НИТХ-ын ээлжит бус тавдугаар хуралдаанаар метро төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ийг батлах асуудлыг хэлэлцэж байгаа билээ. 

Энэ үеэр Төлөөлөгч Ц.Төрхүү: Метро төслийг хэрэгжүүлэхдээ хүйтний ямар технологийг сонгосон, боловсон хүчнийг зургаан сарын хугацаанд бэлтгэх нь хангалттай юу, манайхтай адил улсад метро төсөлд гарсан бэрхшээлүүдийг судалсан уу? гэдгийг тодруулж асуусан юм.

Улаанбаатар метро төслийн захирал Т.Мөнхдалай "Норвегийн Осло, ӨМӨЗО-ны Хөххот, Японы Хоккайдо зэрэг манай улстай ижил төстэй цаг агаартай хотуудын метро төслийг судалсан.

Улаанбаатар хотын метроны 19.4 км шугамын 19.1 км нь газар доогуур хийгдэнэ. Үүнд туннель ухагч том төхөөрөмжийг байрлуулж өвөл, зунгүй газар доорх шугамаа гаргах юм. Газрын гүнд өвөлдөө нэмэх градустай байдаг. Туннелийн ханыг дотоодын зуурмагаар угсрах технологийг ашиглах тул өвлийн улиралд төслийн гүйцэтгэл зогсохгүй. Хөндий орчмоор цэвдэг байхгүй. 42 цэгт 30 метрийн гүнд геологийн өрөмдлөг хийсэн гэсэн бол боловсон хүчний тухайд "Метроны боловсон хүчнийг бэлтгэх багш нарыг БНСУ руу явуулж, сургалтад хамруулж байна. Эдгээр багш ШУТИС-ийн оюутнуудыг метроны мэргэжилтнээр дөрвөн жил сургана" гэв.

Улаанбаатар метро төслийн инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэхээр ШУТИС, БНСУ-ын Халла их сургуульд “2+2” хөтөлбөрөөр суралцуулж, эхний ээлжид 200 оюутныг сургахаар харилцан тохиролцоод буй. Тэгвэл өнөөдөр мэргэжилтнүүдийг бэлтгэх ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ын Халла их сургуулийг зорьжээ.

Өнөөдрийн хуралдаанаар "Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам"-ыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч  ээлжит бус V хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг буюу 2025 оны гуравдугаар сарын 28-нд болгож, хойшлууллаа.

Төлөөлөгч Л.Хосбаярын танилцуулснаар метро төсөл нь 15 өртөөтэй, зургаан вагонтой байх бөгөөд 2030 онд өдөрт 464,649 хүн зорчино гэсэн тооцоолол гарчээ. Вагон явах хоорондын хугацаа 4.5 минут байна. 14 өртөө нь газар доор, нэг өртөө газрын түвшинд байх бол иргэдийг дамжин суух боломжоор хангах аж.

Метроны газар доогуурх буудал дагуу ЖДҮ эрхлэгчид бүтээгдэхүүнээ худалдан борлуулах үйлчилгээний цэгүүдийг байгуулахаар ТЭЗҮ-ийг боловсруулжээ. Өртөөний байгууламж нь гурван давхар, цахилгаан шаттай байх юм байна.

Төлөөлөгч Б.Эрдэнэсүх: Нийслэлчүүд хэдэнд онд метрогоор зорчиж эхлэхийг асуухад Улаанбаатар метро төслийн захирал Т.Мөнхдалай "Метро төсөл одоогийн ТЭЗҮ-ийн төлөвлөгөөний дагуу 2030 оны аравдугаар сард ашиглалтад орно" гэв.

Төлөөлөгч О.Зундуйдорж: 2011, 2013 онд метро төслийн ТЭЗҮ хийгдсэн боловч яагаад өнөөдрийг хүртэл метро бариагүй юм бэ? 2030 онд нээлтээ хийх гэж байгаа метро төслийн төсөв 2.4 их наяд ам.доллар байна. Гэвч өмнө нь метрог барьсан бол 1.3 их наяд ам.доллар зарцуулах байсан. Мега төслийг хэн гацаасан бэ?

Төлөөлөгч Л.Хосбаяр "2011, 2013 онд метро төслийн ТЭЗҮ-ийг ЖАЙКА олон улсын байгууллага хийсэн. Одоо зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа БНСУ-ын компани ч хамтарч хийж байсан юм билээ. 

Цаг хугацааны алдагдлыг нөхөж баршгүйг Улаанбаатар хотын иргэд биеэрээ мэдэрч байгаа.

Нийслэлийн хэн гэдэг дарга байхдаа метро төслийг хэрэгжүүлээгүй вэ гэдэг алдааг өмнөх үеэс хаймааргүй байна. Яагаад гэвэл метроны төсөл 1.3 их наяд ам.долларын төсөвт өртөгтэй том төсөл. 2011, 2013 онд Монгол Улсын эдийн засаг энэ хэмжээний мега төслийг хэрэгжүүлэх хэмжээнд хүрээгүй байсан гэж харж байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орж, УИХ-ын бодлогын бичиг баримтад метро төслийг зайлшгүй хэрэгжүүлэх зохицуулалт орсон энэ цаг үед төслийн ТЭЗҮ эцэслэгдэж байгаа учир метро төслийг хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. Төслийг хэрэгжүүлэх үед төлбөр мөнгөн дээр гацахыг үгүйсгэхгүй. Нийслэлийн засаг дарга болон метро төслийн баг 85%-ийн санхүүжилтийн эх үүсвэрийг олоход санаачилгатай ажиллаж байгаа юм".

Улаанбаатар метро төслийн захирал Т.Мөнхдалай "2011 онд “Сүүсон инженеринг” компаниар хийлгэсэн метро төслийн ТЭЗҮ-ийг хэрэгжүүлэхэд тэр үеийн эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй гэсэн олон зөвлөмжтэй байсан.

2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагаас 2011 оны ТЭЗҮ-д үндэслэж эдийн засгийн хувьд хэрхэн үр ашигтайгаар метро төслийг хийвэл тохиромжтойг боловсруулж байсан. Тэр үед манай улсын эдийн засаг болон олон улсын тодорхой нөхцөл байдлаас шалтгаалан метро төсөл хэрэгжээгүй гэж би ойлгосон. 

2020-2024 онд манай улсын эдийн засаг хоёр дахин нэмэгдсэн. Одоогийн шинэчилсэн ТЭЗҮ-ээр метро төслийг хэрэгжүүлэхэд өндөр үр өгөөжтэй нь санхүү, эдийн засгийн олон судалгаагаар тогтоогдсон. Тухайлбал эдийн засгийн дотоод үр өгөөж буюу олон улсад ТЭЗҮ-ийг хэмжих нэгжээр Монгол Улсын эдийн засгийн хувьд 12%-аас дээш үр өгөөжтэй гарвал төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үздэг. Метро төсөл нь уг нэгжээр 16.54%-тай гарсан" гэж тайлбарлалаа.