“Трафигура” групп энэ сарын 13-нд 2024 оны “санхүүгийн тайлан”-гаа танилцуулжээ. Ингэхдээ манай улстай холбоотой таагүй мэдээллийг олон улсад зарласан байна.

Тодруулбал, тус группын танилцуулгад “…Улирч буй 2024 онд өөрийн үндсэн бизнес болох газрын тос, ашигт малтмал, хий, эрчим хүч, тээврийн салбараас 2.8 тэрбум ам.долларын цэвэр ашиг оллоо.

Гэвч манай Монгол дахь газрын тосны бизнест хувь хүмүүс мэдээлэл, баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хугацаа хэтэрсэн авлагыг нуун дарагдуулсан ноцтой зөрчил нь группын хэмжээний ололт амжилт, бизнесийн чанартай гүйцэтгэлийг алдагдууллаа.

2024 оны аравдугаар сард групп нийт 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээснийг тогтоосон. Үүний  358 сая ам.доллар нь 2024 оны санхүүгийн жилийн үр дүнд тусгагдсан. Үлдэгдэл нь өмнөх жилүүдийнх байсан.  Уг асуудлаарх хяналт шалгалт, мөрдөн байцаалт үргэлжилж байна. Бид сүүлийн жилүүдэд дотоод хяналт шалгалтыг сайжруулсны дүнд Монгол дахь алдааг илрүүлсэн” гэжээ.

“Трафигура”-гийн энэ танилцуулгын талаар гаднын хэвлэлүүд “...Монголд гарсан “том асуудал”-ын дараа тус группын ашиг 62 хувиар буурлаа” хэмээн мэдээлж байна. Хэвлэлүүд “…Трафигура” групп Монгол дахь газрын тосны бизнест ажилчдынхаа буруутай үйлдлээс болж 1.1 тэрбум ам.долларын хохирол амссанаас болж тул ашиг нь огцом буурчээ. 2024 оны санхүүгийн жилд 2.8 тэрбум долларын цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оноос 62 хувиар буурсан явдал болов. Энэ нь тус группын хувьд сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод үзүүлэлт болжээ. Монголд ингэж 1.1 тэрбум ам.доллар алдсан нь “Трафигура”-гийн одоогийн гүйцэтгэх захирал Жереми Уэйрийг ажиллах хугацаагаа таагүй байдлаар дуусгахад хүрлээ” гэж бичиж байна.

Учир нь Жереми Уэйрийн “Трафигура” группын гүйцэтгэх захирлаар ажиллах энэ сарын 31-нээр дуусна. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс Ричард Холтум энэ албан тушаалд ажиллана. 

Ер нь бол “Трафигура” ийм таагүй үйл явдлуудад энэ 2024 онд хангалттай нэрвэгдлээ. Бразил дахь авлигын хэргээр АНУ-ын шүүхэд буруугаа хүлээсэн.  Швейцарьт авлигын хэргээр шүүгдэж байна. Дээрээс нь Монгол… Эдгээр “давхар цохилт”-уудыг дараалан авав. Гэтэл ийм байдалтай “Трафигура” байтугай үйл ажиллагаа нь хэвийн томоохон компаниуд ч ирэх жилүүдэд тосож болзошгүй байгаа геополитик, макро эдийн засгийн гэнэтийн сорилтуудаас болгоомжилж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин