Улсын их дэлгүүрийг дор хаяж долоо хоногтоо нэг өдөр амраадаг болгоё
2024/11/18
Улаанбаатар хотынхоо түгжрэлийг бууруулчих санаатай улс даяараа сэтгэл чилээж байна, хөөрхий. Ямар сайндаа урд уулаа нүхлээд гарчихвал түгжрэл буурна гэж тооцоод 5.5 их наяд төгрөгийн өртгөөр тунель барихаар болсон нь хэл ам дагуулаад эхэлсэн.
Энэ ч яах вэ, гэхдээ хэрэгжиж л таарах төсөл байх. Тэгвэл хотын төв буюу Бага тойруугийн түгжрэлийг нэг өдөр ч гэсэн шийдэж болох маш хялбар арга байгаа нь Улсын их дэлгүүрийг ядахдаа долоо хоногийн нэг өдөр амраадаг болгох юм. Тэр дундаа долоо хоногийн эхний өдөр буюу даваа гаригт байвал үр өгөөж нь бүр л илүү байх магадлалтай. Учир нь Улсын их дэлгүүр орчим бол Бага тойруугийн түгжрэлийн шалтгааны 60 орчим хувь болдог гэсэн албан бус яриа бий. Хэрэв ийм болговол эргэн тойрных нь оршин суугчид долоо хоногийн нэг өдөр ч гэсэн сэлүүхэн амьдарч, дуу чимээ багатай өдрийг өнгөрүүлдэг болно. Одоо бол эргэн тойрных нь хэдэн байрны оршин суугчид УИД-ийг хувьчилж авсан гэр бүлийнхнийг мөнгөтэй, орлоготой байлгахын төлөө гэрийнхээ гадаа түгжирч, байнгын стресстэй амьдарч байна.
Ер нь тус дэлгүүрийг тойрсон асуудал хувьчлагдсан цагаасаа хойш өдийг хүртэл 20 гаруй жил тасралтгүй үргэлжилж байгаа. Анх 1999 оны зургадугаар сарын 2-ны өдөр Засгийн газраас Улсын их дэлгүүр хувьцаат компанийн нийт хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн баталгаажсан цэнхэр тасалбар болон бэлэн мөнгөөр арилжаалахыг тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригтод зөвшөөрсөн байдаг. Улмаар УИХ-ын гишүүн асан А.Шагдарсүрэнгийн “Номин холдинг” компани дийлэнх хувьцааг нь авсан. Одоо бол 43620 жижиг хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 38.8 хувийг эзэмшдэг бол үлдсэн хувьцааг нь гурван том хувьцаа эзэмшигч эзэмшдэг юм билээ. Гэвч хувьчлагдаад 25 жил өнгөрчихөөд байхад олигтойхон ногдол ашиг тараадаггүй гэсэн байнгын хэрүүлтэй байсаар ирлээ. Хүний урманд эргэн тойрондоо ганц нэгэн авто зогсоол ч нэмж барьсангүй өдийг хүрэв. Харин эсрэгээрээ хотын төвд лангуу түрээсэлдэг Нарантуул болсон гэдгийг хүмүүс хэлдэг. Лангуугаа түрээсэлж, зүгээр мөнгө хураах мөрөөрөө хураахгүй лангуу түрээслэгчдээ элдвээр шахаж хавчдаг талаар ч гомдол өмнө нь гарч л байсан. Гайгүй орлоготой лангуунуудаа судалж байгаад шахаж гаргачихаад өөрсдөө тухайн барааг нь оруулж ирдэг гэж олон нийт ам муутай байдаг. Чухам үүнийг үнэн, худлыг нь мэдэхгүй. Ямар ч л байсан Улсын их дэлгүүр гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг хэрнээ улсынхаа өмнөө барьдаг ганц брэнд болох Говь компанийн бүтээгдэхүүнийг ч борлуулдаггүй юм билээ. Энэ нь тухайн дэлгүүрийн менежмент гэж бодъё. Гэвч уг нь гаднын орнуудын Их дэлгүүр гэдэг бол олон улсад алдартай өөрийн брендүүдээ борлуулдаг, гаднын жуулчдын нүдийг хужирлаж, мөнгийг нь хамдаг газрыг хэлдэг. Гэтэл манайх болохоор захаасаа нэг их ялгараад байх юмгүй л байна шүү дээ.
А.Шагдарсүрэн гэж цагтаа Их хурлын гишүүн хүртэл явсан хүний гэр бүлийн компани болох “Номин холдинг” Улсын их дэлгүүрийг хувьчилж аваад яг 25 жил болж байгаа. Гэвч энэ том газрыг өөрийн болгосноосоо хойш олигтойхон сэтгэл гаргаагүй нь харамсалтай. Өнөөдөр олны анхааралд өртөж, муугаар хэлүүлээд байгаа “Интермед” эмнэлэг л гэхэд хажуудаа дөрвөн давхар байшин барьж, зогсоолоо шийдчихсэн байдаг юм билээ. Сэтгэл гэдэг энэ. Бизнес хийнэ гэдэг нь зөвхөн мөнгө бодохоос гадна эргэн тойрны оршин суугчдын амар тайван байдал, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг бодохыг хэлнэ. Харамсалтай нь хувьчилж авсан гэр бүлийн компани болох “Номин” хүний хариулт мөнгө өгөөгүй гэдэг хов живэнд л орооцолдож байснаас биш нийгмийн сайн сайхны төлөө гээд олигтойхон ч цоллуулаагүй л байна. Тиймээс хотын захиргаанаас олон нийтийн төлөө тус компанийг шахах хэрэгтэй байгаа юм. Нэгэнт өөрсдөө санал санаачилга гаргаад хийхгүй байгаа болохоор өөр яалтай ч билээ дээ.
Тиймээс “Улсын” гэдэг нэрийг авч яваагийн хэрэг юу билээ, бусдын өмнө нүүр улалзуулахгүй бараа, үйлчилгээтэй болгох хэрэгтэй. Дэлхийн брэндүүд алт мөнгө, шүр сувд гээд хүний нүүр улайхааргүй бараатай өндөр зэрэглэлийн дэлгүүр байх хэрэгтэй юм биш үү. Ингэж байж жинхэнэ утгаараа Улсын их дэлгүүр болно.
Одоо бол битүү дээвэртэй Нарантуул л гэсэн үг байна. Гэхдээ захын үнийг гурав нугалаад тавьчихсан, адилхан бараатай Улсын их дэлгүүр гэж байх уу. Ямар брэнд, юу байгаа юм ийм том нэр зүүх. Хаана ч байдаг л бараа байдаг биз дээ. Олон улсын стандартыг хангаж чаддаггүй юм бол ядаж дөхөж очих ёстой. Худалдааны төв юм бол үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангаж, боломжийн хэмжээний машины зогсоолыг барьж байгуул гэдгийг нийслэлээс шахаж, албан даалгавар өгөхөд ч буруудахгүй. Хэрэв ингэж чадахгүй бол өмч хувьчлалын асуудлыг нь эргэж харахад гэмгүй. Өдий хүртэл ногдол ашгаа ч олигтойхон тараачихгүй “ашиггүй” ажилласаар ирсэн хэрнээ ажиллаад л байдаг бизнесийн байгууллага гэж байх уу даа. Бизнесийн зарчим, зүй тогтлоороо бол аль хэдийнэ дампууруулаад, дараагийн зүйлээ бодсон байна биз дээ.
Хамгийн чухал нь долоо хоногийн нэг өдөр амардаг болгох хэрэгтэй байна. Цаашид ингэж зогсоол байхгүй хэвээр байгаад байх юм бол долоо хоногтоо хоёр өдөр ч амардаг байсан болно. Замын түгжрэл, оршин суугчдын амьдралыг бодвол. Үгүй бол тэр хавийн айлуудад нөхөн төлбөр сар бүр өгдөг байх хэрэгтэй, гаднаа машин зогсоосны хөлсөнд. Энэ бүгдийг Засаг даргын захирамж гаргаад шийдчих хэрэгтэй. Тэгж байж тэнд ажилладаг хүмүүс гэр бүл, хайртай дотны хүмүүстээ гаргадаг цаг нартай болно. Ингэсний хүчинд нэг өдөр ч гэсэн хотын төв замын түгжрэл 60 хувиар буурна. Эргэн тойрны оршин суугчид нь ганц хоног ч болов стрессгүй өнжиж, гэртээ түгжрэхгүйгээр орж үзнэ. Хэрэв хүмүүсийн ая тух, эрүүл мэндийг юман чинээ бодохгүйгээр амрахгүй ажиллана гэвэл тухайн бүс нутгийн оршин суугчид болоод ажилтан, албан хаагчдад нь нөхөн төлбөр гаргуулах хэрэгтэй. Бүх зүйлийг мөнгө гэж хараад байх юм бол мэддэг хэлээр нь буюу мөнгөөр нь харьцаж яагаад болохгүй гэж. Угаасаа хэтэрхий их мөнгөөр дархан цаазат уулаа нүхлэх гэлээ гэсэн хэл аманд өртөж суухаар эхний ээлжинд ингээд түгжрэлийнхээ тодорхой асуудлыг шийдэж болохоор байна, нийслэлийнхээн.
Үүний дараагаар шийдэх бас нэг асуудал бол Теди гэж өөр нэгэн түгжрэлийн үүр бий. Энэ бол дараагийн бичих сэдэв мөн.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
Зочин · 2024/11/18
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/11/18
Бүх заруудаа хотоос гаргая
Зочин · 2024/11/18
DYRN XALYYTSTAL80955877
Зочин · 2024/11/18
SEXSEER ANUSN80955877TSAGN