Эдийн засгаа НӨАТ-ын аюулаас аварцгаая
2013/02/13
Нэмүү өртөг капиталын хуримтлал бий болгодог нь үнэн. Нэмүү өртөгийн ачаар эдийн засгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд зах зээлийн нийгмийг монголчууд бид сонгосон билээ. Гэтэл энэ эрх чөлөөг бидэнд бас л олгосонгүй.
Борлуулалтын орлогын 10 хувьтай тэнцэх НӨАТ-тай байна гэдэг нь борлуулалтын бүх орлогоо 100 хувь нэмүү өртөг гэж үзэж байж түүнээс хувилж авсан татвар гэж ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, 1000 төгрөгийн зардлаар 1200 төгрөгийн үнэтэй шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ гэж үзвэл нэмэгдсэн өртөг нь 200 төгрөг, 10 хувийн НӨАТ нь 20 төгрөг. Гэтэл НӨАТ 200 төгрөгөөс биш, 1200 төгрөгөөс 10 хувиар НӨАТ гэж авахаар 120 төгрөг болж, авах ёстой татвараас зургаа дахин их татвар авч байгаа юм. Ийнхүү борлуулалтын орлогын өөр хаана ч байхгүй шинэ татвар зохиосон атлаа НӨАТ гэж огт өөр нэр өгсөн нь хачирхалтай. Харамсалтай нь энэ буруу хуулиас болж зах зээл жам ёсоор хөгжих хөгжлийнхөө 20-иод жилээ алдаад байна.
Нэмүү өртгийн тодорхойлтод таваар мөнгөний харилцааны цикл (M-T-M’) хоорондын мөнгөний нэмэх зөрүүг (M’-M) нэмүү өртөг гэж тодорхойлсон байдаг нь дээрх тооцоо зөв болох нь харагдаж байна.
Амьдрал дээр борлуулалтын орлогын 10 хувьтай тэнцэх тийм их нэмэх зөрүү гарах нь ховор үзэгдэл. Энэ татвар нь худалдаа үйлдвэрлэлийн бүх хүрээг хамарснаараа бидний ярих дуртай дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт гэдэг үзүүлэлттэй утга дүйцэх тийм их тоо. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 10, 15 хувь хүрдэг улс орон гэж байдаг бил үү. Эндээс дүгнэвэл нэмэгдсэн өртөгийн албан татвар гэж нэрлэж авч байгаа энэ татвар онолын хувьд ч буруу, тоо хэмжээний хувьд ч үндэслэлгүй хэт өндөр татвар.
Нэмүү өртөг үйлдвэрлэж амжаагүй байтал НӨАТ нэрээр үйлдвэрлэгдсэн нэмэгдсэн өртгөөс нь хэд дахин өндөр татвар авч шинээр үүсч ядаж байгаа аж ахуйн нэгжүүдээ нураачихаад, ард иргэдээ хоосруулчихаад улс гэрээ яаж байгуулах гэж байгаа юм бэ.
НӨАТ бусад оронд байдаг нь үнэн боловч капитал 200-300 жил хөгжиж, үйлдвэрлэх хүчний хөгжил нь хэт үйлдвэрлэлийн хэмжээнд хүрсэн өндөр хөгжилтэй улс орнуудад хэт үйлдвэрлэлийн хямралаас сэргийлэх фонд байгуулах, бага ашигтай олон жижиг үйлдвэрлэлийг нэгтгэх томруулах зорилгоор “босго” болгож хэрэглэдэг онцлогтой татвар болохоос биш манайх шиг дөнгөж капиталын хуримтлал бий болгох, үйлдвэрлэл хөгжүүлэх, өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл явуулах гэж ядаж байгаа эхлэлийн үед нь хэрэглэдэг татвар огт биш. Ашигаас нь борлуулалтын орлогын 10 хувьтай тэнцэх тэр их мөнгийг авахыг зөвшөөрөхгүй гэдгиийг мэдэж байсан болохоор ашиг тооцохоос нь өмнө борлуулалтаас нь аваад буцаагаад өртөгт нь шингээх мөлжлөгийн зальхаа арга хэрэглэсэн байна. Аж ахуйн нэгжүүдэд борлуулалтын орлогын 10 хувиас дээш ашигтай байж аж ахуй эрхэл гэсэн хэрцгий хатуу босго далд аргаар тулгасан байна.
Аж ахуй байгуулсан л бол ашигтай эсэхээс үл хамааран борлуулалтын орлогын 10 хувьтай тэнцэх НӨАТ заавал авч байгаа нь эхлэн аж ахуй эрхлэх боломжийг бараг хаасны дээр зориглон эхэлбэл шууд дампуурахаас өөр боломж олгосонгүй. Өөрөөр хэлбэл, эдийн засаг үүсч хөгжих боломжийг бараг бүрэн хаасан байна. Нэгэнт байгуулагдан ажиллаж байсан компани, аж ахуйн нэгжүүд жил бүр доройтон аажимдаа үүдээ хаахад хүрэх нөхцөлийг НӨАТ нэртэй борлуулалтын орлогын албан татвар бий болгожээ. Эндээс гарах ганц гарц нь төрд гарч, НӨТ нэрээр цугласан капиталын хуримтлалаас хөрөнгө оруулалт нэрээр тендерээр дамжуулж эргүүлж авах, өөр боломж олдоогүй байна. Ийм учраас бизнесменүүд төр рүү тэмүүлж, төрд цугласан олигархууд нэрийг олж олон түмний хараал ерөөлийг идэх болжээ. НӨАТ-аас болж манай эдийн засгийн хөгжлийн гажиг өвчин үүсжээ.
Манайд НӨАТ авч болох үйлдвэрлэлийн цорын ганц салбар бий. Бурхнаас заяаж байгаль өөрөө нэмүү өртөг шингээсэн ашигт малтмалын салбарын олзворлолтоос 10 байтугай 50 хувь хүртэл татвар авсан ч болох юм. Жишээлбэл 2500 ккалкг илчлэгтэй нүүрсний олзворлолтоос 10 хувь НӨАТ авдаг бол 10000 ккаллкг илчлэгтэй нүүрсний олзворлолтоос 40-50 хувийн НӨТ авч болно.
Зэсийн 0.5 хувийн агуулгатай хүдрээс олзворлолт хийж байгаа “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрээс 10 хувийн НӨАТ авч байгаа бол 2.5 хувийн агуулгатай Оюутолгой ордын олзворлолтоос 40-60 хувийн НӨАТ авч болох талтай.
Манай улсад нүүрлээд байгаа зовлон бэрхшээл бүхний эдийн засгийн үндэс нь НӨАТ юм. НӨАТ-ыг нийгмийн бүх хүрээнд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний бүх салбарт хэрэглэснээр бизнесийн ашиг олох, өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл явуулах боломжийг бүрэн хаасан төдийгүй нийгмийнхээ гишүүн бүрээс энэ татварыг авснаар орлогогүй ард иргэд улам бүр ядуурах үндсийг тавьжээ. Ийнхүү буруу, хуудуутай ганц хуулийн уршгаар улс орны хөгжил зогсонги байдалд орсон байна. Ойлгуулахын тулд жишээ татъя.
1. “Буян”-гийн Жагаа ноолуур боловсруулах орчин үеийн үйлдвэр байгуулаад 15 жил болжээ. Одоо ноолуурынхаа үнийг дийлэхгүй эргэлтийн хөрөнгөгүй Хятадын доншуур ченжүүдэд дийлдээд сууж байгааг хар. Дотоодын хямд түүхий эдэд тулгуурласан, бүтээгдэхүүнээ бараг 100 хувь экспортод гаргадаг, хамгийн орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр өвч тоноглогдсон “Буян” компанийн үйлдвэр ийм байдалд байхад худал хэлж хулгай хийхгүйгээр аж ахуй хөтлөх юм бол дампуурахгүй амь тээх боломж бусад компаниудад олдоно гэж үү. Зах зээл хөгжсөн улс оронд ийм хэмжээний компани ганц хоёрхон жилийн дотор өр зээлээсээ салж, эдийн засгийн хараат байдлаа арилгаж, жил бүр бүтээгдэхүүний тоо хэмжээ өсч, тав, арван жилийн дараа дахин ийм үйлдвэр биеэ дааж байгуулдаг юм. Ийм хэмжээнд хүрсэн байх ёстой хугацаа өнгөрсөн байхад эргэлтийн хөрөнгө болох ноолуураа Хятадын ченжүүдэд булаалгаад сууж байгаа нь хаана ч байдаггүй борлуулалтын орлогын албан татвар буюу бидний андуурч нэрэлснээр НӨАТ-аас болж байгаа юм.
2. Манайд НӨАТ үйлчлээгүй ганц салбар үлдсэн нь мал аж ахуйн салбар юм. Жил дараалсан ган зудад нэрвэгдэж байсан боловч мал 45 сая толгой болтлоо өсч манайдаа хэт үйлдвэрлэлийн хямралд анх удаа өртөж мах, ноос, ноолуур нь үнэгүйдэж байгааг хар. Хамгийн муу менежменттэй, их эрсдэл дагуулдаг, зах зээлээс алслагдсан, нөхцөл боломж хомс энэ салбарт яагаад хэт үйлдвэрлэл болтлоо өсөлт бий болов? НӨАТ үйлчлээгүйгээс тэр. Хэрэв бусад салбарт НӨАТ үйлчлээгүй байсан бол мал аж ахуйгаас хэд дахин их өсөлт гарсан байх нь ойлгомжтой юм. Эндээс л НӨАТ гэгчийн лай ланчигийг ойлгож болно.
Төр мал аж ахуйн хувьд макро эдийн засгийн бодлогоо зөв барьж энэ их мах, сүү, ноос, ноолуурыг гадаад зах зээлд борлуулах, дотоодод үйлдвэр байгуулж ашиглаж чадсан бол зөвхөн мал аж ахуйн салбар нь эдийн засгаа өөд нь татах төдийгүй малчид маань бүрэн хөл дээрээ босч чадах байлаа. Гэтэл одоо энэ салбарт юу болж байгаа билээ.
3. Арилжааны банкууд бараг толгой дараалан дампуурах болоод байсан хямралын үе саяхан. Учир нь мөнөөх л НӨАТ. Гүйлгээнийхээ орлогын арав, арван таван хувийг төрд НӨАТ хэлбэрээр өгчихсөн банк өгсөн НӨАТ-аа эргүүлж олж авахын тулд сар бүрийн 0,8 хувийн хүү нэмж тогтоохгүй бол дампуурах нь ойлгомжтой. Дээр нь иргэдийн хадгаламжийн хүү, хувь нийлүүлэгчдийн ашиг, байгууллагын өөрийн зардлаа нэмэхээр банкны хүү бага байх үндэсгүй. Өндөр хүүтэй зээлийг хэн авч ямар үр дүнд хүрэх болж байна. Ийм нөхцөлд НӨАТ-аас болж банкууд дампуурах нь аргагүй, зээлжих боломжгүй эдийн засаг доройтох нь гарцаагүй, Дорой эдийн засагтай улс орны иргэд нь ядуурч элгээрээ мөлхөхөөс яалтай.
Монголын эдийн засгийг сул дорой байлгах НӨАТ-ын бодлогын хэрэгжилт бусад ямарч хуулиас илүү бүр дөнгөж төрсөн хүүхдийн живхнээс өтөл болоод өнгөрч байгаа өтгөс буурлуудын толгой дээр нь тавьдаг хадаг хүртэл бүх хэрэглээнд нь НӨАТ-ын 10 хувийг авч чадаж байна. Энэ чөтгөрийн хуулиас өөр ямар ч хууль Монголд ингэтлээ үйлчилж байсныг хараагүй юм байна.
Харин ганц зүйл үлдсэн нь ард иргэдээсээ НӨАТ нэрээр авсан төрийн том капитал, түүний төлөөх тэмцэл нь сандал ширээ, албан тушаал, эрх мэдэл, авлига, хээл хахууль болж хэзээ мөдгүй тэсрэх дөхсөн дарьтай торх болон хувирлаа. Төрийн эрх мэдэл олж авсан тэр ховорхон азтай хүмүүс хөрөнгө оруулалт нэрээр тендерээр дамжуулж хагарталаа баяжиж олигархи үүсэх шимтэй хөрс боллоо. Вьетнам, Камбож, Лаос, Хятад гэх мэт шинээр үсрэнгүй хөгжиж байгаа улс оронд энэ татвар байдаггүй.
Эдийн засагчид аа, эрдэмтэд ээ! НӨАТ-ын талаар өргөн судалгаа явуулж улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахыг уриалж байна. Хөгжлийн тулах цэг, хөдлөх хөдөлгүүр нь болсон бизнесмэнүүд ээ! Төрд гарсан зарим бизнесийн төлөөлөл зөвхөн өөрсдийн хар амиа хоохойлж татварын өршөөлийн хууль батлаад 6.0 тэрбум ам.долларын өр цайруулаад сууж байна. Бид улс гэрээ мартаж ингэж хувиа хичээж болохгүй. Мөлжлөгийн далд хэлбэр болсон НӨАТ-ыг үл тэвчье.
Т.Янжив /"Био Агро" ХХК-ийн захирал/