“Дараа төлбөрт эдийн засаг”-ийн SOS
2014/09/22
Манай улс өнгөрсөн онд улын нэгдсэн төсөв, үнэ тогтворжуулах хөтөлбөр, Чингис бонд, Хөгжлийн банкны санхүүжилт зэрэг олон төсөвтэй болж, ДНБ-ийхээ 76 орчим хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгийг төрөөс зарцуулсан хэдий ч ард түмний амьдрал дээшилсэнгүй.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Засгийн газрын гадаад өрийн хэмжээ 3.1 тэрбум гаруй ам.доллараар нэмэгдсэн нь өмнөх 22 жилийн хугацаанд үүсгэсэн өр зээлээс даруй 900 гаруй сая доллараар илүү байгаа юм. Цаашид энэ хэмжээ улам нэмэгдсээр байна.
Гэтэл 2012, 2013 онуудад үүсгэсэн 3.1 тэрбум долларын өрийн дөнгөж 13 орчим хувь буюу 401.3 сая ам.доллар нь
Олон Улсын банк, санхүүгийн байгууллага, түншлэгч улс орнуудаас авсан хөнгөлөлттэй зээл байгаа бөгөөд бусад арилжааны шинжтэй зээл байгаа юм.
Шинэчлэлийн Засгийн газар Чингис бондыг арилжаалахгүйгээр түнш орнуудаас тодорхой төсөл хөтөлбөрт зориулсан 20-30 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлтэй нэг тэрбум орчим ам.долларын зээлийг авч болох байсан ч энэ боломжоо ашигласангүй” хэмээн “Өргүй Монгол” төрийн бус байгууллага эрс буруушааж байсан.
УИХ-ын намрын чуулганаар төсөвт тодотгол хийнэ гэсэн хүлээлт буй ч магадгүй Өрийн удирдлагын тухай хуулийг баталж өрөө хууль ёсны болгож албан ёсоор “Дараа төлбөрт эдийн засагт улс” болох магадлал өндөр байна. Улсын өрийн хэмжээ 2011 онд 4.9 их наяд төгрөг байсан бол 2012 онд 8.9 их наяд, 2013 онд 11.4 их наяд төгрөг болж 2011 онтой харьцуулахад 1.8-2.3 дахин нэмэгджээ.Зөвхөн Чингис бондын 2013 оны хүүгийн төлбөрт 99 тэрбум төгрөг улсын төсвөөс төлсөн нь Монгол Улсын Засгийн газрын 1990 оноос хойш авч ашигласан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн 2013 онд төлөгдсөн үндсэн төлбөрөөс 500 сая төгрөгөөр илүү, түүний хүүгийн төлбөрөөс 3,1 дахин их мөнгийг төлсөн байгаа нь улсын төсөвт хэр хэмжээний ачаалал бий болгож буй аж.
Монгол Улсын Засгийн газар 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг, 2018 онд Чингис бондын 500 сая ам.доллар, 2022 онд нэг тэрбум ам.долларыг төлнө. Засгийн газрын үүсгэсэн өрийг Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын мөнгөөр төлөх нь ойлгомжтой. Энэ ачаалал хэчнээн аж ахуйн нэгжийг хаалгаа барихад хүргэж, хэдэн хүнийг ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлэхийг таашгүй.
Засгийн газрын 2013 оны санхүүгийн тайланд хийсэн Үндэсний аудитын газрын дүгнэлтэд Засгийн газрын өр, төлбөрийн хэмжээ ганцхан жилийн дотор 50 хувиар нэмэгдэж 17.7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь нэг жилийн ДНБ-ий 86,3 хувьтай тэнцүү байна. Энэ нь одоо үйлчилж байгаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг ноцтой зөрчиж, өрийн хэмжээ 46.3 хувиар даваад байгаа нь “түгшүүр зарлаад” байгаа юм.
Засгийн газраас өргөн барьсан “Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд ДНБ дэх өрийн хэмжээг 70 хувь, Засгийн газрын баталгааны хэмжээг 20 хувь байхаар гэж оруулж ирсэн нь бодит байдлаас зөрсөн хуулийн төсөл болсон гэдгийг эдийн засагчид шүүмжилж байна. ДНБ –д харьцуулсан өрийн хэмжээг багасгахын тулд төрийн өмчит байгууллагуудын өрийг Засгийн газрын өрөөс хасч тооцох, эсвэл хувьчлахаар төлөвлөөд байгаа гэх зэрэг олон мэхийг хэрэглэж буй нь олон улсын стандартыг зөрчиж байгааг гаднынхан ч шүүмжилсээр байгаа юм. ДНБ-ий өсөлттэй уялдуулж өрийн хэмжээг өсгөхөөр тусгасан байгаа нь эрх баригчид Монгол улс, Монголын ард түмнийг өрөнд оруулж, улс орны хөгжлийг олон жилээр уруу татаж, өнөө үе болон ирээдүй хойч үеийнхнийхээ хөгжил, хангалуун сайн сайхан амьдрах боломжийг нь хаасан бодлого явуулахаар төлөвлөж байгааг буруушааж байна.
Эндээс “Дараа төлбөрт эдийн засаг” хөгжлийг ухраах нь гэсэн эмгэнэлт төсөөллийг төрүүлэх болов. Тухайлбал 2015-2017 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2017 онд өрийн хэмжээг 21.3 их наяд, Засгийн газрын баталгааны хэмжээг 6.1 их наяд төгрөг хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
“Өр бол дэлхийг хөдөлгөгч хүч” гэх онол Монголд лав тохиромжтой биш. Магадгүй хөгжлийг ухраагч хүч байж болох юм. Монголчууд “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэгчлэн хэр чинээгээрээ, тодорхой тооцоо судалгаанд тулгуурлан өрийн хэмжээгээ зохицуулж ирсэн. Харин утга учиргүй, хэмжээ хязгааргүй өр тавьж, хэрхэн төлөхөө мэдэхгүй барьцаанд сайн дураараа орсоор байгаа нь үндэсний аюулгүй байдалд хохиролдтой. “Монгол төгрөгийн ханш сүүлийн нэг жил хүрэхгүй хугацаанд 36 гаруй хувиар суларч 2013 онд дэлхийд хамгийн их суларсан гурван мөнгөн дэвсгэртийн нэгээр шалгарсан”-ыг Блүүмбэрг мэдээлж байсан. Харин амжилт мэт давшин тэмүүлж буй айсуй өрийн хэмжээгээр бол энэ мэдээ бүр ч бараанаар тусаж дэлхий нийтэд өрөөрөө тэргүүлэх биз ээ. Энэ талаас нь харвал “Дараа төлбөрт эдийн засаг” Монголд тохиромжтой биш. Тэр тусмаа хариуцлагын тогтолцоо бүрхэг байгаа энэ цаг үед бүр ч болгоомжлох асуудал билээ. Энэ оны эхний улиралын байдлаас харахад Монгол Улсын нийт гадаад өр 19,88 тэрбум ам.доллар буюу 37 их наяд төгрөгт хүрээд байгаа энэ мөчид Засгийн газар хяналтаа тавьж өрөө хязгаарлах учиртайг дахин сануулъя.
С.Мөнгөндөл