Төрийн соёрхолт дуучин Д.Болд дөнгөж сая “Blue sky” цамхагийн III давхарт байрлах “Diamond” танхимд “Монгол поп-2” цомгийн нээлтээ үнэнч шүтэн бишрэгчид, эрхэм сэтгүүлчидтэй хамтдаа омогшил бахдалаар дүүрэн  хийлээ.

Монголын төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгт ахан дүүсийг минь уярааж, ухааруулж, омогшуулсаар байгаа түүний шинэ цомгийн нээлтэнд хүрэлцэн ирсэн бүх шүтэн бишрэгчид, эрхэм сэтгүүлчид “Монгол поп-2” цомгийн гайхалтай уран бүтээлүүдийг сонсож мэдэрсэнээс гадна “Монгол поп-2” цомог, ханын хуанлины эзэд болцгоосон юм.

Нээлтийг албан ёсоор нээж Төрийн соёрхолт дуучин Д.Болд цомгийн болоод хамтран ажилласан уран бүтээлчид, байгууллагуудын товч танилцуулгыг хүргээд хүрэлцэн ирсэн бүх шүтэн бишрэгчид, эрхэм сэтгүүлчдэд  "Монгол поп-2” цомгийн Ө.Пүрэвсүрэнгийн шүлэг“Үүлэн домог” Р.Чойномын шүлэг “Намрын тухай бодол” хэмээх гайхалтай уран бүтээлүүдээ толилуулсан юм.

Түүнчлэн “Намрын тухай бодол” дуугаа Камертон хамтлагийн гишүүн, дуучин Б.Эрдэнэбат буюу Эба-д зориулан бүтээснээ энэ үед анх зарласан нь дотны андад нь бас нэгэн сюрприз болсон юм.  Мөн Р.Чойномын “Сүмтэй будрын чулуу” хэмээх номноос “Намрын тухай бодол” дууны шүлгийг авахдаа Өд сангийн хамт олноос албан ёсны эрхийг авсанаа дуулгаад тус сангийн тэргүүн Д.Ганболдыг тайзнаа урьж сэтгэгдлийг нь сонссон юм.

Түүний сэтгэгдэлд хоёр зүйл онцлог байсан нь тун удахгүй болох Р.Чойномын мэндэлсэн өдөрт зориулан баримтат кино бүтээж байгаагаа дуулгаад Д.Болдын энэхүү дуу ч мөн адил түүний мэндэлсэн өдөрт зориулсан оюуны их нандин бэлэг болох юм хэмээсэн билээ.

Үүнээс гадна “Монгол поп-2” цомгийн ITUNES-д хэрхэн байршиж байгаа болоод  шилдэг цомог, шилдэг дууны төрлүүдэд багтаж байгааг зарлав. Мөн Iphone-ын сая сая хэрэглэгчдэд зориулсан “Монгол поп-2” цомгийн Application хийлгэж байгаа бөгөөд хоёр долоо хоногийн дараа ашиглаж эхлэх болсныг зарласан юм.

Ийнхүү танилцуулгыг хүргээд ирсэн зочиддоо зориулан “Монгол поп-2” цомогт орсон Монгол Улсын Төрийн шагналт Б.Лхагвасүрэнгийн шүлэг “Чамдаа хайргүй байхын аргагүй” өөрийнхөө шүлэг “Хүн болж төрсөн минь учиртай” хэмээх яруу тансаг уран бүтээлийн дээжсээ өргөн барилаа.

Мөн “Монгол поп-2” цомгийн нээлтэнд хүрэлцэн ирсэн Камертон хамтлагийн гишүүн, дуучин Б.Эрдэнэбат буюу Эба болон “Камертон-2” шоуны шилдэг хамтлагтай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

Яг одоо бидний ард “Монгол поп-2” цомогт орсон “Намрын тухай бодол” дуу эгшиглэж байна. Энэ дууг Төрийн соёрхолт дуучин Д.Болд танд зориулан бүтээсэн хэмээн дөнгөж сая хэллээ яг энэ мөчид та сэтгэгдлээсээ хуваалцвал...

Б.Эрдэнэбат: Үнэхээр сайхан байна, найз маань энэ гайхалтай уран бүтээлээ надад зориулсан гэж төсөөлөө ч үгүй явлаа, уг нь дууныхаа клипийг манай тариан талбай дээр хийсэн хэдий ч яг надад болон манай хамт олонд зориулсан гэдгийг нь сая сонсоод үнэхээр баяртай байнаа найздаа үнэхээр их баярлалаа. Энэхүү дуу нь манай компаны хамт олны болоод монголын ард түмний сүлд дуу болон олон арван жил эгшиглэж явна гэдэгт итгэл дүүрэн байна баярлалаа.

“Камертон-2” шоунд оролцсон 700 гаруй залуусын хүсэл мөрөөдлийн эзэн болж шилдгийн шилдэгээр шалгаран үлдэж нэг хамтлаг болцгоосон та дөрөвт энэ өдрийн мэндийг хүргэж байна. Та бүхний хамгийн анхны сэтгүүлчидтэй уулзсан уулзалт болж байна, яг энэ цаг мөчид төрж буй сэтгэгдлээсээ хуваалцвал...

Камертон-2: Бид дөрөв өнгөрсөн 01 сарын 20-нд “Камертон-2” шоуны хамгийн сүүлчийн шалгаруулалтанд оролцож нэг хамтлаг болон тунаж үлдсэндээ үнэхээр их баяртай байгаа. Өнөөдөр бид дөрөв Д.Болд ахынхаа дуулсан дуунуудын ард вокал хийлээ. Үнэхээр сайхан байна. Бид бүгд хүүхэд байхаасаа л Камертон хамтлагийн дуунуудыг дуулж ирсэн, гэтэл өнөөдөр тэр хүнтэйгээ хамтран дуулсандаа чинь сэтгэлээсээ баярлацгааж байна.

Залуусын дунд хэдийнээ танил болоод байгаа “Камертон-2” шоуны ялагчид болсон шинэ хамтлагийн нэр болоод ахлагч сонгогдсон гэж сонссон энэ талаар мэдээлэл өгвөл..

Н.Замбалгарав: Харин бид нэрээ ярилцаад л байгаа яг тодроогүй байгаа. Ахлагчийн хувьд хэн нь болох талаар санал хураалт явуулсан ч би сонгогдсондоо баяртай байгаа. Гэхдээ асар өндөр хариуцлага надад ноогдож байгаа гэдгийг маш их ойлгож байна. Бидний шинэ уран бүтээлүүд тун удахгүй та бүхэнд хүрч эхлэх болноо.

Баярлалаа.






 



Бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш