Бид техник технологи хурдтай хөгжиж байгаа эрин үед амьдарч яваа. Үүнийгээ дагаад хүмүүсийн хэрэглэгээ өндөрсөж ухаалаг гар утас ашиглах, интернэтийн орчинд ажиллах болсон билээ. Тэгвэл үүнийг даган гэмт хэрэг ихээр гарах болжээ. Тодруулбал, цахим хуудас буюу фэйсбүүк, твиттер хуудас ашиглан бусдын нэр төрд халдах, сүрдүүлэх, доромжлох гэмт хэргийн гаралт ихэсчээ.

Энэхүү гэмт хэргийг үйлдвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэн төгрөгөөр торгох журамтай аж. Харин энэ төрлийн гэмт хэрэг нь хүндэрвэл 5 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх юм.

2013 оноос хойш хуурамч фэйсбүүк хаягаар охидтой танилцаж тэднийг айлган сүрдүүлэн бэлгийн дарамтанд оруулсан 10 гаруй хэрэг гарчээ. Эл хэргийн хохирогчид нь ихэвчлэн 15-17 насны охид бөгөөд гэмт хэрэг үйлдэгч нь 30 дээш насныхан байдаг аж. Кибер орчинд манай улсын иргэд бусдад илэн далангүй өгсөнөөр тухайн гэмт этгээд өөрийг нь дарамталж, сүрдүүлдэг гэнэ. Манай улсад кибер гэмт хэргийн хууль байхгүй учраас энэ төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуулиар зохицуулдаг. Гэвч энэ нь учир дутагдал аж. Кибер орчинд үйлдсэн гэмт хэрэгт хуулийн цоорхойг ашиглан мултрах боломжтой гэдгийг албаны хүмүүс онцлов.

Тиймээс хууль санаачилагч нар Гэмт хэргийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад кибер гэмт хэргийн олон зүйл, заалтыг тусгах хэрэгтэй гэж үзжээ. Түүнчлэн олон улсын хуулийн байгууллагатай хамтран ажиллах нь чухал юм. Манай улсад албан бус мэдээллээр 900 мянган хүн фэйсбүүкийг хэрэглэдэг байна. ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын газар, ЭЦГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг гэмт хэрэгтэй тэмцдэг. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн "Фейсбүүк хуудас бол АНУ-д сервертэй веб сайт. Энэ дээрх мэдээлэл АНУ-ын хуулиар зохицуулагддаг. Үүнийг нь хүлээн зөвшөөрөөд, хэрэглэгчид өөрсдөө бүртгүүлдэг. Эрхзүйн хүрээнд гадаадын сайтад бүртгүүлсэн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад хүндрэлтэй. Хамгаалж болно. Цаг хугацааны хувьд асар удаан. Бичиг цаас, гадаад хамтын ажиллагаа нэлээд шаарддаг. Тиймээс Фейсбүүк хуудас ашигладаг иргэд өөрсдөө мэдээллээ хамгаалахад анхаарах нь илүү ач холбогдолтой. Нэг ёсондоо гэмт хэрэг үйлдэх боломжийг олж хараад өөрийгөө хамгаалах нь илүү зохимжтой. Монгол Улсын хувьд хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 226-229 дүгээр зүйл ангийг компьютер, мэдээллийн аюулгүй байдлын гэмт хэрэг гэж тооцож байна. Өнгөрсөн оны хувьд ийм зүйл ангиар шийдвэрлэгдсэн хэргүүд гэвэл интернет орчинд хортой код тарааж, бусдын мэдээллийг хулгайлж байсан хоёр хэргийг илрүүлэн шалгаж байна" гэлээ.

Мөн эцэг эхчүүд хүүхдээсээ давсан технологийн мэдлэгтэй байх нь чухал. Хүүхдээ цахим ертөнцөд юу хийж байгааг мэдэхгүй бол хэцүү. Нэгдүгээрт, эцэг эхийн хараа хяналт, хоёрдугаарт сургууль дээрх нийгмийн ажилтны хяналт хэрэгтэй. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэгт гэрч байдаггүй. Гэмт этгээд, хохирогч хоёр л байдаг. Эцсийн дүндээ хүүхэд амиа хорлох хэмжээнд очдог. Ийм байдлыг эцэг эхчүүд, сургуулийн багш нар сэтгэлзүйн байдлаас нь мэдрэх ёстой. Хүүхдүүд мэдээж айгаад хэлж чаддаггүй байна.

Х.Даваа