Су.Батболд: Д.Зоригтыг тангараг өргүүлсэн нь ардчилсан нэртэй намыг чинь муухай харагдуулж байна
2013/05/12
Энэ сарын 10 буюу өнгөрөгч баасан гаригт УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын нэгдсэн хуралдааныг цаг сунган хуралдуулж, Д.Сумъяабазар, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэх шийдвэр гаргаснаар УИХ үйл ажиллагаа явуулаад 10 дахь сар дээрээ 76 гишүүнтэй боллоо.
УИХ-ын гишүүний тангараг өргөх асуудал мөн өдрийн нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудалд ороогүй байсан юм. Өглөө нэгдсэн хуралдаан эхлэх үед МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт авсан завсарлагаа гурван хоногоор сунгах хүсэлт тавьсан боловч УИХ-ын дарга хүлээж авсангүй. Ийнхүү 19.00 цагийн орчимд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын олонхийн саналыг авч ялалт байгуулсан Д.Сумъяабазарыг тангараг өргүүлэхдээ Өвөрхангайд ялагдсан Д.Зоригтын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хамтад нь хэлэлцүүлэхээр оруулж ирсэн нь чуулганы танхимд нэлээд маргаан үүсгэв. СЕХ-ны даргыг илтгэл танилцуулсны гишүүд асуулт асууж, үг хэллээ.
Ж.Батзандан:
-Өвөрхангайн сонгуулийн асуудал бүрэн шийдэгдсэн байсан юм бол Д.Зоригтын асуудлыг яагаад Г.Батхүүтэй хамт оруулж ирээгүй юм бэ. Яагаад ийм удаан хугацаагаар авч үлдсэн юм бэ. Сонгинохайрхан дээр дахин санал хураалт 22.00, 20.00 цагт дуусна гээд баахан маргаан үүссэн. Гэхдээ энэ нь Д.Сумъяабазарын буруу биш, СЕХ-ны зохион байгуулалт, үйл ажиллагааны алдаатай би холбон ойлгож байгаа. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. СЕХ ажлаа хийж чадах юмуу, үгүй юмуу гэдгээ тодорхой хэл. Ерөнхийлөгчийн сонгууль будилах юм бол хэн хариуцлага хүлээх вэ?
Ингэж сонгуулийг будлиантуулдгаа Ч.Содномцэрэн гуай та одоо боль. Хэдэн дарга нарын үгийг сонсдог, хуулиа барьдаггүй, улстөрждөг байдлаа СЕХ одоо боль. Ч.Содномцэрэнд хатуухан үг хэлье. УИХ-ын сонгуулийн үеэр ч иймэрхүү л байсан. Орон нутгийн сонгуулийн үеэр ч алдаа гаргасан. Сонгинохайрханы сонгууль дээр ч СЕХ зохион байгуулалтаа сайн хийж чадаагүй. Ажлаа хийж чадах уу, үгүй юу гэдгээ хэлээдэх. Ажлаа хийж чадахгүй бол таныг огцруулах асуудлыг тавина шүү.
Ч.Содномцэрэн:
-Би СЕХ-нд 2009 оны нэгдүгээр сард томилогдож очсон. Мөн ондоо Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсан. Амжилттай болсон гэж үзэж байгаа. Ямар ч жагсаал буудалцаан болоогүй, ямар нэг хүний амь нас хохироогүй. Хоёрдугаарт, 2009 оны нөхөн сонгуулийг амжилттай зохион байгуулсан. Энэ үеэр ямар ч жагсаал цуглаан, үймээн самуун, будилаан болоогүй. Гуравдугаарт, намайг ажил авч байхад 25 дугаар тойргийн хорооны нэг гишүүний асуудал үлдсэн байсныг шийдэж тангаргийг нь өргүүлсэн. Дөрөвдүгээрт, 2012 оны УИХ-ын сонгуулийг амжилттай зохион байгуулсан. Анх удаа гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авсан. Анх удаа автоматжуулалтыг нэвтрүүлсэн.
Анх удаа УИХ-ын сонгуультай хамт нийслэлийн сонгуулийг зохион байгуулсан. Тавдугаарт, 2012 оны намар орон нутгийн сонгуулийг амжилттай зохион байгуулсан. Анх удаа орон нутгийн сонгуульд автоматжуулалтыг туршиж нэвтрүүлсэн. Амжилттай болсон гэж бид үзэж байгаа. Амжилттай болсныг гадаадын олон улсын байгууллагууд ажиглалтын болон судалгааныхаа тайланд бичиж ирүүлсэн. СЕХ гэдэг бол есөн гишүүний бүрэлдэхүүнтэй, хуралдаанаараа асуудлаа хэлэлцэж олонхиороо шийддэг байгууллага. Бид хуулийн дагуу үүргээ гүйцэтгэж байгаа. Өвөрхангайн хувьд Г.Батхүүтэй хамт яагаад Д.Зоригтыг оруулж ирсэнгүй вэ гэж асууж байна. СЕХ хуулийн хүрээнд 2012 оны аравдугаар сарын 16-нд энэ тойргийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаж нийтэд мэдээлсэн. Тангараг өргөх нь СЕХ зохион байгуулдаг асуудал биш, УИХ-ын Тамгын газрын ажил. Сонгинохайрханы асуудлыг бид нэлээд сайн ярилцсан. Дахин санал хураалтыг зохион байгуулах ажлыг тойргийн хороо өөрийн бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах үүрэгтэй. 26 дугаар тойргийн хороо дахин санал хураалтаа зохион байгуулсан. Тогтоол шийдвэрээ СЕХ-нд ирүүлсэн. Тойргийн хороо энэ сонгууль хүчинтэй гэж үзэээд Д.Сумъяабазарт түр үнэмлэхийг нь өгсөн шийдвэр гаргасан. СЕХ тойргийн хорооны тогтоол, шийдвэрийг дэмжиж Ерөнхийлөгчид айлтгаж нийтэд мэдээлсэн байгаа.
Су.Батболд:
-Бид юу хийгээд хаашаа яваад байгаа юм бэ гэдэгт эргэлзэж байна. Ямар нийгэмд амьдраад байгаа юм. Бид Үндсэн хуульд заасан ардчилсан тогтолцоо руугаа явж байгаа юм уу, үгүй юм уу. Өнөөдрийн үйлдэл ардчилсан нэртэй намыг чинь үнэхээр муухай харагдуулж байна. Монголын ардчиллыг муухай харагдуулж байна. Бид сайн, муу ч энэ 20 жилийн хугацаанд сонгогчдын саналыг засварлаагүй ирсэн шүү дээ. Сонгогчид хэнд санал өгсөн, тэр нь энэ танхимд орж ирээд төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлдэг зарчмаар явж ирсэн. Одоо юу болж байна аа. Хэн нэгэн худалдагдсан шүүгч, шүүхийн байгууллагын саналаар ард иргэдийн саналыг засварлаж болох уу. Энд сууж байгаа 70-аад хүн бод доо. Таны авсан саналыг чинь нэг шүүгчийн алхны цохилтоор үгүйсгэх нь ардчилал мөн үү. Бид ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ. Өнөөдрийн процесс яг тийм байдалтай явж байна. 6500 хүний бодитой саналаар илүү гарсан хүнийг орхиод хамгийн бага санал авсан хүнийг тангараг өргүүлж байгаа нь муухай харагдуулж байна. Та нар ичээч ээ.
Цаашдаа ардчилал, парламентын тогтолцоо яах юм бэ? Та нарт хүмүүс итгэх юм уу. Хүмүүс саналаа өгөх юм уу. СЕХ гэж тоглоомын байгууллага болж. Та нар мөнхийн ийм хүчтэй, олонхи байна гэж бодож байна уу. Ард түмэн харж байгаа шүү. Тэнэг биш. Нүд нь сохроогүй шүү дээ. Олонхиороо дандаа хүчээр асуудлыг шийдэж болохгүй. Монголын ардчилал хайран санагдаж байна. Хайран 20 жил. Өнөөг хүртэл явж ирсэн парламентын тогтолцоо хайран. Хайран ардчилсан сонгуулийн тогтолцоо. Юу болоод байгаа юм бэ. Зөвхөн нэг суудлын төлөө та нар парламентын ардчиллыг булшилж болохгүй шүү дээ. Одоо Ардчилсан нам Өвөрхангайд сүнс сүлдгүй болж байгаа гэж бодож байна. Нэг хоёрхон хүний төлөө бүхэл бүтэн нэг аймагт намынхаа үзэл бодлыг баллачихаж байна. Ийм хуралдаанд ороод ийм байдлаар тангараг өргөх гээд сууж байгаа хүнийг харахаар дур гутаж байна. Цаашдаа бид хүмүүст ардчилсан сонгуулийн тогтолцоо, зарчмаа юу гэж ярих юм бэ. Үнэхээр санаа зовмоор юм болж байна. Та нар дахиж бодож үзээч. Өнөөдөр 19.00 цаг өнгөрч байна. Чоно борооноор гэдэгтэй адилхан юм болж байна. Хуралдааны цаг сунгасан ч юм уу, үгүй юм уу асуудлыг гэнэт оруулж ирлээ. Ийм байдлаар бидний үед монголын парламентын ардчилсан тогтолцоо алга болж болохгүй. Үнэхээр харамсалтай байна. Хэлэх ч үг алга.
Н.Энхболд:
-С.Батболд гишүүний хэлсэнтэй яг адилхан саналтай байна. Олонхи маань хэтэрхий жудаггүй, хууль ёсгүй хандаж байна. Удаа дараагийн шүүхийн шийдвэр яаж гарлаа. Бид түүхийг нь сайн мэдэж байгаа. Тийм учраас манай Ардчилсан намын гишүүд доошоо хараад л суугаад байна. Өөрсдийг нь оролцуулахгүйгээр хуулийн буруу заалт хэрэглээд зөвхөн нэг талд үйчилж шийдвэр гаргасан шүүгч нарыг шударга ёс ярьдаг Ерөнхийлөгч маань яагаад олж харахгүй байна вэ? Ийм шийдвэр гаргасан хүмүүс яагаад албан тушаал дэвшээд байна вэ. Шударга байцгаая гэсэн маань юу болсон бэ. Бид өнөөдрийн хуралдаанд аргагүй эрхэнд орж байна. Г.Уянга гишүүний хэлснээр ямар ч будлиангүй сонгогдсон манай гишүүнийг дагуулаад Өвөрхангайд хамгийн бага санал авсан хүнийг ард түмнээс сонгогдсон учраас гээд СЕХ оруулаад ирж байна. Манай бүлэг хуралдаанд орж ирэхгүй болохоор манай гишүүний тангаргийг өргүүлэхгүй байна. Энэ бүхнийг шүүхийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг Ерөнхийлөгч яаж харж байна вэ.
СЕХ-ноос хоёр асуулт асууя.
УИХ-ын сонгуульд Өвөрхангайд өрсөлдсөн хүмүүсийн хэн нь хэчнээн хүний санал авсныг нэр ус, саналынх нь тоогоор хэлнэ үү? Их хурлын танхимаас ард түмэнд хандаж хэлээд өгөөч. Хэн нь ямар санал авсныг ард түмэн хараг. Хоёрдугаарт, шүүхийн шийдвэр ингэж хууль зөрчиж гараад байгааг СЕХ юу гэж үзэж байгаа вэ? Ямар хууль яаж зөрчигдсөн талаар бид олон удаа ярьсан. Ард түмний сонголтод ингэж хандаж болохгүй. Та бүхэн ядаж процедурын хуулиа баримтлаад шийдвэрээ гаргаад өгөөч гээд тэр шүүгч нэртэй хүмүүс, шүүх нэртэй байгууллагуудад хэлж болдоггүй юм уу? Ардчилсан нам ардчиллын төлөө явдаг гэдэгт итгэдэг хүмүүсийн тоо өдрөөс өдөрт цөөрч байгаа шүү. Ганц энэ асуудал дээр ч биш олон зүйл дээр дүгнэлт хийж байгаа.
Ч.Содномцэрэн:
-Д.Зоригт 16795 хүний санал буюу 34 хувийн санал авсан. 34 хувийн саналын тухайд нэр дэвшигч сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан бол УИХ-д сонгогдох бүрэн эрхтэй. Н.Чинзоригийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон гэж би хэлсэн. Яагаад гэдэгт СЕХ өнөөдөр хариулахгүй. Яагаад гэвэл СЕХ шүүхийн шийдвэрийг шүүхгүй.
Энэ үеэр гишүүд асуултад хариулахыг СЕХ-ноос шаардсан юм.
З.Энхболд:
-Хариулахгүй гэж хариулж байгааг сонсоо биз дээ. Яагаад гэвэл тэр хэсэг нь хүчингүй болсон гэж байна. Монгол хэлээр ярьж байна. Лүндээ асуу.
Д.Лүндээжанцан:
-Өвөрхангай аймгийн 10 дугаар тойргийн сонгогчдын санал хүчингүй гэж Ч.Содномцэрэн дарга хариулж байна. Яахаараа тэр тэдэн санал авсныг хэлж болдоггүй юм бэ гэж Н.Энхболд гишүүн асуусан. Энэ асуултад хариулахыг хүсч байна. Энэ асуудлыг ганц Өвөрхангайн ард түмэн биш монголын нийт сонгогчид харж байна. Ард түмэн өөрийнхөө сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулж засгийн эрхийг барина гэж Үндсэн хуульд заасан. Энэ бол сонгох, сонгогдох эрхийн зарчим. Хуулийн янз бүрийн заалт бий. Хэрвээ С.Чинзориг хууль зөрчсөн, мөнгө төгрөг тараасан, иргэдийн саналыг худалдан авсан бол надад ярих юм алга. Энэ хүн санаатайгаар насанд хүрээгүй хоёр хүүхдийг сонгуульд ашигласан бол ярих юм алга. Тэгвэл шүүхийн шийдвэр гээч зүйлүүд нь хоёр суманд насанд хүрээгүй нэг нэг хүүхэд зургаа авахуулсан байна гэдэг асуудлаар тэр нь фудволка өмссөн, өмсөөгүй гэдэг нь маргаантай, ингээд Өвөрхангайн олон мянган хүний сонгох эрх, С.Чинзориг гэдэг хүний сонгогдох эрхийг хасч, Монголд сонгуулийн ардчиллыг булшилж байна.
Парламентын ардчилал хумигдаж байна. Тэгвэл сонгуулийн ардчилал алга болбол Монголд ардчилал устаж мөхөх эрсдэлд хүрэх нь хамгийн гол аюул нь юм. Хууль шүүхийн байгууллага, төрийн байгууллага, тэр дундаа сонгуулийн байгууллага бол хууль дээдлэх,шударга ёс, зүй ёс, эрх зүйн соёл гэсэн дөрвөн гол зарчмыг удирдлага болгох ёстой. Гэтэл Өвөрхангайн сонгуулийн маргааныг шийдвэрлэсэн шийдвэр дөрвүүлэнд нь нийцэхгүй байгаа. Хууль зөрчигдөж байна. Шударга ёс, зүй ёсонд нийцэхгүй байна. Эрх зүйн соёл байхгүй. Ганцхан хоногийн дотор шүүх шийдвэр гаргадаг. Хуулийг буруу хэрэглэдэг. Давж заалдах эрхийг хасдаг. Тэрийг нь СЕХ шууд өлгөж аваад дүнг айлтгахгүй орхидог. Энэ нь шат шатандаа шүүхийн байгууллагууд улс төрийн захиалгаар ажилладаг болсныг харуулж байна. Цаашдын сонгуульд яах юм бэ. Шүүхэд захиалга өгсөн хүмүүс нь орж ирдэг байдлаар төрийн эрх барих дээд байгууллагаа бүрдүүлдэг болох юм уу гэсэн асуудал гарч ирж байна. Би С.Чинзориг гэдэг хүнийг хууль зөрчсөн бусармаг үйл ажиллагаа явуулсан бол өмгөөлж хамгаалахгүй. Үнэхээр энэ хүн насанд хүрээгүй хоёр хүүхдийг ашиглаагүй, менежер, сонгуулийн штаб нь ч мэдээгүй, ашиглаагүй ийм л зүйл болсон. Үүнийг цаанаас нь зохион байгуулсан байж болно шүү дээ. Аливаа хэрэг зөрчилд шалтгаант холбоо гэж байдаг. Хийсэн үйлдэл, түүний эцэст нь учирсан хор уршгийн хооронд сэтгэхүйн холбоо гэж бий. Гэтэл энэ асуудалд ямар ч сэтгэхүйн холбоо байхгүй. Ийм асуудлаар ингээд яриад суух нь ичгэвтэртэй байдал юм. Ийм учраас би энэ хуралдаанд оролцохгүй. /тэрээр ингэж хэлээд хуралдааны танхимыг орхиж гарав/
Ө.Энхтүвшин:
-СЕХ шийдвэр гаргаж байх тэр үед, өөрөөр хэлбэл, Г.Батхүү, Д.Зоригт нарыг оруулж ирэх шийдвэр гаргаж байх үед бид СЕХ дээр очсон юм. Бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж байсан. Ийм юм болох гээд байна уу гэж бид асуухад “Асуудлыг ярьж байна, та нар гадаа хүлээж бай” гэж хэлсэн. Бид хүлээгээд л байсан. Гэтэл гэнэт СЕХ-ныхон алга болж, тусгай хаалгаар шөнө дөлөөр гарч зугтсан байсан. Харин би “Танд хууль бус тогтоол өргөн барих нь байна шүү” гээд Ерөнхийлөгч дээр хүлээгээд сууж байсан. Гэтэл “Надад өргөн барихгүй юм байна лээ, тэрүүгээрээ явах юм билээ” гэж Ерөнхийлөгч хэлсэн. Гэтэл СЕХ-ны дарга энд ирэнгүүтээ тогтоолоо УИХ-ын дарга З.Энхболд даргад өргөн барьсан байсан. Бүр шөнө болсон хойно хийсэн ажил л даа. Чоно борооноор гэдэгчлэн өнөөдөр ч мөн ялгаагүй. Ардын намаас нэр дэвшиж ялсан хүнийг тангараг өргүүлэхэд нь өөрийнхөө хүнийг хамт дагуулаад ороод ирлээ. Тогтоолыг нь хамт хийх гэж тэр л дээ. Гуя дагаад хүзүү орж ирж ирэх гээд байдаг боллоо гэж Г.Уянга гишүүний хэлсэн үнэн л дээ. Тэгээд эд нар баасан гаригийн оройг сонгож авсан. Сэтгүүлчид байхгүй. Үүнийг монголын олон нийтэд харуулчихна гээд энэ цаг үеийг зориуд сонгож авлаа. Ийм л юмыг та бүхэн хийж байна. Та бүхэн ардчилагчид гэж өөрсдийгөө хэлдэг. Багаа бүрэн хуулж хэн бэ гэдгээ харууллаа. Ард түмний сонголт хаан сонголт гэж хэлдэг Ерөнхийлөгчийн үг хэрэгжиж байгаа нь хаана байна.
Шударга, хараат бус шүүхтэй болсон гэсэн нь хаана байна. Ийм л зүйл ярьж байгаад зөрүүлээд ийм ажил хийж байна. Би тоо хэлье. Та нар тоо хэлэхээс айгаад байх шиг байна. С.Чинзориг 23493, Н.Төмөрхүү 21267, Г.Батхүү 19939, Д.Зоригт 16700 хүний санал авчээ. Д.Зоригт бол С.Чинзоригоос 6800 саналаар дутуу. Тэгсэн мөртлөө одоо тангаргаа өргөнө гээд зангиа зүүчихсэн хэнэг ч үгүй явж байна. Өргүүлнэ гээд та нар бэлтгэлийг нь хангаад явж байна. Цаашдаа сонгууль явах юм уу, үгүй юм уу. Та нарынхаар бол насанд хүрээгүй хүүхэд олж аваад энэ хүүхэд насанд хүрээгүй, сонгуулийн сурталчилгаанд орсон байна гээд шүүхэд өгчих юм байна. МАН гэсэн бичигтэй цамц өмсүүлээд зургийг нь ар талаас нь авах юм байна. Шүүх та нарын талд үйлчилнэ. Давж заалдах эрхгүй гээд шүүх шийдвэр гаргана. Хариуцагч талаа шүүх хуралд оролцуулахгүй. Ийм л шүүхтэй байна. Ингэж л та нар шүүхийг базсан байна шүү дээ. Тэгээд шударга байцгаая гэж та бүхэн яриад байгаа. Цаашдаа сонгууль яаж явах вэ. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Бас дахиад энэ хүүхэд чокопай тараасан гэх юм уу. Нэг хүүхэд тэнд зогсож байлаа гэхэд Өвөрхангай даяар 6500 саналыг автал нөлөөлж чадах юм уу.
Ийнхүү гишүүд асуулт асууж дууссаны дараа Д.Зоригт УИХ-ын гишүүний тангаргийг эхэлж уншиж Д.Сумъяабазар давтаж уншлаа. “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн тангараг өргөсний дараа тэд тангаргийн хуудсанд гарын үсэг зурлаа. Үүний дараа Төрийн дуулал эгшиглэж УИХ-ын гишүүд босч хүндэтгэл үзүүлж, тэдний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол уншиж баталгаажуулав.
Энэ тогтоолын эцсийн найруулга дээр МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Сумъяабазар, шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн болж байгаа Д.Зоригт” гэж тусад нь бичих горимын санал гаргасан боловч УИХ-ын дарга хүлээж авсангүй.
Зочин · 2013/05/23
AAN TIIMUU ARDIIN NAM BULHAITSAN BOLOHOOR NI BARITSAJ BAIGAAMUU. ICHIHGUI TENEG UM YARIAD SUUJ BAIDAG MALNUUDTAI YUUGAA YARIHAVDEE. ARKHI TARAASAN CH APU G YAJ GUITSEHEVDEE. MUNGU TARAASAN CH MSC IIG YAJ GUITSEHEVDEE. BALIAR LUIVARCHID UMAA.
111 · 2013/05/17
bi an demjij bsan unuudurees ehlen ardin namig demjinee ardshilsan yostoi ***** nam bna mshuudaa
Зочин · 2013/05/13
МАН өөрсдөө хорин жил сонгууль булхайцаж байсанаа мартаж байх юм , харинч АН шударга ажиллаж байгаа. Чинзориг эд бараа тараасан уу, тараасан , насанд хүрээгүй хүүхэд оролцуулсан уу, оролцуулсан тэгээд яах ч аргагүй хасагдаж, бас их унжигнаж заргалдаж байх юм.