2008 онд Тавантолгойн Ухаа худгийн орд хэрхэн "Энержи ресурс" ХХК-д шилжсэн тухай 2008 оны гуравдугаар сарын 19-ний Засгийн газрын хуралдааны тэмдэглэл ил болж нийгэмд дуулиан тариад буй билээ. 

Тэгвэл энэ асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамгийн их нөөцтэй ордыг ямар замаар MCS группэд өгсөн бэ гэдэг асуудлыг судлах үүргийг Хууль зүйн сайд О.Алтангэрэл хариуцуулж өгсөн. 

Ажлын хэсэг байгуулсан энэ мэдээлэлтэй зэрэгцэн зарим хэвлэлээр MCS группын Ж.Оджаргалын хуулийн хэлтэсийн дарга З.Төрмандахыг саатуулсан гэх албан бус мэдээлэл цахим орчинд тараад буй билээ. З.Төрмандахын хувьд тэрбээр 2010 оны орчимд энэ албанд ирсэн бөгөөд өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан цагдаагийн хурандаа аж. 

З.Төрмандах нь Мөрдөн байцаах газрын дарга, Цагдаагийн сургуулийн тэнхмийн эрхлэгч зэрэг төрийн чухал алба хашиж байсан, С.Зоригийн хэргийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан төрийн нууц, цагдаагийн нарийн мэдээллүүдийг мэдэх нэгэн хэмээн эртнээс бичигддэг байв. 

Ямартаа ч албан бус мэдээлэл тун удахгүй үнэн эсэх нь баталгаажих болов уу. Харин Ухаа худгийн орд хэрхэн M Си Эс группийн харьяа "Энержи ресурс" ХХК-д шилжсэн гэх тулаан цахим орчинд нэлээд хурцадах шинжтэй байна.