Монголын бурхан шашинтны Гандантэгчэнлин хийдээс XVII жарны усан луу жилд Монголын бурхан шашны түүхэнд тохиосон 10 онцлох үйл явдлыг нэрлэжээ.


НЭГ. ХАВРЫН ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН НАЙМАН БУЮУ 2012.03.01-НИЙ ӨДӨР


IX Богд Жэбзүндамба хутагт Нирваан дүр барих ёсыг үзүүлэв

Монгол даяарын язгуурын ачит багш Очирдара 9-р Богд Жэвзүндамба хутагт шавь олныг дээдийн номын айлдвар, ачит зарлиг сургаалаараа цэнгүүлэн зохиож байгаад 81 сүүдэртэйгээ 17-р жарны усан луу жилийн жилийн бар сарын шинийн 8-ны луу цаг буюу 2012 оны 3 дугаар сарын нэгний өдрийн 08 цаг 30 минутанд магад утгандаа урвалтгүй очирын мөн чанарт лагшинг эрхшээсэн авч мөнхөд баригч шавь нарт түр нэгнээ уйтгар гашуудлыг төрүүлэхийн тухайтад ертөнцөөс нөгчихийн ёсыг үзүүлэн дүрст лагшингийн зохионгуйг номын агаарт шингээлээ. Богд гэгээн жанч халахаас олон хоногийн урьд 3-р сарын үед таалал барихаа айлдсан бөгөөд таалал төгсөхийн өмнөхөн “Би Монголдоо, шавь нартаа эргэн төрнө. Түүний төлөө хүч хатуу ерөөлийг үйлдэж байгаа, миний дараагийн дүр улс төрөөс ангид байж, зөвхөн шашны үйл хэргээ эрхлэх болно” хэмээн гэрээслэн бичээд Монгол улсын Бурханы шашны тэргүүний алтан тамганы дардсыг тэр бичгэн дээр өөрийн мутраар буулган соёрхсон. Энэ бол шашныхаа ирээдүйн бие даасан байдал хийгээд цөвгүй байлгахыг болгоосон чухал болгоолт буй за.


ХОЁР.ЗУНЫ АДАГ САРЫН ХУУЧДЫН АРВАН ЗУРГААН БУЮУ 2012.08.03

 


54 метрийн өндөр Майдар бурханы бойв /өлмий/-ыг залав

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Төр түмний их шүтээн Мигжид Жанрайсиг бурханы өмнө Монголын оюун санааны баялаг өвийг улам тодруулах замаар өнө эртнээс улбаатай Монголын Бурханы шашны түүхийг хадгалан үргэлжлүүлэх зорилгоор “Ирээдүйн Ундраа Сан” болон уг төслийн хэрэгжүүлэгч байгууллага болох “Их Майдар сан”-аас хамтран санаачилсан Их Майдар цогцолборт сүндэрлэх 108 метрийн өндөртэй суварга бүхий 54 метрийн өндөртэй Майдар бурханы бойвыг залав.

ГУРАВ. ЗУНЫ АДАГ САРЫН ХУУЧДЫН АРВАН ЗУРГААН БУЮУ 2012.08.03


Гандан дуганд Гүнригийн хот  Мандал бүтээв
 
ДӨРӨВ. ЗУНЫ АДАГ САРЫН ШИНИЙН АРВАН НЭГЭН БУЮУ 2012.09.10

 


Дүйнхэр бурханы дэлгэр жинсрэг цутгав

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын дэргэдэх Намжил дацангийн хансүр, лхаарамба Жадо ринбүүчигийн 2012.07.29-нөөс эхлэн хөтөлсөн Цогт Цагийн Хүрдэн буюу Дүйнхор бурханы  хөтөлбөрийн дагуу Гандантэгчэнлин хийдийн 30 гаруй хувраг Дүйнхор бурханы нямба бүтээлийг сар гаруй хугацаанд гүйцэт төгсөгснөөр жинсрэг буюу гал мандлыг Жадо ринбүүчи, дэд хамба Н.Нанзаддорж нар дэлгэрэнгүй ёсоор цутгалаа. Энэ зан үйл их хэлмэгдүүлэлтээс хойш бүрэн тасарсан байсан юм.

ТАВ. НАМРЫН ЭХЭН САРЫН ХУУЧДЫН ХОРИН ДОЛООН БУЮУ 2012.09.13

Номын баяр

Монгол Улсын Ерөнхийлөгч ивээл дор зохион байгуулагдсан “Номын баяр”-ын нээлтийг МБШТөв Гандантэгчэнлин хийдэд зохион байгуулав. Энэ үеэр 1990 оноос хойш Бурханы шашны лам хуврагууд, ТББ, хувь хүмүүсээс эрхлэн гаргаж хэвлэсэн ном зохиолууд болон эртний Энэтхэг, Төвд, Монголын мэргэдүүдийн нэн ховор зохиолыг нийт олонд гурван хоногийн турш сонирхуулжээ.
 

ЗУРГАА. НАМРЫН ЭХЭН САРЫН ХУУЧДЫН ХОРИН НАЙМАН БУЮУ 2012.09.14

Лусын бумба бүтээж тахив

Хүрээний олон нандин уламжлалын нэг бол намрын эхэн сард эд баялгийг эрхшээгч Гонгор, Намсрай, Дарь-Эх, лусын бумбаны тахилга үйлддэг ёс байсан ажээ. Энэ ёс цагийн эрхээр түр тасарсан байсныг Гандантэгчэнлин хийдээс 2010 онд Гонгор, Намсрайн бумба тахих, бүтээх ёсыг дахин сэргээж 2012 оноос лусын бумба бүтээж, тахив.

ДОЛОО. НАМРЫН ЭХЭН САРЫН ХУУЧДЫН ГУЧИН БУЮУ 2012.09.16Э
рдэнэт хотод сүндэрлэсэн их шүтээн

Хутагт ламын Ганданшаддүвлин хийдийн хансүр лам Б.Мөнхтогоо, Эрдэнэт хивс ХХК-ийн захирал Д.Өнөбат нар анх Монгол орны тусгаар тогтнол, эв нэгдэл, монголчуудынхаа сайн сайхны төлөө тустай байх их шүтээнийг өөрсдийн нутаг орондоо бүтээн босгох санааг санаачласныг тухайн үеийн Орхон аймгийн засаг дарга Г.Шархүү дэмжиж Эрдэнэ хот байгуулагдсаны 30 жилийн ойгоор албан ёсоор шав тавьж байсан Бурхан багшийн сэрэг дүрийн цогцолбор бүхий цэцэрлэг Орхон аймгийн Баян-Өндөр хайрханы өвөрт Эрдэнэт хотын 35 жилийн ойтой давхцан 2012.09.16-нд Эрдэнэт үйлдвэр ХХК, сүсэгтэн олны дэмжлэг хандиваар бүтэж, номын дагуу сүншиг аравнайг үйлджээ.

Эл шүтээнт цогцолбор нь 100 метрийн голч бүхий дугуй талбайд байрласан, найман суваргатай, хурал ном  хурж болох дуганатай, түүний дээр залрах Бурхан багштай юм. Бурхан багшийн өндөр дангаараа 17м, суурийн дуганы хамтаар нийт өндөр 22,5м бүхий төр түмний шүтээн Мигжиджанрайсиг бурханы дараа орох монгол урчууд, дархчуудын ур ухаанаар бүтсэн томоохон шүтээн бөгөөд орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газар болгосон байна.

НАЙМ. НАМРЫН ДУНД САРЫН ШИНИЙН ЕСӨН БУЮУ 2013.09.24

Цаасан өвийн сургалт зохион байгуулав

МБШТөв Гандантэгчэнлин хийдээс ЮНЕСКО-гийн Монголын үндэсний хороо, Бээжин дэх ЮНЕСКО-гийн төв оффис, Гёте институттэй хамтран “Сүм хийд дэх цаасан өвийг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах” сэдэвт сургалт семинарыг 9-р сарын 24-нөөс 10-р сарын 03-ны хооронд олон улсын цаасан өвийн мэргэжилтнүүдээр удирдуулан амжилттай зохион байгуулсан. Тус сургалтанд хөдөө орон нутгийн сүм хийдийн төлөөлөл болон Улсын төв номын сан, Улсын архив, Соёлын өвийн төв, Чойжин ламын сүм музей зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран оролцсон. Уг төсөл нь тус хийдийн номын сан дээр хамтран хэрэгжүүлж ЮНЕСКО-той хамтран хэрэгжүүлж буй хоёр дахь төсөл юм. 
 

ЕС. НАМРЫН ДУНД САРЫН ШИНИЙН АРВАН НЭГЭН БУЮУ 2012.09.26

Монголын бурханы шашин соёлын "Соёмбо" наадам

Монголын Бурханы Шашинтны Төвийн тэргүүн лам нарын зөвлөлөөс Бурханы шашны шавхагдашгүй олон талт өв соёлыг сэргээх, уламжлуулах зорилгоор сүм хийдүүдийн лам хуврагуудыг хамруулсан Анхдугаар наадмыг Монгол орны төв, Монголын Бурханы шашин соёлын өлгий нутаг Өвөрхангай аймгийн Бат-Эрдэнэ Зуу хийдэд МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШИН СОЁЛЫН “СОЁМБО” НААДАМ нэртэйгээр 2012.09.26-09.27-ны өдрүүдэд зохион байгуулж наадамд Монгол улсын 21 аймгийн төлөөлөл, ОХУ-ын Буриад улсын Бурханы шашинтнуудын төлөөлөл, ОХУ-ын Халимаг улсын Бурханы шашинтнуудын төлөөллүүдээс байлцсан нийт 500 гаруй лам хуврагууд өөрсдийн эрдэм мэдлэг, ур чадвараар оролцов.
 

АРАВ. ӨВЛИЙН ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН ДОЛООН БУЮУ 2012.10.20

Дээрхийн гэгээн XIV далай лам Монголчуулад зориулж ном айлдав

Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишинэнгийн айлтгалын дагуу нийт монголчуудад зориулж III Далай ламын зохиосон “Бодь мөрийн зэргийн тунгаамал алт”,  Очирваанийн ван зэрэг номуудыг Дээрхийн гэгээн XIV Далай лам БНЭУ-ын Дарамсала хотод хоёр хоногийн турш айлдсан юм.