Монгол Улсын төлбөрийн тэнцэл алдагдалтай, гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй хэвээр байгаагаас 2014-2015 онд эдийн засгийн өсөлтийг хангах мөнгөний нийлүүлэлт, санхүүгийн эх үүсвэр дутагдах эрсдэл нэмэгдсээр байна. Энэ нь төсвийн орлого тасрах, хувийн хэвшлийн үйл ажиллагаа хумигдах, санхүүгийн болон бодит секторт төлбөр түргэн гүйцэтгэх чадвар сулрах байдлаар илэрнэ.

Улс төрийн тодорхой бус байдалтай зэрэгцээд 2015 оны төсвийн төслийг батлахаар яарч эхлэв. Өөрөөр хэлбэл, хуульд заасан хугацаандаа буюу арваннэгдүгээр сарын 15-нд багтааж ирэх оны төсвийн төслийг баталбал гүйцээ гэх. Хэдэн сарын дараа төсвөө тодотгочих учраас асуудалгүй юм байх.

2015 оны улсын төсвийг макро эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах, мөнгөний бодлоготой уялдуулах зарчимд нийцүүлэн, Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээтэй нягт уялдсан байхаар шаардлага зүй ёсоор тулгараад байна.

Эдийн засагчид УИХ-ыг цаг хугацаанд баригдалгүй 2015 оны төсвийн хуулийг чамбай боловсруулж, батлахгүй бол 2017 оны нэгдүгээр улирлаас эхэлж Монгол Улс өрийн дарамттай учрахыг  анхааруулж байна.

Хоёр жилийн өмнө Шинэчлэлийн Засгийн газар 1.5 тэрбум ам.доллартай тэнцэхүйц бондыг гадаад зах зээлээс босгосон. Түүний эхний хэсгийг хоёр жилийн дараагаас эхлэн төлөх учиртай. Ингэснээр 2017 оны хоёрдугаар сард Засгийн газрын 500 сая ам.доллар, харин арваннэгдүгээр сард Засгийн газрын баталгаа бүхий Хөгжлийн банкны 580 сая ам.долларын гадаад өрийг төлөх үүрэг хүлээж буй юм.

Гэрээ бол гэрээ, зээл авсан бол цаг хугацаандаа төлж таарна. Гол нь үүнийг ямар эх үүсвэрээс бий болгох вэ. Үүнд УИХ одоо л нухацтай хандаж, суурийг нь тавих ёстой аж.

Хэд хоногийн өмнө УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ирэх оны төсвийн хуулийг хэлэлцэх үеэрээ дээрх асуудалд онцгой анхаарч найман зүйл бүхий санал гарган, Төсвийн байнгын хороонд хүргүүлжээ. Түүгээр 2017 онд төлөх Засгийн газрын 500 сая ам.доллар, Засгийн газрын баталгаа бүхий Хөгжлийн банкны 580 сая ам.долларын гадаад өрийг төлөх санхүүгийн эх үүсвэрийг 2015-2016 оны төсвөөс бүрдүүлэх. Чингэхдээ 30 хувийг нь 2015 оны улсын төсвийн хуримтлалаас, 40 хувийг нь 2016 оны улсын төсвөөс  бүрдүүлж, үлдэх 30 хувийг зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх гарц бий гэж үзжээ.

Мөн 2015 оны улсын нэгдсэн төсвийг алдагдалгүй байхаар батлах. Үүний тулд төсвийн нийт зардлыг хамгийн багадаа 1 их наяд төгрөгөөр бууруулах. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хувийн хэвшилд шилжүүлэх, улсын төсвийн хэмнэлтийг бий болгох, хувийн хэвшлийн идэвхжилийг дэмжих зорилгоор төсвийн хөрөнгө оруулалтад хүүний дэмжлэг үзүүлэх механизмыг болох. Үүний тулд зөвхөн хүүний дэмжлэгэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг улсын төсөвт  төсөвлөдөг байх. 2015 оны төсвийн төслийн орлогын өсөлтийн төсөөллийг 2014 оны хүлээгдэж буй өсөлт (4%)-өөс нэмэгдүүлэхгүй байлгах. Төсвөөс гадуур санхүүжүүлж ирсэн Хөгжлийн банк, Чингис бонд, Самурай бонд болон концессийн гэрээгээр гүйцэтгэж буй хөрөнгө оруулалтын төслүүдийн зарцуулалтыг 2015 оноос эхлэн улсын нэгдсэн төсөвт оруулж тооцох. Хөгжлийн банк, Чингис болон Самурай бондуудын хүүний төлбөрөөс гадна  үндсэн өрийн эргэн төлөлттэй холбоотой зардлыг төсвийн зардалд оруулан, төсвийн нийт тэнцлийг тооцдог болох. Импортын татварын хөнгөлөлтүүдийг түр хугацаагаар зогсоох, гадаад валютын эрэлтийг бий болгох нөлөө бүхий төсвийн зардал (450 тэрбум төгрөг)-ыг бууруулах. Улсын төсвөөр худалдан авах бараа, үйлчилгээг зөвхөн дотоодоос авдаг болох. Энэхүү зохицуулалтыг зөвхөн нэг жил хэрэгжүүлээд зогсоох бус, жил бүрийн төсөв батлахдаа тууштай мөрдлөг болгох шаардлага байна хэмээн үзжээ.

Хатуухан саналууд боловч, үүнийг хууль болгож, хэрэгжүүлж чадвал 2015 оны Мөнгөний бодлогод заасан инфляцийг нэг оронтой тоонд буюу долоон хувьд барих боломжтой болно, нөгөө талдаа, хувийн хэвшлүүдээ дэмжих бололцоо ч гарах аж.

Эрх баригчдын шийдвэр мэргэн байж урт хугацаанд эдийн засаг, ард иргэддээ ээлтэй шийдвэр гаргаасай. Тэгэхгүйгээр өмнөх жилүүдийн алдааг давтаад, энэ их өрийг үр хүүхэд минь төлөх байх гээд “гөлийгөөд” суух цаг үлдсэнгүй. Аль эсвэл Оюутолгой, Тавантолгойтой зэрэгцсэн “Зэсэнтолгой” гэдэг орд илрүүлчихвэл дахиад л хавтгайрсан халамж хорин нэгээ тараах уу?

Э.Үүлэн