Хоёр хосуудын эрх чөлөө.

Хүнтэй нийлж хосууд болох цаашлаад гэр бүлийн батлагаа авах эсвэл хэзээ нэг өдөр салж хамтын харьцаагаа таслаж батлуулсан бол түүнийгээ цуцлуулах энэ бүгд хүний эрхүүд. Хүнтэй суух эрх чөлөө байхад бас салах эрх чөлөө бий. Хэн ч хэний ч өмч биш. Хэн ч хэнтэй ч заавал үхэн үхтэлээ хамт байх албагүй. Хэн ч хэний ч шаардлага шахалтаар хүнтэй суух эсвэл хүнээс салах шалтгаан байхгүй. Энэ бүгд тухайн хүний л өөрийн эрх чөлөө болохоос биш баригдсан хүлэгдсэн өрөвдсөн гомдсон гээд салж чадахгүй эсвэл заавал хамт байх шиг эрх чөлөөгүй байдал баймааргүй.

Тухайн хүн ганцаараа байхаас татгалзаж хүнтэй нийлж хос болох гэсэн шийдэл бол хосоороо хослох гэсний л хүсэл болов уу. Эрх чөлөөний онцлог бол хэн ч уриднаас мэдэхгүй өөрөөр хэлбэл мэдэх ч боломжгүй тохиолдолд дээр явагдана. Бүгдийг уриднаас мэддэг гэвэл өөрөөр хэлбэл бүх зүйл цаанаасаа гэвэл энд эрх чөлөө ярих хэрэггүй. Эрх чөлөө тохиолдол шаарддаг.

Мэдээж аав ээжийн эсвэл эмээ өвөөгийн нөлөөгөөр цаашлаад ламын эсвэл мухар сүсэгтэнүүдийн үгээр болон дарамт шахалтаар нийлсэн бол хосууд гэхээс илүү холбогдсонууд л гэх болов уу. 21-р зууны онцлог бол өөрөө шийдэх эрх чөлөөт цаг үе шүү дээ. Заавал ч хүнтэй хамт амидарч хосууд болох бас албагүй. Хөдөө газар хамт амидрах хүн хэрэгтэй. Байгалийн хүчирхийлэлд автагдсан амидралыг хамтдаа давахаас өөр замгүй. Ийм газар ганц бие хүн ёстой л ганцаардана. Хот газар болон нийгэм хөгжсөн газар заавал хосууд болох албагүй. Ганцаараа амидраад явахад ямар ч саад хүндрэл байхгүй.

Хайр дурлал дээр тогтож түүн дээрээ тулгуурлан хосууд болох тэр онцгой үйл явдал өөрийн гэсэн бас онцгой дүр төрхтэй. Хосууд болж бусдаас тусгаарлаж энэ л хүнтэй хамт байна гэсэн сонголт юунаас шалтгаалсан бэ? Хэн хэнийгээ хэрхэн юунаас болж тэгээд сонгосон бэ? Сонгох нэг хэрэг одоо цаашид хамт байж чадах уу? Эсвэл түр хугацааны сонирхол уу? Хайр гэдэг гэрээ биш. Би чамд хайртай гэж хэлээд л тайвшрах биш. Харин жинхэнэ хөдөлмөр бүтээл одоо л эхлэх жишээтэй.

Социализмын үед анх үүссэн нийгэм гэсэн ойлголт хайр дурлалын тухай анх удаагаа яриж эхэлсэн. Өөрөөр хэлбэл нийлж хосууд болохын өмнө өөрөөр хэлбэл хамтдаа амидрахын өмнө завал хайртай болсон байх шаардлагатай гэсэн. Нэгэнт хайр дээр суурилан нийлцгээсэн тул хайр байхгүй боллоо гэхэд одоо тэгвэл салах чөлөөтэй гэсэн ойлголт ч тэр л үеэс эхлэлтэй. Англи хэл дээр “I love you” Орос хэлээр “Я тебя люблю” гэсэн голдуу романаас гаралтай романтик ойлголтууд Монгол хэл дээр орчуулагдаж нийгэм журамт амидрал эхэлсэн социализмын үе Монгол хүмүүсийн ертөнцийг харах тэр харцанд асар том өөрчлөлт авчирсан.

Би чамд хайртай гэж хэлсэн хүн маргааш ч бас дараа жил ч хайртай л гэсэн зөвхөн үг биш амлалт. Түүнийг сонсон нөгөө хүн одоо тэгээд итгэх л асуудал гарна. Итгэл алдарвал хайр алдарна. Хайртай гэж буй хүн осолд ороод хачин эвгүй царайтай эсвэл гэмтэж тахир дутуу боллоо гэхэд бас хайртай хэвээрээ гэсэн ойлголт тул арчилж туслаж хамтдаа байна л гэсэн амлалт шүү дээ. Тиймээс хайр гэдэг хариуцлага үүрэг даалгавар гээд олон зүйлийг ярих хэрэг гарна. Эндээс л шалтгаалан хайр дурлалыг их романтик ойлгож эсвэл дэндүү их мэдрэмж дээр тайлбарлах боломжгүй. Түүнээс гадна сэтгэл гэсэн том ойлголт яригдах тул улам төвөгтэй болгодог. Хосууд зөвхөн бид хоёр тэгээд бусад бүх хүн хамаагүй гэсэн зарчим өөрөө хүндрэл авчирч тусгаарладаг. Ингээд хосууд болох гэдэг тийм ч амархан зүйл биш гэдэг харагддаг. Гэхдээ гэр бүл болж хүүхэдтэй болсон цагт хэрэг өөрөөр эргэнэ гэдгийг мартаж болохгүй.

Хосуудын хайр дурлал гэдэг зөвхөн баяр хөөр авчрахгүй бас зовлон бухимдал авчирна. Зовохгүй гэвэл хайр бүтэхгүй. Хосууд болсоноор хоёр хүн гэхээс бараг л нэг л хүн болсон мэт олон зүйл нийлж нэгдэх ажил гарна. Адилхан сайн муу болон сайхан муухайтай болж эхлэх бол бараг л үндсэн нөхцөл мэт. Зөрөлдөж хэрэлдэх бол эрүүл хосуудын шинж төрх болохоос муу зүйл биш. Дүмбийтэл суугаад юу ч хэлэхгүй юм нуугаад гөлийгөөд байвал байвал яалтай ч билээ. Нэг л гажиг орж гэхээс өөр аргагүй.

Хосууд хэдийгээр хамтран байх гэсэн итгэл зүтгэл тул салахын эсрэг үйл хэрэг гэхүү дээ. Мэдээж салах гэвэл тэмцэл ялагдсан гэж ойлгож болохгүй. Сална гэдэг хоёулаа биш ганцаараа байх гэсэн шийдэл шүү дээ. Өөр хүн лүү явах гэж буй бол шал өөр асуудал. Энэ тухай дараагийн гэр бүлийн сэдэвт ярилцана.

Хосууд салах гэдэг хайраас салах биш бараг л хайрыг аврах гэсэн оролдлого гэмээр. Яагаад гэвэл хайр суларч хажууд байх хугацаа багасаад ирсэн учраас шүү дээ. Салах эрх чөлөөний тухай ойлголт хэн нэгэнд ялагдах эсвэл хаягдах гэсэн хуучны ойлголт биш болжээ. Салж чадна гэдэг бас л сэтгэлийн тэнхээтэй үйл явдал. Ганцаараа байх гэдэг заавал ганцаардах биш. Хосууд салж буйгийн шалтгаан ихэнхдээ л заавал хурим хийж цааш амидрах хэрэггүй гэсэн шийдэл бөгөөд үүний шалтгаан бол хайр дурлалыг арай л өөрөөр төсөөлсөн тул сэтгэл хүрэхгүй хойно салах л хэрэг гарч буй. Ингээд цаашид хамт байх сонирхолгүй болох жишээтэй. Тиймээс хосууд хайрын тухай ойролцоо төсөөлөлтэй байх хэрэгтэй.

Хэдийгээр өнөөдөр интернэт гэх мэт бусад хүнтэй танилцах боломжууд ихэссэн хэдий ч яг зөв хүнийг олох гэдэг тйим ч амар биш гэж судлаачид дүгнэдэг. Яагаад гэвэл хот газар буюу нийгэм үүссэн газар сонголт ихтэй. Сонголт их байдал асуудалыг улам хүндрүүлнэ. Гэтэл сонголт цөөн бол сонгох бас амархан. Гэхдээ л салах нийлэх үед өөрийн нэр төрөө хамгаалж үлдэх болон өөрийнхөө үнэ цэнийг алдахгүй байх үнэлэмж мэдрэмжээ ч бас алдахгүй байх чухал.

Хайр дурлал гэж чухам юу вэ түүнийг хэрхэн эзэмшиж хэрэгжүүлэх тухай олон ном зохиолууд бий хэдий ч яг хүн өнөөдөр түүний тухай ямар ойлголттой явна вэ? Хайр дурлалт хосууд заавал гэр бүл болж хурим хийх тийм шаардлага юундаа бий вэ? Эрт дээр үед үнэхээр л хамтран амидрах зайлшгүй шаардлагатай байсан. Хөдөө хээр талд хэн хэндээ хань болж харанхуй шөнийн тэнгэрт хувь заяндаа хашигдан явахаас өөр тавилангүй. Өнөөдөр шиг эрх чөлөө гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Ерөөсөө философийн гаралтай эрх чөлөө гэсэн ойлголт 300 хүрэхгүй жилийн түүхтэй. Монгол хүн үүнтэй танилцаад 70 хүрэхгүй жил болж байна.

Хот газар байшинд амидарч мэргэжил сурч бие даасан амидралтай цаг агаараас шалтгаалахгүй хувь заяагаа өөрөө бүтээсэн социализмын үед Монгол хүн анх удаагаа нийгэм гэж зүйлтэй золгосон. Нийгэм цаашаа хайр дурлалын эрх чөлөөнд боломж өгсөн. Хэн ч хэнийг ч хулгайлах булаах эсвэл богтлох асуудал зогссон. Гэтэл тэр цаг үе өнгөрсөн мэт боловч түүнийг буцааж хэрэглэх гэсэн хүмүүс олон л бололтой. Өнөөдөр энэ эрх чөлөөтэй болсоныгоо хэрхэн унагаж бутаргаж буйг харахад бас л хачирхалтай.

Хайрт хосууд болох эрх чөлөө байхад салаад явах эрх чөлөө бий гэсэн ойлголт өөрөө нилээд төвөгтэй асуудал. Салах тухай ойлголт бас л 300 хүрэхгүй жилийн түүхтэй. Яагаад гэвэл түүнээс өмнө сүй тавиж хөрөнгө мөнгө газар нутаг барицаалж нийлцгээсэн тул салах ямар ч шаардлага байхгүй. Тиймээс ихэнхдээ хосууд ээж аав болон эмээ өвөөгийн засан хүнтэй л нийлдэг байсан.

Өнөөдөр нэгэнт хөгжил явагдаж дэлхий даяарчлагдаж техник технолог интернэт гар утас гээд маш их эрх чөлөө авчирсан үүнийгээ дагаад мэдлэг боловсрол өөр түвшинд очсон цаг үед ээж аавууд болон эмээ өвөө нар залуу үед зааж сургах асуудалтай болжээ. Эмээ өвөөгийн хэрэггүй зөвлөлгөө утгагүй л болждээ. Өөрсдөө учраа олоогүй ээж аавын тус болохгүй илүү үгнүүд асуудлыг бүр ч хүндрүүлнэ.

Олон ээж аавууд өөрсдийн хөдөө газрын зан заншилаараа хот газар залуусыг заавал бушуухан эхнэртэй эсвэл нөхөртэй болох гэсэн хувийн хэрэгцээ шаардлагууд шийдэл сонголт хийхэд муугаар нөлөөлсөөр. Олон залуус өөрсдөө санаачлагыг гартаа авч найзуудаар дамжуулж хүнтэй танилцах эсвэл интернэтээр хайж олж хайр дурлалаа бүтээн босгох гээд боломж бололцоонууд хил хязгааргүй мэт. Заавал Монгол гэхгүй гадаад иргэдтэй ч хосууд болдог жишээнүүд анх Зүүн Европт болон Оросо оронд сурцгаасан оюутнуудаас л эхлэлтэй.

Социализм нуран унахад нийгэм нуран унасан тул орчин үеийн амидралын хэв маяг устаж эртний балар бичиг үсэггүй үеийн хачин сонин зан заншил уламжлалт ёснууд үйлчилж эрх чөлөөт хайр дурлал бараг л устах шахаж хосууд өөрсдөө нэг нэгнийгээ сонгох биш ээжүүд цаашлаад эмээ нар нөлөөлж бараг л сонголт хийж тэдний заасан хөвгүүнтэй эсвэл охинтой нийлдэг хэв маяг тархжээ. Ламаас асууж эр нөхөр эсвэл эхнэр хүүхэн сонгодог хуучны хоцрогдсон бүдүүлэг зарчим үйлчлээд нэгэнт тогтсон тоглоомын дүрэм болжээ. Социализмын соёлт амидралын ул мөр устжээ. Тэр үед хосууд өөрөө өөрсдийгөө л сонгох чөлөөтэй байсан ба хэрвээ саллаа гэхэд харин ч ёс суртахууныг баридаг байсан тул тийм амархан ч салдаггүй байх жишээтэй. Ерөөсөө өнөөдөр ёс суртахуун унасан явдал хайрыг үнэлэх үнэлгээ бас устсан мэт. Тиймээс ч хосууд болох гэдэг бараг л сексийн л харьцаа гэж ойлгогдох наад захын ойлголт болжээ.

Хосууд хайр дурлал дээр тогтож хэн ч хэнтэй ч хамтран байх гэсэн тэр боломж бололцоо тийм ч эрх чөлөөтэй биш байгаагийн шалтгаан түрүүн хэлсэн ламаас асуух мухар сүсэгтэй ээж болон эмээ нарын гэмт үйлдэлүүдийн гай байдаг. Мэдээж бусад хүнээр сонголт хийлгэж танилцаж эсвэл бусдын шахалт шаардлагаар дуртай ч дургүй ч хосууд болцгоох амар мэт боловч цаашид хэн хэндээ итгэлтэй амидрал болох боломжгүй тул их л хол хөндий хүйтэн харьцаатай ихэнхдээ л жүжиглэсэн хиймэл хосууд л болох шүү дээ.

Мэдлэг мэрэгжил дутагдсаж хомсдсон өнөөгийн энэ Монгол хэв маяг 21-р зуунд ирж чадахгүй мунгинсаар. Энэ бүгдийг ашиглаж мухар сүсэг дэлгэрүүлдэг хүмүүс ч их болждээ. Өөрсдөө юу мэдэж бас ямар айхтар том амжилттай туршлагатай гэж бусдад зааж цэцэрхэнэ вэ гэсэн асуулт гарч ирэх жишээтэй. Мэдээж энд хэлэхэд ээж охин хоёрын дайсагнал их байдаг тухай сэтгэл судлаачид бишгүй л бичсэн байдаг. Тэндээс харахад ээжүүд охиндоо заах асуудал авчирдаг. Ээжүүд өөрөө дуртай хүнтэй нийлүүлэх гэнэ. Үр дагаврыг тэд тооцохгүй шууд л охиныгоо биш өөрсдийгөө л чухалчилна. Хөвгүүд бас суух гэж буй охиноороо ээжийгээ орлуулдаг тохиолдолууд байдаг тухай бас л сэтгэл судлаачид бичсэн байдаг.

Хайр дурлал дээр тогтсон хосуудын хамтын амидрал өөрөө алдаа оноо гээд л тэсэж тэвчих болон засаж залруулах олон адал явдалт өдрүүдээр дүүрэн гэдгийг мартаж боломгүй. Бүх зүйл цаанаасаа бэлэн ямар ч асуудалгүй ямар ч гачигдалгүй гэвэл жүжиглэсэн зохиомол амидрал тул үхмэл байх жишээтэй.

Хосуудын хайр гэдэг оюуны болоод сэтгэлийн соёлт түвшинд очиж чадсан хүмүүсийн эрх чөлөөгөө эдлэх боломж шүү дээ. Нэгний хайр дурлал нөгөөгийн хайр дурлалаар улам л эрх чөлөөтэй болох жишээтэй. Ийм эрх чөлөөт хүмүүс хариуцлага гэдгийг ухамсарлаж өөрийгөө залж бас бусдыг эрх чөлөөтэй байлгаж чадах өгөөмөр хүмүүс байх жишээтэй.

Хосуудын хайр хөрч буй бол нөгөө л хариуцлага ухамсар унасаны жишээ тул одоо салж явахаас өөр сонголт байхгүй. Мэдээж ийм хосууд салахад маш харамсалтай. Яагаад гэвэл тэдэнд дуртай цагтаа яваад өгөх тийм ч амаргүй. Харин дураа дагасан өнөөдөр маргаашийн наргиа цэнгээ хөөсөн бусдад харуулж бусдаас тусгаарлаж зожиг хувиа бодсон хосууд амархан салцгаана.

Олон хосууд салах эрх чөлөөгөө эдлэж чадахгүй зөвхөн сексээс болж хамт байдаг жишээ олон бөгөөд бас олон хосууд хүүхдээс болж бас хамтдаа нэг нэгэндээ уягддаг. Иймэрхүү хуурамч жүжиглэсэн оршихуй бүтэлгүйтнэ. Нэгэн философичийн хэлсэнээр янханууд хайр дурлалыг авардаг гэсэн үг бий. Яагаад гэвэл эхнэрийгээ янхан шиг хэрэглэхгүйн тулд мэргэжилийн янхан руу явах хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Үүгээр гэрийн эзэгтэй нөхрийнхөө сексийн тоглоом болж болохгүй гэдгийг анхааруулжээ.

Хайр дурлал дээр тогтсон хосуудын сонголт эрх чөлөөгүй болж буй өнөөгийн дүр төрх гэмээр. Цөөхөн хосууд хайрыг эдэлдэг бололтой. Би чамд хайртай гэж хэлсэн шүү дээ гээд л олон зүйл шаардах эсвэл олон алдаагаа уучлуулах гэсэн оролдлогууд бүтэхгүй. Хайртайгаа харуулж үзүүлж батлах л жинхэнэ баталгаа шүү дээ. Хайртай гэдгээ батлахын тулд хүндлэх чухал гэхдээ жүжиглэх биш. Хүнийг үнэлж сурах бас чухал түүнээс биш эд бараа мэт хэрэглэх биш. Эцэст хэлэхэд хайртай гэдэг харагдах л хэрэгтэй түүнээс биш тулган шаардах биш.

Хайрыг шууд хүлээн авдаг бэлэг биш гэж хэлдэг. Хайрыг хүлээн зөвшөөртөл цаг хугацаа болон олон шалгуур хэрэгтэй. Тиймээс хайртай гэж хэлээд л болчих биш. Нөгөөтэйгүүр хайр гэсэн бэлэгийг авахгүй буцаагаад өгөх эрх чөлөө бас бий.

Хайртай хосууд эртний ойлголтоор шууд гэр бүл болоод л эхлэх биш шүү дээ. Хосууд удаан хугацааны байх албагүй богино хугацааны байх ч боломжтой. Хэрвээ удааны хугацааны гэвэл харагдах л хэрэгтэй. Хайр дурлал бас интернэтээр эсвэл зурагтаар үзсэн порно буюу хүчирхийлсэн ашиглаж хэрэглэх гэсэн секс биш. Хайр дурлал дээр тогтсон секс бол хэн нэгэндээ туршилт хийж сониучлах ч биш. Эротик сексийг порногоос ялгах хэрэгтэй. Мэдээж хайртай л бол секс өөрөө хэнтэй тохирох тохирохгүйг хэлээд өгнө.

Хэн хэндээ хайртай түүн дээр хайраар сексээ тохируулсан харьцаа 21-р зуунд улам л их яригдаж үнэ цэнэ өндөр болж буй тухай судлаачид бичсээр. Яг л анх Ромео Жюлиа хоёрын романтик хайр дурлалаар сексийн хайр дурлалын хосууд үүссэн түүхэн тэр үйл явдал өнөөдөр буцаад биелэгдэх боломжтой болсоор байтал бүр ч эртний хуучны хоцрогдсон хэлбэр маягаар сонголт хийж буйг харахад гайхмаар.

Эхнэр эмэгтэй хүмүүс гэрт үлдэж хүүхдүүдээ харж хандаж эр нөхөр гадуур ажил хөдөлмөр хийж гэр орноо тэжээдэг тэр социлизмын цаг үе өнгөрчээ. Социализмын аж үйлдвэр ажил хөдөлмөр дээд мэргэжил гээд бүхий л эр хүний нэр төртэй ажил хөдөлмөр устсанаар эр нөхрийн нийгэм дэх байр суурь алдагджээ. Эр нөхөр цаг завтай хийх бүтээх үүрэг даалгаваргүй болсон мэт. Энэ тухай гэр бүлийн эрх чөлөө хэсэгт бичнэ.

Мөнгөтэй, хөрөнгөтэй, албан тушаалтай, өндөр цалинтай гээд л ашигтай хэрэгтэй хүмүүстэй сууж гэр бүл болдог Манжийн үеийн зовлонт Монгол хүний хуучин зан заншил буцаад ирсэн мэт. Нэгэнт л мэдлэг мэргэжил устаж бие хүний өөрийгөө аваад явах боломж хомсдож цалин мөнгөний гачигдал нийт улс орныг бүрхсэн тул орчин үе устаж хуучин үе буцаж ирждээ. Ёстой л баяд ноёдууд болон хар шар феодалууд ардчилал нэрийн дор дүрээ хувиргаж эрх чөлөөт амидралыг бүрэн боломжгүй болсон мэт. Энэ тухай ямар ч нийгэм судлаач болон сэтгэл судлаачид үг хэлэхгүй хэвээр. Хуучин хүү шинэ хүү биш шинэ хүү буцаад хуучин хүү болждээ.

Энд яриж буй хосуудын хайр дурлалын эрх чөлөөний сэдэв бол хүний сэтгэлтэй л холбоотой шүү дээ. Гэтэл сэтгэл гэдэг өөрөө аяндаа бий болохгүй. Сэтгэлийг чөлөөтэй тавиж бас зөв удирдаж сурахад гэр орны болон сургуулийн хүмүүжил цаашлаад боловсрол чухал. Гэтэл хаана хэн сэтгэлийн боловсролд сургадаг билээ.

Олон хүн өнөөдөр сэтгэл ярихад их л гайхдаг. Үүгээрээ хир амитанлаг вэ гэдгээ харуулдаг. Амтитанлаг хүмүүс сэтгэлгүй тул тэд зөвхөн сэрэл дээр л тогтоно. Сэрэл нэг бол дур хүргэнэ эсвэл дургүй хүргэнэ.

 

Үргэлжлэл бий.

Дараагийн сэдэв: Гэр бүлийн эрх чөлөө