Хэрэглэгчийнхээ тоогоор дэлхийд эхний 20-д, Хятадад эхний 5-д орох “Вэйбо” хэмээх нийгмийн сүлжээ сайт бий. Хятадын алдарт энэ цахим сүлжээнд 40-70 сая дагагчтай хаяг бий гэхээр тус сайт ямар нөлөөтэй нь харагддаг.

Мэдээж хэрэг, энэ сүлжээний гол хэрэглэгчид нь орчин цагийн хятад залуус. Хятад коммунист орон, хэвлэл мэдээлэлд хатуу хяналт тавьдаг хэдий ч, “Вэйбо” нь олон сая хятад залуусын үзэл бодлын индэр болжээ.

Энэ оны 3, 4 дүгээр сард олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр, олон сая хятад залуус оролцсон вэйбогийн нэгэн анхаарал татсан хэлэлцүүлгийн талаар чухалчлан мэдээлсэн юм. Орос өөрийн түүхэн газар нутаг гэж үздэг Крымийн хойгийг Украйнаас булаан авч, өөрт нэгтгэх үеэр олон сая хятад залуус вэйбогоор дамжуулан Оросын энэ алхам зөв эсэх талаар идвэхтэй шүүн хэлэлцсэн нь эцэстээ Монголыг Хятадад нэгтгэх тухай сэдэв рүү гулсан орсон билээ. Энэ нь ирээдүйд Хятад гүрнийг авч явах олон сая залуус чухам юу хүсч, дотроо ямар бодол тээж явдгийг харуулсан юм.

Хэдэн жилийн өмнө, хятадууд дээрх яриаг гаргасан бол тэднийг хоосон мөрөөдөгчид хэмээн тохуурхан өнгөрч болох байв. Тэр үед “цаасан бар” гэж нэрлэсэн Хятадын “хөөсөн” эдийн засаг нь хямарч, үүнийг дагаад нийгмийн тогтворгүй байдал үүснэ гэсэн таамаг олон улсын судлаачдын дунд нэлээд тархаж байсан юм. Тодорхой хэлбэл, хямрал 2008-2010 оны хавьцаа тохиох ёстой байв. Гэвч, энэ таамаг батлагдаагүй. Харин үүний эсрэгээр, 2008 оны сүүлээр бараг хэн ч урьдчилж хараагүй санхүүгийн хямрал АНУ болон Баруун Европын орнуудыг сандаргасан билээ.

Хятад улс сүүлийн арав гаруйхан жилд эдийн засгийн төдийгүй цэрэг, зэвсгийн хувьд улам хүчирхэгжжээ. Хятадын хүчирхэгжилт гэгч нь ам дамжсан яриа, хоосон айдас, эсвэл хятадууд эртнээс нааш дайсагнаж ирсэн хөрш орнууддаа өөрийгөө хий дөвийлгөн харуулж буй хэрэг огт биш байв.  

Шинэ Дели хотноо төвтэй “Үндэсний аюулгүй байдлын судалгааны сан” (FNSR) хэмээх байгууллага 2001 оноос дэлхийн улсуудын “хүчний ерөнхий индекс”-ийг тогтмол гаргаж иржээ. Тус байгууллага дэлхийн улсуудын хүчин чадавхийг эрэмблэхдээ “эдийн засаг”, “цэрэг”, “хүн ам”, “технологи”, “эрчим хүчний аюулгүй байдал”, “олон улсын харилцаанд нөлөөлөх чадавхи” гэсэн таван үзүүлэлтийн дагуу цуглуулсан мэдээнд маш нарийн статистик анализ хийснээр хүчний индексийг гаргадаг байна.

“Үндэсний аюулгүй байдлын судалгааны сан”-гаас гаргасан 2012 оны индексээр, дэлхийн хамгийн хүчирхэг улс АНУ-д арай дөхөж очих хүчний индекстэй ганц улс нь Хятад байв. Гэхдээ, Хятад 2030 оны орчим АНУ-ыг гүйцэж магадгүй гэнэ. Мөн, дэлхийн улс орнуудын армийн чадавхийг дангаар нь эрэмбэлдэг “Цэргийн хүчний глобал индекс” (GFP) хэмээх өөр нэг цуврал судалгааны 2014 онд мэдээлсэн индексээр, Хятадын арми хүчин чадавхиараа АНУ, Оросын дараа гуравдугаарт оржээ.

Хятадын хүчин чадал нэмэгдэж буйд таагүй хандддаг орнууд олон хэдий ч, Хятадын эдийн засаг хямраасай гэж хүсдэг нь харин өнөөдөр тун цөөн байж магадгүй. Өрнөдийн хөгжингүй орнууд, түүний дотор эдийн засгийн хувьд барьц алдан тэвдэж буй Баруун Европын орнууд аварга том Хятадын зах зээлийг одоо аврал хэмээн харж байна. Хамгийн сүүлд, Европын хамгийн том эдийн засаг, Герман улс 80 тэрбум доллараар хэмжигдэх эдийн засгийн хамтын ажиллагаа эхлүүлэхээр Хятадтай хэлэлцэн тохирчээ. Үүний сацуу, хятадууд өөрсдөө Баруун Европт томоохон хөрөнгө оруулагч болон хувирав. Одоо тэд баруун европчуудын эрхэлдэг нэр хүндтэй олон тооны бизнесийг хөрөнгө оруулалтын компаниудаараа дамжуулан идвэхтэй худалдан авч байна.

Украйнаас болж АНУ тэргүүтэй барууны улсуудтай харилцаа эрс муудсан Орос гүрэн ч Хятадтай улам бүр ойртон дотносчээ. Хэдийгээр оросууд Хятадын хүчирхэгжилтэд санаа зовж, ирээдүйн өрсөлдөгчөө хэмээн хардаг гэх боловч нефт, хийн шинэ зах зээл Хятадад аль болох найр тавьсаар. Ялангуяа, энэ үед Оросыг нөмрөх Хятадын аюул гэгчийн гол талбар болох Оросын Алс Дорнод улам бүр Хятадын нөлөөнд гулсан орох дүр зураг харагдах болов.

Ричард Руссо гэгч судлаачийн бичсэнээр, “Бүх үзүүлэлтээр Оросын Алс Дорнод эдийн засгийн хувьд, хурдацтайгаар Хятадаас хараат болж буй гэдэг нь харагдаж байна. Энэ нутгийн ирээдүй Оросын орон нутгийн эрх баригчид бус, харин орон нутгийн хятадуудын гарт орсон... 1990-ээд оны сүүлээр, оросуудын хувьд хятадуудтай гэр бүл болно гэдэг төсөөлшгүй зүйл байв. Гэвч өнөөдөр орос эмэгтэйчүүд оросуудаас илүү хөдөлмөрч, архи бага уудаг хятад нөхөртэй болохдоо нэг их эргэлзээд байдаггүй болжээ.”

Одоогоос арав орчим жилийн өмнө, Хятадын хүчирхэгжилт гэгчид эргэлзэх хүн олон байсан бол өнөөдөр энэ нь бодитой гэдгийг ийнхүү аргагүй хүлээн зөвшөөрч эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн, Хятад гүрэн хүчин чадлаа мэдрэв. Урьд нь, Хятадын хилийн чанад дахь бодлого ихэвчлэн эдийн засгийн шинжтэй байсан бол одоо улс төрийн идвэхтэй үйл ажиллагаанд шилжих болжээ. Үүний сүүлийн нэг жишээ нь Монгол болж байна.

Хятад өөрийн умард хөрш Монголыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д элсүүлэх асуудлыг сая нээлттэй хөндөн тавилаа. Хятадууд Монгол ШХАБ-д элсэнэ гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Учир нь, Монголын эрх баригчид өөрсдөө ийм хүсэлт гаргасан гэнэ. Орос, Хятад хоёр улс нөлөөллийн хүрээгээ бий болгохоор голлон санаачилж байгуулсан гэгддэг ШХАБ-ын талаар янз бүрийн мэдээлэл, таамаг, санаа бий хэдий ч, уг байгууллагад элссэн Төв Азийн жижиг орнуудад Хятадын нөлөө маш ихээр нэмэгдсэн нь илт харагдах болжээ. Жишээлбэл, ШХАБ-ын гишүүн орнуудын хамгийн сүүлийн чуулга уулзалтаар нийгэм, эдийн засгийн тодорхой зорилтууд дэвшүүлсний дотор гишүүн орнуудад хятад хэл-соёл ба боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилт хүртэл багтан орсон байдаг юм. Иймд, хэрэв Монгол Улс ШХАБ-д элсвэл, тэнцвэртэй гадаад бодлогоосоо хазайх төдийгүй, дээрх мэтийн зорилтуудыг хэрэгжүүлэх замд эргэлт буцалтгүй орно гэдэг нь нэн тодорхой харагдаж байна.

Хятад гүрнийг залж, авч явах олон сая залуус нийгмийн цахим сүлжээгээр дамжуулан Монголын ирээдүйг хэрхэх тухай идэвхтэй хэлэлцэж буй энэ үед Монгол Улс тэнцвэртэй гадаад бодлогоосоо ухарч, ШХАБ-д элсэнэ гэдэг тэдний хувьд тун сайн мэдээ. Харин, эх орноо ШХАБ-ын гишүүн болгосон эрх баригчид хожмын Монгол түүх судар гэх юм үлдвэл Шанзав Бадамдорж нарын адил бичигдэн үлдэж болох юм. Ядарсан ард түмэндээ хаан мэт дээрэнгүй хандах өнөөгийн манай эрх баригчид "өөрийн хүслээр" ШХАБ-д элсэнэ гэж буйгаас үзвэл, улам бүр хүчирхэгжих өмнөд хөршдөө тэнцвэртэй гадаад бодлогоо олигтойхон ойлгуулж хэлэх өчүүхэн зүрх байгаагүй бололтой.

 

Ш.Т.Лантуу