Б.Ирээдүй: Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцахгүй байгаагаас хэл ярианы бэрхшээлтэй болдог
4 цагийн өмнө

Тусгай хэрэгцээт боловсрол болон “KID” хэл заслын төвийн багш Б.Ирээдүйтэй яагаад бага насны хүүхдүүд хэл ярианы бэрхшээлтэй болж буй талаар ярилцлаа.
-Танай төвд ихэвчлэн хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд ирдэг үү. Энэ төрлийн хүүхдүүд өсөх хандлагатай байна уу?
-Одоо манай төвд аутизмын хүрээний эмгэгтэй болон дауны синдромтой хүүхдүүд явж байгаа. Оюун ухааны хувьд эрүүл ч хэл ярианы бэрхшээлтэй, 3-5 настай ч хэлд ороогүй, бөөрөнхий хэлтэй, ээрдэг гэх шалтгаантай хүүхдүүд ч давхар явдаг. Сүүлийн үед дөрөв, таван нас хүртлээ хэлд ороогүй, хэт удаан ярьдаг хүүхдүүд нэлээд нэмэгдэж байгаа. Ганцхан манай төвөөс гадна бусад газруудад ч ялгаагүй. Би өмнө нь тусгай хэрэгцээт боловсролын багшаар ажиллаж байсан юм. Тухайн үед би хэл ярианы оношилгоон дээр суудаг байлаа. Өмнө жилээс сургалтын төв нээгээд, бие даан ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд миний ажигласнаар хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд үнэхээр огцом нэмэгдэж байна.
-Энэ нь юутай холбоотой вэ. Хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд нэмэгдэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар ярихгүй юу?
-Үүнд нөлөөлж буй хамгийн том шалтгаан бол эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ерөөсөө ярилцахгүй байгаа юм. Бага насны хүүхдэд ярих орчин хамгийн хэрэгтэй байдаг. Миний хувьд эцэг эхчүүдэд юу гэж зөвлөдөг вэ гэхээр хүүхэдтэйгээ ярилц. Аль болох хүүхдээ яриулж бай гэдэг.
Гэтэл аав, ээж нар хүүхдэдээ утас, зурагт, таблет үзүүлэх замаар үүнийг орлуулах гэж оролддог. Эсвэл эцэг эхчүүд өөрсдөө дэлгэц ширтээд суучихдаг сул талтай. Нөгөөтэйгүүр хүн бүр завгүй ажилтай ч хүүхэдтэйгээ ярилцахгүй байж болохгүй шүү дээ. Энэ бол зүгээр л шалтаг юм. Одоо эцэг эхчүүд хүүхдийнхээ алтан үе буюу 3-4 насанд нь ярилцахгүй, сонсохгүй байж байгаад нэг л өдөр “Манай хүүхэд оюун ухааны хувьд эрүүл, сонсож чадна. Гэхдээ ярьж чаддаггүй. Үеийнхнээсээ удаан ярьдаг.
Эсвэл ээрээд байна. Та засаад өгөөч” гээд ороод ирдэг. Хэрэв та бага насны хүүхдэдээ зурагт, таблет, ухаалаг утас үзүүлдэг бол дүрсний давтамж л харж байгаа шүү дээ. Түүнээс биш ярих орчин бүрдэхгүй. Тухайн хүүхдээс “Өнөөдөр цэцэрлэг дээр нь ямар хоол өгсөн. Амттай байсан уу. Чи ямар өнгөтэй подвалк өмсчихсөн байна вэ. Найзуудтайгаа тоглосон уу” гэх мэт зүйлийг асууж, ярилцахгүй байгаад л бүх асуудлын зангилаа оршдог. Ялангуяа 3-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүд үргэлж ийм асуулт асууж, харилцан ярилцаж байх ёстой. Дэлгэц ширтээд сууж буй тохиолдолд ямар ч амьд харилцаа үүсэхгүй. Өөрөөр хэлбэл, таны хүүхэд ярьж сурахгүй гэсэн үг. Нас нь болчихсон хэрнээ хэлд орохгүй, муу ярьдаг, ээрдэг байх жишээтэй.
-Үүнээс өөр нөлөөлөгч хүчин зүйл бий юу?
-Дээр дурдсанчлан хүүхдийн 3-4 насыг алтан үе гэж нэрлэдэг. Аливаа хөгжлийн хоцрогдлоосоо хамаараад хүүхдийн хэл яриа удааширдаг, хэлд орохгүй удах тохиолдол бий. Оюун ухааны хомсдол гэхээсээ илүү тухайн хүүхдийн хэл ярианы төв нь удаан боловсорч байдаг. Дараагийн шалтгаан бол сонсголын бэрхшээлээс үүдэн хэлд орохгүй уддаг. Энэ нь эрүүл мэндийн шалтгаандаа орно. Түүнчлэн аав ээж хоёр нь гэртээ муудалцдаг, маргалддаг бол хүүхэд цочрол авдаг.
Бага насны хүүхэд хэтэрхий мэдрэмтгий сэтгэл зүйтэй байдаг. Тиймээс эцэг эхчүүд энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Мэдээж, дауны синдромтой, аутизмтай хүүхдүүдийн хувьд асуудал арай өөр шүү дээ. Оюун ухааны хувьд эрүүл хэрнээ 3-5 нас хүртлээ ярьж чадахгүй, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд эцэг эх нь харилцан ярилцах замаар, ярих орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Дийлэнхдээ эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцахгүй байсны улмаас хэл ярианы бэрхшээлтэй болдог.
-Танд эцэг эхчүүдэд өгөх өөр зөвлөгөө байна уу?
-Хамгийн гол нь өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ дэлгэцийн хэрэглээг багасга. Үүний оронд амьд харилцаа үүсгэ. Хүүхэдтэйгээ ярилц. Мөн багштай нь ч эцэг эхчүүд харилцаа үүсгэмээр байна. Өнөөдөр манай хүүхэд юу хийсэн бэ гэж асууж хэвших хэрэгтэй. Гэтэл аав, ээж нар өглөө цэцэрлэгт нь хүргэж өгөөд, орой авдаг л үүрэгтэй. Үүнээс өөр байдлаар хүүхдийнхээ цэцэрлэг дээрээ юу хийснийг огт сонирхдоггүй. Багшаас нь хүүхдийнхээ талаар юу ч асуудаггүй хандлага ажиглагддаг. Манай төвд хандсан эцэг эхчүүдэд би ийм л зөвлөгөө өгдөг. Мэдээж, миний зүгээс мэргэжлийн хэмжээнд сургалт орно.
-Танай сургалтын төвийн хувьд ямар арга барилаар хэл ярианы бэрхшээлийг арилгадаг вэ?
-Манай төвийн хувьд
ганцаарчилсан сургалт ордог онцлогтой. Харилцан адилгүй шалтгааны улмаас хэл ярианы бэрхшээл үүсдэг учраас хүүхэд тус бүрд сургалтын хөтөлбөр боловсруулах ёстой болдог. Тиймдээ ч манай төв олон хүүхэд авдаггүй. Өдрийн цагийн анги маш хурдан дүүрдэг. Дээр нь хүүхэд тус бүр дээр биечлэн ажиллаж, тодорхой үр дүн гаргахын тулд удаан хугацаагаар сургалт орох шаардлагатай. Жишээ нь, аутизм дотроо олон төрөлтэй. Аутизмтай бүх хүүхэд ижилхэн нэг үгийг зөв хэлдэг гэсэн ойлголт байхгүй. Хүүхэд бүр өөр өөр шинж тэмдэгтэй учраас бид өөрсдөө эхлээд яаж ажиллах вэ гэдгээ боловсруулах хэрэгтэй. Үүнээс их зүйл шалтгаалдаг. Мэдээж, бодит үр дүн гаргахын төлөө хичээнэ. Хүүхэд бүрд ахуйн талаас нь засал өгнө. Ядахдаа аутизмтай хүүхдүүд маань нэрээ хэлж, бичиж чаддаг болбол энэ бодит үр дүн. Дараа нь дэлгүүрээр үйлчлүүлсэн бол хариулт авах ёстой гэх мэт ахуйн нөхцөлд өөрийгөө илэрхийлэх, хүний ярьж буйг ойлгоод, хариу үйлдэл үзүүлэх чадвар суулгах нь хамгийн чухал. Оюун ухааны хувьд эрүүл ч хожуу хэлд орсон, ярьж чадахгүй, бөөрөнхий хэлтэй, удаан ярьдаг, ээрдэг хүүхдүүдийн хувьд ярих хэрэгцээ, орчныг нь хангаад, тодорхой хэмжээнд ажиллаад өгөхөд харьцангуй хурдан үр дүн гарах боломжтой.
-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?
-Томчууд хэлд ороогүй, ярьдаггүй хүүхэдтэй харьцахдаа зарим алдаануудыг нийтлэг гаргадаг. Хүүхдийнхээ нүдний түвшинд тааруулан доош суулгүйгээр дээрээс ярьдаг. Мөн хүүхдийнхээ сонирхлыг үл тоон, өөрийнхөө зааврыг хүчээр биелүүлэхийг шаарддаг. Мөн хэт олон үг хэлж, дараалуулан заавар өгөх хандлагатай. Энэ бүгд нь эцсийн дүндээ таны хүүхдийг сайн ярьж сурах, өөрийгөө илэрхийлэх боломжийг нь хааж байдаг юм шүү. Сонирхуулаад хэлэхэд, нярай хүүхдийн ор нь хэл яриаг удаашруулахад хамгийн их нөлөөлдөг. Ялангуяа бага насны хүүхдийг сэрүүн байхад нь орон зай багатай нярай хүүхдийн орон дээр байлгаснаараа мөлхөх, авирах, саадыг гатлах гэх мэт хөдөлгөөн хийж чадахгүй болгодог сул талтай.
А.Даваадулам







Зочин · 3 цагийн өмнө
XUCHINDEX AXN ANUSN NUX XELEERE EZEMDMEER DOLOON80955877TSAG SHAALTSI
Зочин · 3 цагийн өмнө
BIEE UNELELN AL SEKSDEED ANUSDAX XALYYN XUSSEN BOOB XXN BOOW DOLOOGD80955877