Төл бойжилт 98,7 хувьтай байна
2015/03/22
Улсын хэмжээнд оны эхний нийт хээлтэгчийн 8.4 хувь буюу 1800.9 мянган эх мал төллөж, 1774.4 мянган төл буюу 4197 ботго, 4471 унага, 35.3 мянган тугал, 842.6 мянган хурга, 887.8 мянган ишиг хүлээн аваад байна. Өөрөөр хэлбэл, төл бойжилт 98.7 хувьтай. Одоогийн байдлаар төллөсөн эх малын тоог оны эхний хээлтэгчийн тоотой харьцуулахад Ховд аймаг 41.4 хувь, Сэлэнгэ аймаг 39.9 хувь, Баян-Өлгий аймаг 26.5 хувиар тэргүүллээ. ХХААЯ-ны долоо хоногийн мэдээллээр одоогоор нийт нутгийн 30-аад хувь нь цастай, дулаавтар байгаа нь мал төллөлтөд таатай нөхцөл бүрдүүлж байна. Гэхдээ Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллээр Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын сав газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байх нь. Хэдий цаг агаар дулаарч таатай байгаа ч гол, мөрний цөмрөлт, гэнэтийн салхи, шуурганаас сэрэмжтэй байхыг малчид, иргэддээ анхааруулъя гэж ХХААЯ-наас мэдээллээ.