Нийслэлд өчигдөр ихэнх байршилд цахилгаан хязгаарласан.

Өнөөдөр өдөр мөн хотын зарим хэсэгт хязгаарлалт хийв. Тодорхой хуваарь гаргаагүй, урьдчилж сануулалгүйгээр цахилгаан хязгаарлаж буй асуудлаар сэтгүүлчид өнөөдөр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодруулав.

- Хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлах нь хэзээг хүртэл үргэлжлэх вэ?

- 2024 оны үлдэж буй хугацаанд тодорхой хэмжээний дутагдалд орохоор байна. 

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт-ын эхний блокийг төвийн сүлжээнд холбосон, туршилтууд явж байна. Туршилт нэгдүгээр сарын 1-н гэхэд дуусаж, бүрэн чадлаараа ажиллах тооцоололтой байгаа. Ингэснээр байдал харьцангуй дээрдэнэ гэж найдаж байна. 

- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явж байна вэ?

- Ерөнхий сайдын Шанхайд хийсэн айлчлалын үеэр зээлийн тусгайлсан гэрээнд би гарын үсэг зурсан. Энэ өвөл бэлтгэлээ хангаад, ирэх жилээс ажил нь идэвхжээд явна байх.

2028 оны 7-8 дугаар сард ашиглалтад өгөх төсөөлөлтэй байгаа. 

- Эгийн голын усан цахилгаан станцын тухайд ажил нь хэр явагдаж байна вэ?

- Оросын Холбооны Улсын болон Монгол Улсын Засгийн газрын холбогдох яамдын ажлын хэсэг гарсан. Энэхүү төсөл Байгал нуурт хэр нөлөө үзүүлэх талаар хамтарсан дүгнэлт гаргана. 

- Цахилгааны хязгаарлалтыг өдөрт хэр хугацаагаар хийх тухай судалгаа бий юу?

- Өнөөдөр 10:00-11:00 цагт өглөөний оргил ачааллын үе таарч, хязгаарлалт хийсэн. Одоогийн байдлаар 150 МВт-ын гурван салхины станц төвийн бүсэд холбоотой, нэг ч үйлдвэрлэлгүй, тэг оролцоотой байлаа. 90 МВт-ын хүчин чадалтай нарны зургаан станц бий ч 11:00-12:00 цагт төвийн бүсэд эрчим хүч нийлүүлж чадсангүй.

- Яагаад?

- Нар байхгүй, хангалттай салхи гарахгүй байгаа тул оролцож чадаагүй. Иймд чадлын дутагдалд орж байна. 

- Ямар бүсэд, хэд орчим цаг цахилгаан хязгаарлах вэ?

- Арванхоёрдугаар сарын 15-наас өмнө Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блокийг төвийн сүлжээнд холбох гэж байтал урьдчилан тооцоолоогүй асуудал үүсэж, гал гарсан. Ингэснээр 14 хоног хойшилж байгаа учир 2024 оны төгсгөл хүртэл тодорхой хэмжээнд хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй. Аль болох хязгаарлалт хийхгүйн төлөө эрчим хүчний салбарынхан ажиллаж байна.



Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан Диспетчерийн Үндэсний Төв өчигдөр(2024.12.10) 16:30-22:10 цагийн хооронд 13,244 ААН, 206,348 айл өрх, нийт 219,592 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг 1-2 цагийн хугацаанд хязгаарласан юм.