“Сургуулиудад түүхий эд хадгалах стандартын агуулах байхгүй байна”
өчигдѳр
Шадар сайдын тушаалаар байгуулагдсан Хяналт шалгалтын ажлын хэсэг ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн стандартын хэрэгжилт, эрүүл ахуйн талаар тандалт судалгаа хийж байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн захирал, Анагаах ухааны доктор О.Нандин-Эрдэнэтэй ярилцлаа.
-ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандарт эрүүл ахуйн тандалт судалгаа ямар үе шаттай, хэрхэн явагдаж байна вэ?
-Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн оюуны болон бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжих, хооллох зөв дадал төлөвшүүлэхэд чиглэсэн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт, оролцогчийн эрх, үүрэг, хариуцлага, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн “ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хууль 2020 онд батлагдсан.
Үүнтэй уялдуулан Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны А/59 дүгээр тушаал гарч хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн зарчим, эрүүл ахуйн шаардлагыг тусгасан байдаг. УИХ-ын Тамгын газраас 2023 онд хуулийн хэрэгжилтийг үнэлэхэд хангалтгүй гэж гарсан байдаг.
Тэгэхээр цаашдаа энэ хуулийн хэрэгжилтийг яаж сайжруулах вэ гэдгийг бодлогын түвшинд ярьж байгаа болов уу. Харин манай Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ иргэн ААН-ээс ирүүлсэн дээжийг шинжлэхээс гадна тандалт, судалгаа, эрсдэлийн үнэлгээг зохион байгуулах чиг үүрэгтэй. Мөн үндэсний лавлагаа лабораторийн чиг үүргийн дагуу маргаан таслах, магадлан шинжилгээ хийх чиг үүргээр ажилладаг. Энэ хүрээндээ Шадар сайд С.Амарсайханы батлагдсан хяналт шалгалтын ажлын хэсэгт ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуйн тандалт судалгаа хийж байна. Мөн чихэрлэг ундааны сахарын агууламж, найрлагад, жимс жимсгэнэ, хүнсний ногоонд пестицидын үлдэгдлийн тандалт судалгаа хийхээр хяналт, шалгалтын ажлын хэсэгт ажиллаж байна.
-Тандалт судалгааг хэр өргөн хүрээнд хийж байна. Судалгааны үр дүн ямар гарч байгаа вэ?
Өнөөдрийн байдлаар 36-н ЕБС-д сургуульд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тандалт судалгаа хийсэн байна. Ингэхдээ Улаанбаатар хотоос 25 сургууль, долоон аймгаас 11 сургуульд хийсэн бөгөөд урьдчилсан байдлаар 20 орчим сургуулийн үр дүн гарсан.
Тодруулбал, хоолны дээжийн 39.6 хувьд бичил биетний бохирдолтой байгаа нь хоол хүнсээр дамжих халдварт өвчинд өртөх эрсдэлтэй гэсэн үг юм. Ингэхээр эрүүл ахуйн шаардлагыг цаашид хэрхэн, яаж хангах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй байна.
Хүнсний баталгаат байдал, аюулгүй байдал гэдэг манай улсын хувьд нэгдүгээрт тогтолцооны асуудал болоод байна. Хүнс бол нялх балчраас эхлээд Монгол Улсын 3.5 сая иргэний өдөр тутмын хэрэглээ. Тиймээс эрүүл байх ёстой. Гэтэл бид түүний аюулгүй байдлын тогтолцоонд анхаарч, урьдчилан сэргийлж чадаж байна уу гэхээр хангалтгүй байна. Үүнийг сайжруулахын тулд төрийн байгууллагууд бодлогын түвшинд арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгаа. Мөн УИХ-ын гишүүнээр ахлуулсан Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн ажлын хэсэг гарч ажиллаж байгаа.
-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандарт эрүүл ахуйн шаардлага хангалтгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна. Эрүүл, аюулгүй байхын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Олон улсын байгууллагуудаас манай хүнсний аюулгүй байдлын тогтолцооны одоогийн мөрдөгдөж байгаа дүрэм журмыг хангалттай байна. Гагцхүү хэрэгжих шатандаа анхаарч чаддаггүй юм байна гэдэг. Тэр дундаа дэлгүүрийн лангуунаас иргэдийн гарт хүрэх тэр үе шатад стандартын хэрэгжилт хангалтгүй байгааг анхаарах хэрэгтэй.
Бидний эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх нь зөвхөн нэг төрийн байгууллага, нэг сайдын эрхлэх асуудал биш юм. Энэ бол олон тогтолцооны нэгдмэл асуудал.
Жишээлбэл, хүнс гэдэг хөрснөөсөө эрүүл ургаж байх ёстой. Тэгэхээр хөрс нь байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн салбартай холбогдоно. Цаашлаад нянгийн бохирдолтой юу, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх үү гэдэг нь эрүүл мэндийн салбарын асуудал болдог. Ингэхээр хүнсний тогтолцоо гэдэг нь олон төрийн байгууллагын оролцоог хангадаг. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үүнийг сайжруулах арга хэмжээнүүд авах нь зүйтэй. Эдгээрээс гадна иргэдийн оролцоо, шаардлага чухал билээ. Жишээ нь: хадгалалтын горим хангасан бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагаа иргэд дэлгүүрт, дэлгүүр нь аж ахуй нэгжид тавьдаг тогтолцоо сайжраад ирвэл хүнсний аюулгүй байдал сайжрах бүрэн боломжтой. Үүнийг сайжруулахын тулд бүх төрлийн стандартыг сайжруулж, иргэддээ стандартын тухай мэдлэг олгох хэрэгтэй.
-Тэгвэл ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлчилгээний газрууд юун дээрээ хамгийн их алдсаны үндсэн дээр 39.6 хувьд эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэх үр дүн гарав?
-Нэгдүгээрт хүнсний бүтээгдэхүүн түүхий эд нь чанарын шаардлага хангасан байх хэрэгтэй. Хоёрдугаарт технологийн урсгалын дагуу боловсруулалт хийх ёстой. Үүний дараа хоолыг тасалгааны температурт хамгийн бага хугацаандаа 2 цаг хүртэл хадгалах зохимжтой, түүнээс олон цаг хадгалбал бичил биетний тоо өсөж, хоол боловсруулах замын өвчлөл үүсэх эрсдэлтэй.
Мөн түүхий эдийн хадгалалт чухал. Гэтэл сургуулиудад түүхий эд, бүтээгдэхүүн хадгалах, шаардлага хангасан өрөө болон хөргүүр байхгүй байна.
Түүхий эд шаардлага хангахгүйгээс бичил биетний бохирдол хоолонд үүсэж, хоолны эрүүл ахуй чанарт нөлөөлөх бөгөөд цаашлаад шим тэжээлийн асуудал хөндөгдөнө. Бидний идэж буй хүнс эрүүл аюулгүй байхаас гадна шим тэжээлтэй байх ёстой. Шим тэжээлийг хүний насны онцлогт тохируулан ДЭМБ зөвлөмж байдаг бөгөөд тандалтад хамруулсан 30 гаруй сургуулиасаа 30 гаруй хоолны дээж авсан. Тэр дээжээс эрүүл ахуй, бичил биетний бохирдлыг шинжлэхээс гадна шим тэжээл нь хүүхдийн авах ёстой хэмжээнд тохирч байна уу гэдгийг мөн судалж байна. Энэ ажлын хэсгийн тайланг энэ сарын 31-нээс өмнө Шадар Сайд С.Амарсайханд танилцуулна.
-Манай улсад хүнсний технологи, эрүүл ахуйн ямар стандартууд байдаг вэ?
-Монгол Улсад 6800 гаруй стандарт байдгийн 650 гаруй нь хүнсний чиглэлд хамаарна. Үүний 80-аад хувь нь хүнсний технологи, 20-оод хувь нь эрүүл ахуй, халдвар хамгааллын стандартууд байна. Тиймээс цаашид үйлдвэрлэгчээс иргэн, хэрэглэгчийн гарт аюулгүй очих хүртэлх бүх үе шатыг стандартжуулаад түүнийгээ 100 хувь мөрддөг тогтолцоо манай улсад шаардлагатай. Бидэнд хуулиас илүү бүх нийтээр дагаж мөрдөх стандарт чухал юм.
П.ЛХАГВАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 12 цагийн өмнө
TANILTSN80955877
Санал · өчигдѳр
Сургуулийн барилгад стандарт хэрэгтэй бна, бга бол өөрчлөх сайжруулах хэрэгтэй
Зочин · өчигдѳр
BOOBN XXN ANUSN80955877TSAGR ZYGAATSX