Өнгөрөгч гуравдугаар сард Хөвсгөл аймагт хүн бурхан төрүүлжээ гэсэн мэдээлэл цацагдсан. Бүр биеийнхээ бүх нүх сүвээр бурхан төрүүлж байна гээд л нэвтүүлэгч бүсгүй их л итгэл төгс мэдээлж байсан.

Тэрхүү бурхан төрүүлэгч В.Мөнгөчимэг нь  өөрийгөө бичиг үсэг зохиосон, тайлж уншдаг гээд л баахан ярисан.  Түүнийг баталж, нутгийн хүмүүс ч бурхан төрүүлж байгаа хүнийг бурхан гэхээс аргагүй хэмээн ярьж энэ асуудалд хүч нэмж байлаа. Түүний бурхан “төрүүлж” байгааг харж, сонирхохоор тус сумын иргэдээс гадна зэргэлдээ сумаас, аймгийн төвөөс түүнийг зорьсог хүмүүсийн цуваа нэлээдгүй байжээ.

Түүний энэ үйлдэл сүүлдээ зөвхөн бурханаар зогсоогүй билээ. Жижиг хэмжээтэй шүр, чимэглэлээр бөөлжиж эхэлсэн. Залгиж болох бас түүнийг бөөлжиж болохоор л бүгдээр бөөлжсөн билээ. Түүний энэ үйлдэл цахим ертөнцөд ч мөн шуугиан тариад амжсан. В.Мөнгөнчимэг бүсгүйн энэ үйлдэлд бухимдаж, дургүйцсэн нэгэн байхад, итгэж үнэмшсэн хүмүүс ч байсан билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсанаар түүнийг мэдэхгүй хүн ховор болсон.  

Гэвч удалгүй энэ бүсгүйн булхай илэрч сумын дэлгүүрээс худалдаж авсан бурхан, сэлтээ залгиж эргүүлэн түүгээрээ бөөлжиж байсан нь  тогтоогдсон. Үүний дараа түүний хэрэг цагдаагийн байгууллагад шилжсэнээр намжсан билээ.  Хүмүүсийн хандлага ч түүнийг буруушааж, энэ үйлдэлд дургүйцэх болсон. Мэдээж энэ бол бүсгүйн мөнгө олох гэсэн арга. Энэ бүсгүйн залгиж, түүнийгээ буцаан гаргаж байгаа нь  хүн бүрийн чадах зүйл биш. Тиймээс энэ чадвараа л үзүүлэх хэрэгтэй байсан юм шиг. Бурхан төрүүлж байна гэж биш залгисан зүйлээ буцааж гаргадаг чадвартай гэдгээ  үзүүлсэн бол худлаа хэлэх хэлэх шаардлагагүйн дээр олон нийт ч эерэгээр хүлээн авах байсан.

Түүнийг бусдыг залилан мэхэлж, төөрөгдүүлсэн хэргээр цагдаагийн байгууллага  шалгаж байгаад уг  хэргийг Хөвсгөл аймгийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Хэрвээ В.Мөнгөнчимэгийг прокурорын байгууллага буруутай гэж үзвэл хэргийг шүүхэд шилжүүлэх гэнэ.

Харин шүүхээс  буруутай гэж үзвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ноогдуулах, эсвэл гурав хүртэлх сараар хорих ялаар шийтгэх юм байна.

Олон нийтийг төөрөгдүүлсэн түүний энэ үйлдэлд гэр бүлийнхэн ч хамтран оролцсон гэж болно. Худал зүйл сэдэж, олон нийтийг төөрөгдөлд оруулж байхад нь хориглохын оронд дэмжиж, дэвэргэж байсан нь ёс зүйгүй хэмээн цөөнгүй хүн үзэж байсан билээ.

Б.Хорлоо