Согтууруулах ундааны үйлчилгээний сургалтын журмын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Хууль зүй, Дотоод хэргийн яаманд боллоо. "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн шинэчилсэн найруулга 2023 оноос мөрдөгдөж эхэлсэн.

Энэ хуулийг дагаж гарсан хариуцлагатай үйлчилгээний журмыг шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа аж. Тиймээс согтууруулах ундааны үйлчилгээний сургалтын журмын төслийг олон нийтэд хэлэлцүүлж байгаа нь энэ юм. 

Мөн Хууль зүй, Дотоод хэргийн сайдын ахалсан архидан согтуурахтай тэмцэх сан гэж бий. Тус сангийн удирдах зөвлөлд согтууруулах ундааны төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөллүүд эн тэнцүү багтсан байдаг. Тэд цагдаагийн байгууллагатай хамтарч "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн зүйл заалтыг олон нийтэд таниулах үүднээс "хуулиа мөрдье" гэх аяныг эхлүүлсэн талаар хэлэлцүүлэг зохион байгуулагчид онцлов.

Үргэлжлүүлэн тус хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нэгдсэн арга хэмжээний талаар ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газрын дарга Б.Өсөхбаяр танилцуулж, мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Цагдаагийн байгууллага Архидан согтуурахтай тэмцэх сантай хамтраад "хуулиа мөрдье" гэх аяныг улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажил хангасан. 

"Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн шинэчилсэн найруулгад онцлох зүйл заалт бий. Хууль батлагдах үед архи уухыг шахсан хүн торгуулахаар болсон хэмээн олон нийт сайн мэдээлэл авсан.

Өөр нэг чухал зүйл заалт нь согтууруулах ундааг үйл ажиллагаандаа ашиглаж буй байгууллага, аж ахуйн нэгжүүд үйлчлүүлэгчдэдээ ундны усаар үнэгүй үйлчлэх ёстой. Энэ нь заавал савлагдсан бус бидний өдөр тутамд хэрэглэдэг цэвэршүүлсэн усыг хэлж байгаа юм. 

Мөн 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдаалахгүй байхын тулд аж ахуйн нэгжүүд иргэний бичиг баримтыг шалгах эрхтэй. Тухайн иргэн бичиг баримтаа шалгуулахаас зайлсхийсэн бол үйлчлэхгүй байж болно. Өмнөх хуульд бичиг баримт шалгана гэж заасан боловч үйлчлэхгүй байх эрхтэй гэж тусгайлан бичээгүй байсан. 

Улсын хэмжээнд зургаан гэмт хэрэг тутмын нэг нь согтуугаар үйлдэгдэж байна. Өнгөрсөн онд 28,155 этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад журамлагдсан. Тиймээс дүүрэг, орон нутгийн төлөөллүүд "хуулиа мөрдье" аянд идэвхтэй хамрагдахыг уриалж байна" гэв.