Гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх туршилтыг 100 айлд хэрэгжүүлнэ
2024/11/10
Сэргээгдэх эрчим хүчийг ашиглан агаарын бохирдол бууруулах төслийг хамтран хэрэгжүүлэх талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Лин Цаотай нийслэлийн удирдлагууд санал солилцжээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, сэргээгдэх эрчим хүчийг ашиглан агаарын бохирдол бууруулах зэрэг нийгмийн салбарын тулгамдсан асуудлуудад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн туршлагаас судлан, хамтран ажиллах боломжтойг илэрхийлсэн байна.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Лин Цао “Нийслэл хотод тулгамдаж буй асуудлууд буюу түгжрэл, эрчим хүчний дутагдал, тэр дундаа агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хамтран ажиллахад таатай байх болно. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс тогтвортой ногоон хот санаачилгад хамтран ажиллах боломжийг судлах, цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлнэ” гэв.
Нийслэлийн зүгээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан, “URECA” ХХК, “Гэр өргөө” ТББ-тай хамтран Улаанбаатар хотын яндангийн тоог бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх туршилтын төслийг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн.
Төслийн хүрээнд айл өрхүүдийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдэхийн зэрэгцээ дулаалга хийж, үүний үр дүнд тухайн айл зуух, түлшний хэрэглээг халж, агаарт ялгарах бохирдол, хүлэмжийн хийг бууруулж байжээ.
Өнгөрсөн онд уг төсөлд таван айлыг хамруулсан бол энэ жил 100 айлд дахин хамтран хэрэгжүүлэх боломжийг судлахад бэлэн гэж мэдэгдсэн байна.
Зочин · 2024/11/10
SXN80955877
Зочин · 2024/11/10
ANUSDI80955877
Д.Ариунболд · 2024/11/10
Тэр 5 айлын төсөл хэр амжилттай болсон бол. Хаанаас мэдэх вэ? Төсөлд хамрагдах бол ямар шалгуур хангах ёстой юм болоо. Сонирхож байна.