С.Энхболд: Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэхэд ойрхон болсон
3 цагийн өмнө
ЭМДЕГ-ын дарга асан С.Энхболдтой ярилцлаа.
-Таныг ажлаас чөлөөлсөн гэх мэдээлэл цахим орчинд гарсан байсан. Одоогоор таныг ажлаас чөлөөлсөн гэж Ж.Чинбүрэн сайд албан ёсоор мэдэгдсэн үү?
-Энэ сарын 17-ны өдөр Ж.Чинбүрэн сайд цахимаар мэдэгдэл хийсэн. Энэ үеэрээ ЭМДЕГ-ын дарга С.Энхболдтой хамтарч ажиллахгүй, огцруулж байна гэхэд л анх удаа мэдсэн. Уг нь төрийн алба чинь хууль журамтай, хэн нэгэн сайд нь шууд сошиалаар мэдэгдэл хийгээд огцруулж чөлөөлөөд байдаг зүйл биш байх гэж боддог. Сайд нь намайг огцруулж, чөлөөлөх тухай мэдэгдэл хийснээс хойш 48 цаг Хэрэг эрхлэх газар болон Эрүүл мэндийн яамнаас холбогдох байх гэж хүлээсэн ч нэг ч хүн холбогдоогүй.
Есдүгээр сарын 17-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сангийн асуудлыг танилцуулсан юм билээ. Засгийн газрын хуралд сангийн талаар танилцуулга оруулна гэж өмнө нь надаас болон манай байгууллагаас ямар нэгэн мэдээлэл тайлбар ч аваагүй танилцуулсан байна лээ. Би байгууллага удирдаж байгаа даргын хувьд байгууллагынхаа асуудалд тайлбар, мэдээлэл өгөх үүрэгтэй. Хэвлэлээр яригдсан зарим нэг илт худал мэдээлэлд тодруулга хийх зорилготой есдүгээр сарын 19-ний өдөр би мэдэгдэл хийсэн. Намайг мэдэгдэл хийсний дараа ЭМЯ-наас ажил тарах үеэр холбогдож, танд сонсох үйл ажиллагаа танилцуулъя гэж ярьсан. Тэгээд өнгөрсөн даваа гаригт буюу 22-нд би ажлаа хүлээлгэж өгөөд, чөлөөлөгдсөн.
-Эрүүл мэндийн салбартай холбоотой олон асуудал нийгэмд ихээхэн шүүмжлэл дагуулж байна л даа. Үүнтэй холбоотой Эрүүл мэндийн сайдын ажлыг та хэрхэн дүгнэх вэ?
-Ж.Чинбүрэн гэдэг хүн Эрүүл мэндийн сайдаар томилогдоод гурван сар буюу 90 хонож байна. Эрүүл мэндийн яамны харьяанд буюу шууд сайдын эрх мэдлийн хүрээнд 20-иод байгууллага байдаг. Түүнээс СЭМҮТ, Геронтологийн төв, ХСҮТ, ХӨСҮТ, УХТЭ-үүдийн дарга нар, мөн яамны газар хэлтсийн дарга нарыг сольсон байна.
Хатуухан хэлэхэд, дарга цэргийг солих хугацаа гарах байлгүй дээ. Энэ мэт салбарт тулгамдсан маш олон асуудлууд байна. Энэ асуудал руу анхаарлаа хандуулж ажиллахгүй бол эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэхэд ойрхон болсон байна. Ийм үед тухайн салбарын сайдын манлайлал хамгийн чухал байдаг. Энэ хүнийг сайн ажиллаж байна уу, муу ажиллаж байна уу гэдгийг хийсэн ажлынх нь үр дүнгээр ард түмэн дүгнэх байх.
Миний хувьд эрүүл мэндийн салбарт байгаа нөхцөл байдлыг ганцхан санхүүжилт, эрүүл мэндийн даатгалын сан гэж харахаасаа илүү салбарын тогтолцоог эргэж харах хэрэгтэй гэж бодож байна. Үгүй бол үндсэн шалтгаанаа арилгахгүйгээр ямар ч эмчилгээ хийгээд үр дүн гарахгүйтэй адил. Хүний нөөц, эмнэлгүүдийн ор ашиглалт гэх мэт маш олон чиглэлээр гадны байгууллагууд судалгаа шинжилгээ хийгээд дүгнэлт зөвлөмжөө өгчихсөн байгаа. Манай улс дэлхийд 10000 хүнд ногдож байгаа эмчийн тоогоор наймдугаарт, эмнэлгийн орны тоогоор дөрөвдүгээрт ордог улс шүү дээ. Энэ утгаараа манай эмнэлгүүдийн ор ашиглалт 60-хан хувьтай, цаана нь 40 хувийн нөөц байна гэсэн үг. Тэгэхээр бидэнд байшин барилга эхний ээлжинд хэрэггүй байгаа биз. Манай улсын эмч, сувилагч эмнэлгийн ажилчид ур чадвартай, хаана ч очоод ажиллахад гологдоод байдаггүй мундаг боловсон хүчнүүд байдаг. Салбарын хууль эрх зүйн баримт бичгүүд, тусламж үйлчилгээний стандартуудын шинэчлэл, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр гээд маш олон хийх юм байна гэж харж байна.
-Эрүүл мэндийн даатгалын сан хоосорсноос болж эрүүл мэндийн салбар бүхэлдээ доголдох асуудал үүссэн гэх мэдээлэлд тайлбар өгөхгүй юу. Ер нь яагаад санхүүжилт зогссон юм бол?
-Үнэндээ эрүүл мэндийн салбарын бодит байдал хүнд байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлууд иргэдийг маш их бухимдуулж байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв хязгаартай, нөгөө талдаа тусламж үйлчилгээ хязгааргүй хэрэгцээтэй учраас бид байгаа төсөвтөө тааруулж тоо хэмжээ тавьж нэн шаардлагатай тусламж үйлчилгээг доголдуулахгүй явуулах зорилгоор хязгаарлалтууд хийсэн. Манай байгууллага жилдээ 2300 гаруй байгууллагатай гэрээ хийж тусламж үйлчилгээ худалдан авч, санхүүжилтийг олгодог. Иргэдийг хамгийн ихээр бухимдуулж буй хэсэг буюу лавлагаа шатлалын гэрээтэй 321 байгууллага дээр л асуудал үүсдэг. Яагаад асуудал байна вэ гэхээр эдгээр байгууллагуудын 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэл 1 их наяд 400 тэрбум төгрөг гарсан. Манай байгууллага энэ жил эдгээр байгууллагуудтай 1 их наяд 180 тэрбум төгрөгөөр гэрээ хийн ажиллаж байна. 200 гаруй тэрбум төгрөгөөр бууруулсан байгаа биз. Бидний хувьд байгаа төсөвтөө багтаах ёстой, төсөв багассан учраас эмнэлгүүдэд тэр хэмжээгээр санхүүжилт буурсан. Эмнэлгүүд батлагдсан санхүүжилтдээ тааруулж ажиллахаас өөр сонголтгүй учраас тоо хэмжээг бууруулсан. Зарим эм тариаг иргэдээр гаднаас авахуулах гэх мэт асуудлууд иргэдийг маш их бухимдуулж байгаа.
Дээрх лавлагаа шатлалын 321 эрүүл мэндийн байгууллагын 85 нь улсын өмчит, 236 нь хувийн хэвшлийн байгууллага байгаа. Иргэд даатгалын мөнгийг хувийн хэвшилд өгөөд хоосруулчихлаа гэж их ярьдаг. Тийм зүйл огт байхгүй. Энэ жилийн хувьд гэхэд даатгалын нийт төсвийн 7 хувь нь буюу 163 тэрбум төгрөгийг хувийн хэвшлийн 236 байгууллагад, 45 хувь буюу 1 их наяд 13 тэрбум төгрөгийг улсын эмнэлэгт хуваарилаад санхүүжилтийг нь олгоод явж байгаа.
-Эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог тодорхойгүй хугацаагаар хийхгүй болно гэж эмнэлгүүд мэдэгдэл гаргасан байсан. Үүнд иргэдийн хувьд шүүмжлэлтэй хандаж байгаа шүү дээ. Энэ байдал хэр удаан үргэлжлэх вэ?
-Энэ оны долдугаар сард төсвийн тодотголоор Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөөс 51.4 тэрбум төгрөг хасаж, бууруулж баталсан. Өнгөрсөн наймдугаар сард Эрүүл мэндийн даатгалын сангийн нөхцөл байдлыг ЭМДҮЗ танилцуулсан. Эрт илрүүлэг түр хугацаагаар зогсоох чиглэл яамнаас ирсэн. Үүний дагуу манай байгууллага гэрээт байгууллагууд руу мэдэгдэл хүргүүлж, аравдугаар сарын 1-нээс зогсоож байгаа. Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгоог зогсоосон нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, аравдугаар сараас цааш санхүүжүүлэх төсөв хасагдсан. Хоёрдугаарт, 2022 оны тавдугаар сараас хойш урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгоонд Монгол Улсын 1 сая 700 мянган хүн буюу нийт хүн амын 50.6 хувь нь хамрагдаж, өвчлөлийн маш том дататай болсон. Цаашид ямар эмгэг илүү илэрсэн тэр сегмент рүү чиглэсэн байдлаар ажил хийхээр ажлын хэсэг гараад ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд хийсэн эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд маш үр дүнгүүд гарсан. Нэг жишээ дурдахад, 2021 онд хорт хавдрын эрт үеийн оношилгоо 25 хувь байсан бол 2024 онд 36.3 хувь болж нэмэгдсэн. Хожуу үедээ оношлогдох хувь 75 байсан бол 2024 онд 63.7 хувь болж буурсан байна. Гурван жилийн хугацаанд 11.3 хувийн өөрчлөлт гэдэг маш том амжилт гэж харж байгаа. 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг хэвийн үргэлжилнэ.
-Ер нь эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа асуудлуудыг яаж шийдэх вэ?
-Ер нь эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа асуудлын гол шалтгаан нь тогтолцоондоо байна. Тогтолцоо гээд байгаа нь засаглал, санхүүжилт, хүний нөөцийн бодлого. Энэ олон асуудлыг цэгцлэх, шинэчлэх тийм үе ирсэн байна. Энэ бүгдийг үе шаттайгаар шийдэж байж иргэдийн авах тусламж үйлчилгээ хүртээмжтэй, чанартай болно. Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ үндсэн хоёр чиглэлээр явагдах ёстой. Нэгдүгээрт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хоёрдугаарт, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ байдаг. Манай улсын хувьд нийгмийн эрүүл мэндийн тусламжаа илүү сайжруулж, иргэд рүү чиглэсэн эрүүл боловсрол олгох ажлуудыг цогцоор нь хийх хэрэгтэй байна.
Г.БАЛГАРМАА