Дээхнэ Солонгост амьдардаг нэгэн бүсгүйгээс тэнд амьдардаг монголчуудынхаа талаар сонирхсон асуултаа урсгаж байх үед "хараар" амьдардаг монголчуудаа матдаг хүмүүс байдаг тухай харамссан өнгөтэй цухалзуулж байлаа.
 
Саяхан Жeнeв хотоос нэгэн танил маань, нэр ус заасан нэгэн хүний тухай бичиж өгөөч, өөрт нь таалагдахгүй, өөрт нь дургүй хүн гараад ирвэл барьж өгнө, ачуулна хэмээн дарамталдаг гэнэ хэмээн хүсэлт ирүүлсэн юм.
 
Гэтэл удаагүй байтал Базел хотод (ердөө л 50 орчим монгол) хараар амьдардаг бүх монголчуудыг барьж өгнө хэмээн дүвчигнэж, энэ тухайгаа фэйсийн хуудсандаа бичсэн байсан монгол эхнэртэй итали гаралтай швейцарь залуугийн тухай надад гомдол мэдүүлж, яавал дээр вэ , зөвлөгөө өгөх боломж байна уу гэсэн утасны дин дон ирж байх жишээтэй.
 
Саяхан Берн хотод мөрөөрөө ажлаа хийж байсан нэгэн монгол бүсгүйд атаархсан нөгөө нэг нь цагдаад мэдээлэл өгснөөс болж хар шөнөөр ажил дээрээсээ баригдаж, хоригдоод хууль бусаар ажилласан зүйл ангиар шийтгэл амсаж зовоод хоёр сарын дараа суллагдаж байсныг өөрийн биеэр мэдэх юм.
 
Үүнээс үүдээд тэртээ 15 жилийн өмнө Герман улсын аж үйлдвэрийн Нюрнберг хотын чихэр, боов, хиам, хэвлэл, машины эмблемний хэд хэдэн үйлдвэрүүдийн ээлжийн ажлыг 230 орчим хараар амьдарч байсан монгол залуус маань оюутны бичиг баримт ашигласны хөлсөнд цалингийнхаа 20 - 25% ийг суутгуулан байж өглөө, орой, шөнийн 3 ээлжийн ажлыг 4 жил орчим маналзуулж байгаад бас л матаас, атаа жөтөөнөөс болж нэг үйлдвэрийн нэг ээлжнээс арван хэдүүлээ хэд хэдэн удаа баригдан нутаг руугаа ачигдаж байсан гашуун түүх өөрийн эрхгүй нэхэн санагдлаа.
 
Үүнээс болж ажилдаа сайн нь гайхагддаг байсан бүх монголчууд ажилгүй болж, баригдахаас эмээн цагаачлалд бүртгүүлж, аажимдаа буцсаар нэн удалгүй тэр хот "эзгүйрсэн" юм.
 
Энэ тухай бичихгүй байя гэж бодсон ч гэсэн нэр ус заахгүйгээр зүгээр л хоёр гурван өгүүлбэр үлдээчихье. Хэн нэгэн маань бичиг баримттай байж болох хэдий ч үүгээрээ далимдуулж хараар амь зууж буй нутаг нэгтнээ айлган сүрдүүлж яваа бол муу хүн биш адгийн гэдэг тодотголтойгоо мэдээд авчихвал илүүдэхгүй шүү. Хүний нутагт зовж яваа нэгнийхээ зовлон дээр "наадаж" явсны чинь төлөө энэ улсаас хэзээч одон медаль зүүхгүй, гавъяа шагнал олгохгүй, нэр хүнд наалдахгүй.
 
"Хэн нэгэнд ТУС хүргэх албагүй байж болох ч, харин ГАЙ болохгүйг хичээ!" гэдэг үгийг минь ойлгочихоорой гэж хүсмээр байна. Тэгээд хараар амьдарч буй хүмүүст хандаж хэлэхэд: Энэ мэтийн сүрдүүлгээс айж явах хэрэггүй. ХЭРЭГ ТӨВӨГТ ОРООЦОЛДООГҮЙ л бол таныг 24 цагаас илүү саатуулах хуулийн заалт энэ улсын хуулинд байдаггүй.
 
Хуруу гарны тань хээг авч, аль улсын хэн бэ гэдгийг тодруулаад суллаад явуулах учиртай. Мөн хууль бусаар амьдардаг гадаадын иргэдийн эрхийг хамгаалдаг хуулийн байгууллагууд байдаг бөгөөд сард 20 швейцарь франкийн хураамж тогтмол төлөөд явбал хэзээ нэгэн цагт хэрэг болдог гэдгийг дурдмаар байна.
 
Мөн түүнчлэн Гадаад иргэдийн бүртгэлийн төвийн харъяа "Aide au Retour" нэртэй байгууллагад хандвал таны нутаг буцах онгоцны тийз, гарын мөнгө 1000 фр, мөн нутагтаа очоод дансаар авах 3000 франктай тэнцэхүйц төслийн мөнгө хүртэх боломжтой. Харин энэ төсөлд хамрагдахын тулд өөрийгөө энд нэг жилээс доошгүй хугацаанд өөрийгөө "хараар" амьдарч байсан гэдгээ нотлох баримт үзүүлэх ёстой. 
 
Айдасгүй амьдарч, чимээгүйхэн аж төрцгөөе ! 
 
Дэлхийд "цоож" зүүх гэж мунгинахаар, сэтгэлийн муухайдаа "түгжээ өлгө" гэсэн захиас үлдээе.
 
Ж.Зоригт