“Оюутолгой”-н шалтаг
2013/05/27
“Оюутолгой” компанийн анхны хөрөнгө оруулалтын зардал өссөн талаар янз бүрээр тайлбарлаж байна. “Оюутолгой” компанийн зүгээс хөрөнгө оруулалтын гэрээг батлах гэж хугацаа алдсанаас барилгын ажил хойшилж эхэлсэн, Засгийн газарт өгөх татвар нэмэгдсэн, Хятадаас эрчим хүч авах асуудал хойшилсон, дэлхийн санхүүгийн хямралаас болж салбарын зардал өссөн гэж тайлбарлаад үүнийгээ “Оюутолгой” компанид хамааралгүй, биднээс болоогүй гэж мэдэгдэв.
Харин нийт өссөн хөрөнгө оруулалтын хоёр хувь нь нийгмийн хариуцлагын хөрөнгө оруулалтын зардал, таван хувь нь үйл ажиллагааны цар хүрээ өссөн, таван хувь нь батлагдсан барилгын ажилд шаардлагатай ажиллах хүч, материалыг доогуур тооцсон, далд уурхайн цар хүрээ нэмэгдсэн зэргийг харин өөрсдөөсөө шалтгаалсан гэж үзэж байгаа юм байна. Энэ бүх тайлангаа Засгийн газарт гаргаад өгчихсөн гэж өнгөрөгч долоо хоногт “Оюутолгой” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Камерон МакРей тайлбарласан. Оюутолгой төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын нийт зардал нь хайгуулын болон төслийн шууд бус зардлыг нягтлан бодох бүртгэлд өөр өөрөөр тусгаснаас “Туркойз Хилл Ресурсез” компани нийт үндсэн зардлыг 6.2 тэрбум ам.доллар гэж зарласан бол “Оюутолгой” компани 6.49 тэрбум ам.доллар хэмээн мэдээлжээ. “Оюутолгой” компани өнгөрөгч оны эцсээр гарсан үндсэн зардлыг 6.6 тэрбум ам.долларт хүрсэн гэж мэдээлж байсан нь бутархай тоог бүхэлд шилжүүлснээс болж гарсан алдаа хэмээн тайлбарлаж байна. Бутархай тоог бүхэлд шилжүүлэхэд зөрүү гарах нь мэдээж.
Гэхдээ хэдхэн зуу, хэдхэн мянган төгрөгийн асуудал бус хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө яригдаж байгаа нөхцөлд алдаатай мэдээлснээ бутархай тоо руу чихээд өнгөрчихнө гэж бодсон бололтой. Хөрөнгө оруулалтын зардал нь өссөн талаар оны эцсээр ярьж, холбогдох хурал зөвлөлгөөн, хяналт шалгалт орсон ч өнөө хэр бодит мэдээллийг аль аль нь хийсэнгүй. Өнгөрөгч хоёрдугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ мэдээлэлд Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардал анхныхаасаа хоёр тэрбум ам.доллараар нэмэгдэж 7,1 тэрбум ам.долларт хүрснийг дуулгаж байсан. Зардал өссөн шалтгааныг Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж байна гэж тухайн үед мэдээлж байсан ч бас л сураггүй болов. “Оюутолгой” компанийн удирдлагуудын хэлж байгаагаар хувь нийлүүлэгчдийн хурал одоо ч үргэлжилсээр байгаа, тодорхой шийдэлд хүрч чадаагүй байгаа гэх. Мөн Засгийн газраас хийж байгаа аудитын дүгнэлт гараагүй учраас хувь нийлүүлэгчдийн хурлын талаархи мэдээлэл хомс байгаа. Тэр хурлаар л зардал яагаад өссөнийг хэлэлцэж байгаа гээд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Оюутолгойн зардал өссөн нь Монголын Засгийн газар холбогдох зөвшөөрөл, тооцоо судалгааг гаргаж өгөөгүйгээс болсон байх магадлалтай” гэсэн шүү дээ гэж бухаж үзэв. Хоёрхон жилийн бүтээн байгуулалтын зардлын тооцоог хоёр, гурван сар хэлэлцэж байгааг юу гэж ойлгох вэ. Он солигдох үед л яригдаж байсан бүтээн байгуулалтын нэгдүгээр үеийн хөрөнгө оруулалтын зардлын тооцоог дөнгөж одоо л нэг хагас дутуу юм гаргаж мэдээлж байгаа нь жигтэй. Өнгөрөгч хоёрдугаар сард УИХ-ын зарим гишүүн, Засгийн газрын гишүүд Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын зардал өссөнийг гайхшран хүлээж авч байсан. Тухайлбал, Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Ямар шалтгаанаар зардал өссөнийг “Оюутолгой” ХХК-ийн удирдлагын зүгээс тодорхой болгоогүй байгаа гэсэн хариулт өгсөн. Уг нь хууль, гэрээнд зааснаар төлөвлөсөн зардал өссөн тохиолдолд зайлшгүй ТЭЗҮ-д өөрчлөлт оруулж, тэр нь холбогдох бүтцийн байгууллагаар баталгаажсан байх учиртай” гэдгийг хэлсэн. Тийм ээ, зардал өссөн тохиолдолд заавал ч үгүй ТЭЗҮ-д өөрчлөлт орсон байх ёстой, баталгаажсан байх ёстой. Гэвч “Оюутолгой” компанийн удирдлагууд ТЭЗҮ-ийг ч тоосонгүй, хөрөнгө оруулалтын гэрээг ч тоосонгүй, Монголын Засгийн газрыг ч тоосонгүй.
2009 оны ТЭЗҮ-ийн нэгдүгээр үе шатны тооцоололд тусгаагүй нийт 1,3 тэрбум ам.долларын зардлаа гаргах гэж бүтэн улирал болов. Энэ урт хугацаанд арайхийж гаргасан тооцооллыг сөхөж үзье. Энэ нэмэгдсэн зардал нь үйлдвэрийг ашиглалтад оруулж, үйл ажиллагаагаа эхлэх, далд уурхайн буюу хоёрдугаар шатны бүтээн байгуулалтыг эхлэхэд шаардагдсан бодит зардал хэмээн тодотгосон байна. Энэ бол байх төлөвлөсний дагуу гэрээнд тусгагдсан байх ёстой зардлууд биш үү. Зардал нэмэгдэхэд барилгын ажил хойшлогдсон, шахуу төлөвлөгөөтэй ажилласан гэх хоёр шалтгаан нөлөөлсөн юм байх. Барилгын ажил хойшлогдсон шалтгаанаа Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдалгүй удсанаас гэж тайлбарлахаа мартсангүй. Түүнчлэн ажиллах хүчний цалин хөлс болон ажилчдын тоог нэмсэн нь зардал өсөхөд нөлөөлсөн гэж байна. Гэтэл “Оюутолгой” компанид ажиллаж байгаа монголчуудын цалин гадаад ажилтнуудынхаас хэд дахин бага байгааг олон нийтэд зарласнаасаа болж халагдсан С.Гантуяагийн талд шүүхийн шийдвэр гарсан юм. Оюутолгойн тайлбарт ТЭЗҮ-д тусгагдаагүй байхад Өмнөговь аймгийн Ханбогд суманд нисэх буудал барьсан, Оюутолгой төслийн сайтаас хил хүртэл автозамыг хатуу хучилттай болгосон, эхний ТЭЗҮ-д тусгагдаагүй Гашуунсухайтын хилийн боомтын байгууламжуудыг сайжруулсан, төслийн ажилтнуудыг сургалтад хамруулсан гэх зэргээр зардлуудаа нэмснийг Монголын төлөө хийсэн ажлууд гэвэл өрөөсгөл ойлголт болно. Дээрх ажлууд нь Монголын төлөө, монголчуудын төлөө хийсэн ажил гэхээсээ Оюутолгой төслийн ирээдүйн хөгжилд л нэмэр түлхэц болохуйц жижиг сажиг “косметик хагалгаа”-нууд гэхэд болохоор. Төслийн үйл ажиллагаагаа явуулж, орон нутгийг нь орвонгоор нь эргүүлж байгаа мөртлөө Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо сумдыг хөгжүүлэх тал дээр дорвитой юу ч хийсэнгүй. Анх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа ч Ханбогдыг хөгжүүлнэ гэж яриагүй хэмээн Камерон МакРей ерөнхийлөгч хэлсэн. Түүнийхээр бол төслийн бүтээн байгуулалтын нэгдүгээр үе шатанд Ханбогдыг хөгжүүлэхээр юу ч хийгээгүй, хоёрдугаар шатанд ч бас юу ч хийхгүй юм билээ. Яалт ч үгүй төслөө хэрэгжүүлэхийн тулд байгальд хор хөнөөлгүй байх үүднээс соёлын биет өвийг бүртгэж, малчдад нь хэрэгтэйг бодож хэд хэдэн худаг уст цэгүүдийг засч янзалснаа нутгийн иргэдэд таалагдаж байна гэж ойлгож байгаа бололтой юм. Хөдөө орон нутагт томоохон төсөл хэрэгжүүлж байгаа болохоор кэмпийн ажилтнуудыг хооллож ундлах, үс гэзгийг нь засах, ажлын хувцас бэлтгэн нийлүүлэх зэргийн ахуйн үйлчилгээний зориулалттай бизнес эрхлэгчдэд зээл олгосноо ханган нийлүүлэгчдийг хөгжүүлж байна гэж тайлбарладагт нь “Оюутолгой”-н ТУЗ-д байгаа нөхдүүд л Ханбогдод юу хийхээ төсөвлө гэдэг. Үүнд санхүүжилт батлуулна гэдэг хэцүү. Эхний зардлын асуудлаа нэг мөр болгоогүй, дээр нь хоёрдугаар үеийн бүтээн байгуулалтын зардлаа яаж олох вэ гэж байхад юун Ханбогдын хөгжил вэ гэх ухааны юм яриад сууж байх гэж.
Юутай ч “Оюутолгой” төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын зардал өсч, түүнийгээ бутархай тоо руу чихэж үзээд, болохгүй болохоор нь Засгийн газартай холбож байх шиг. Одоо энэ төслийнхөн хоёрдугаар үе шатны бүтээн байгуулалтад шаардагдах зургаа орчим тэрбум ам.долларын санхүүжилтийн эрэлд хатаж буй.
Б.Оюунгэрэл