нэг цонхны үйлчилгээ”-ний байрыг нээж хэл аманд өртөж байлаа. Үүнээс гадна шороон зам, эрүүлжүүлэх байр, худаг, тэр ч бүү хэл жорлон нээж тууз хайчилсан дарга нарын зураг өдгөө ч цахим орчинд бий. Харин улсдаа анх удаа нефтийн цооногтой болсныг дарга нар тоогоогүй нь үүнээсээ ч илүү анхаарал татаж байна. Зүүн бүсээс сонгогдсон 10 гишүүн, харьяа яамны сайд, төрийн гурван өндөрлөг гээд очиж болох хүн уг нь захаас аваад бий. Хувийн хэвшлийнхэн том төслөө амжилттай хэрэгжүүлсэнд уур нь хүрсэн үү. Эс бөгөөс шатахуун, түлшний Оросоос хараат байдлыг үгүй хийснээр өөрсдөд нь ашиггүй байдал бий болгоно гэж тооцсон уу бүү мэд. Нэг бол “Ах нар” нь анхаарал хандуулж, ар өврөөр нь гүйгээд үзээрэй гэж сануулсан ч байж мэдэх юм. МАН-ын угшилтай гишүүд, дарга нарт энэ мэтчилэн олон талын шалтгаан нөхцөл байхыг үгүйсгэхгүй. Ер нь МАН байнга л хувийн хэвшлээ дэмжинэ, татвар бууруулна гэж ярьдаг, ар хударгаар нь энэ бүхнээсээ эсрэг зүйл хийдгийг ард түмэн мэднэ. Өнөөдөр ч гэсэн “Төр-хувийн хэвшлийн түншлэл” гэсэн сайхан зүйл яриад байгаа ч төртэй түншилсэн хувийн хэвшил тийм ч их биш л байна. Дандаа ямар нэгэн байдлаар тэдний хамаарал бүхий хэдхэн компани л тендер авдгийг ч хувийн хэвшлийнхэн хэлдэг. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой агентлаг нь сонгуулийн мөнгө гаргаж өгсөн байж мэдэх гэрээний жагсаалт ил болж, дуулиан тарьж байгаа шүү дээ. Харин хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам уг нь орсон биз дээ. Тэд яагаад адилхан таг чиг байхыг сонгов. Засагт хамтарч, найман сайдтай болсны нэг нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам. Олон жил төрд сонгогдсон туршлагатай улстөрч Ц.Туваанд энэ яамаа хариуцуулсан. Монголын нэг компани Дорнодын талаас газрын тос орд олоод, нефтийн цооногтой болж, өдөрт 200 баррелийг олборлож, улсынхаа хэрэгцээний 55 хувийг хангах нь тийм ч чухалд тооцогддоггүй бололтой.
“Петроматад” компани 8.7 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тосны баталгаат нөөцийг 2021 онд бүртгүүлж, ашиглалтын тусгай зөвшөөрлөө энэ ондоо багтаан авсан байдаг. Гэвч орон нутгаас өгөх зөвшөөрөл удсанаас болж, олборлолтоо эхлүүлж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн гэж байгаа. Тэгэхээр бас л төрийн албаны хүнд суртал, авцаа өгцөө харсан байдал энэ төслийг өдий хэмжээгээр хойшлуулсан байж мэдэх юм. Гэхдээ ямар ч байсан нээлтээ хийчихсэн учраас одоо цаашдаа төр засгаас дэмжиж чаддаггүй юм гэхэд гай болохгүй байх хэрэгтэй. Жорлонгийн нээлтэд тууз хайчилж, жалга довоороо талцан хэрэлдэж, улсын төсвөөс өөртөө таван тэрбум төгрөг авчих санаатай элдэв хор найруулж явахад чинь хувийн компани улсынхаа тал хэрэгцээг хангахаар зүтгэж байгааг ойлгох хэрэгтэй шүү, дарга нар аа.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
Зочин · 1 цагийн өмнө
SEKSEER ZYGAATSI80955877
Зочин · 2 цагийн өмнө
Хамтарсан засаг шүү дээ. АН,ХҮН нам зэргээс хэн ч очоогүй юм бол ганцхан МАН-ыг ноцоод байдаг нь нэг л учиртай даа. Захиалгын бичээч биш биз? Мөнгө үнэрлүүлээд туу гэчихвэл үүнээс илүү хуцах ноход олон бий дээ.
Зочин · 2 цагийн өмнө
ANUSN.SEXSYG80955877
Зочин · 2 цагийн өмнө
SAWI80955877
Готов · 2 цагийн өмнө
ХҮҮК-ийн эхлүүлсэн 3 төсөл яаж нурж байгааг саяхан зурагтаар сайхан ярина лээ дээ. Ийм л байна
Зочин · 3 цагийн өмнө
AMUSDI80955877