МАН-ын дарга М.Энхболд: Эмэгтэйчүүд маань эв эеийг эрхэмлэх түүчээ болон ажиллаасай
2014/10/07
Монголд эмэгтэйчүүдийн байгууллага үүсч хөгжсний 90 жилийн ойг тохиолдуулан нийт эхчүүд, эмэгтэйчүүд, азай буурлууд, охид бүсгүйчүүддээ энэ түүхт ойн баярын халуун мэндчилгээ дэвшүүлж, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
90 жилийн өмнө ”Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” нэртэй тулгын чулуугаа засаж тавьсан энэ байгууллага өдгөө, эгнээндээ 60 гаруй гишүүн байгууллагыг нэгтгэсэн, Монголын нийт эмэгтэйчүүдээр овоглосон Үндэсний хэмжээний Холбоо болон өргөжиж, олон улсад өөрийн байр суурийг бэхжүүлж чадсан амжилтаар түүхт ойгоо тэмдэглэж байгаад намынхаа гишүүд дэмжигчдийн өмнөөс баяр хүргэж байна.
Нийгмийн шилжилтийн он жилүүдэд бэрхшээл зовлонг үл ажирч, Монгол эхийн дайчин, хөдөлмөрч зүтгэлээр төр нийгэмдээ тус дэм хүргэж, улс орныхоо хөгжлийн бүхий л салбарт хувь нэмрээ оруулсан, одоо ч зүтгэж буй үе үеийн эмэгтэйчүүдээрээ Монголын ард түмэн, төр засаг бахархаж, боломж чадлаараа дэмжин, хамтарч ажиллаж ирснийг энэ өдөр зориуд тэмдэглэх нь зүйтэй. Тэр дундаа улс төрийн ууган хүчин болох Монгол Ардын Нам Монголын Эмэгтэйчүүдийн Холбоотой олон жил хамтдаа зүтгэж, жаргал зовлонгоо хуваалцаж ирсэн түүхтэй хэн ч маргахгүй нь лавтай үнэн.
МАН бусад улс төрийн намуудад жишиг болох санал санаачлага гарган шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар намынхаа дүрмэнд 25 хувийн квот оруулсан нь эмэгтэйчүүд Та бүхний төлөө хийсэн улс төрийн томоохон шийдвэр юм.
Бидний амьдарч буй нийгэм өдрөөс өдөрт өөрчлөгдөхийн хэрээр, хүмүүсийн харилцаанд эерэг сөрөг олон өөрчлөлтүүд гарч байгаа цаг үед эхчүүдийн маань үр хүүхдээ ялгалгүй ханддаг ээжийн сэтгэлээр эв эеийг эрхэмлэн, эх орныхоо хөгжлийн түүчээ болон ажиллаасай гэж хүсэж байна. Улс орны хамгийн халуун цэгт, хайр энэрэл, халамж анхаарал хүссэн газар бүхэнд хүрч ажиллаасай. Нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийг өндөрт өргөж, эмэгтэйчүүдийн манлайллыг хөгжүүлж ажиллаасай. Монголын эмэгтэйчүүдийн бүх байгууллага хамтран ажиллаж өндөр амжилтанд хүрэхийг Та бүхэндээ уриалж байна.
МАН-ЫН ДАРГА М. ЭНХБОЛД
2014.10.08
Зочин · 2014/10/11
gazriin chenj Ulaanbatar xotiin gazriig *** bolgoson ichix nyyrgyi ***** MAN ene ulaandaa garsan luyivarchingaa avilgachidtai ni ****uulaagyi tsagt xezee ch uuduu devjixgyi shyy gedgiig ard tymen olon udaa sanuulsan daa shorond byx nasaa eleex xulgaich namiin darga ni baixad ene nam yaj uudlux bile dee