Монголын Залуучуудын Холбоо, “Залуу Удирдагч” сан хамтран зохион байгуулдаг “Next Stop 2014” наадмаас тодорсон шилдгүүд энэ сарын 31-нд төрийн ордны их танхимд “Оны залуу” лекц унших тов зарлагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Харин эдгээр “Оны залуу”-с ямар сэдвээр лекц унших вэ гэдэг нь олон залуусын анхаарлын төвд байсан юм.

Тэгвэл нийгэм, улс төрийн “Оны залуу” Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Дэлхийд өрсөлдөх Монгол хүн”, бизнес эдийн засгийн салбарын “Оны залуу” UFC группын ерөнхийлөгч О.Амартүвшин “mm+BRANDING=MM” гэсэн сэдвээр лекц уншихаар болжээ. Ийнхүү нийгмийн нэр нөлөө бүхий, бизнесийн салбарт амжилттай яваа эрхмүүдийн лекцийг залуус онцолж, олноор бүртгүүлсээр байна. Лекцийн бүртгэл аравдугаар сарын 22 буюу маргааш хүртэл үргэлжлэх бөгөөд бүртгүүлж амжаагүй залуус http://docs.google.com/forms/d/1HbEZyGGIUZ1NMTZ-CvSzxXgcg6Dm-TjtP955az_86lA/viewform гэсэн хаягаар бүртгүүлээрэй.

Сонирхуулахад, 1992 оны анхны “Next Stop”–ын улс төр нийгмийн салбарын “Оны залуу”-аар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эдийн засаг бизнесийн салбарын “Оны залуу”-аар Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар шалгарч байжээ. Үүнээс хойш тус наадмаас төрөн гарсан 28 залуу удирдагчийг эргэн харахад Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр, Ерөнхий сайд тав, Засгийн газрын гишүүн, сайд 14, УИХ-ын гишүүн 18, Монгол Банкны Ерөнхийлөгч хоёр төрөн гарсан нь “Next Stop” наадмын нэр хүнд, чансааг илтгэсэн үзүүлэлт гэж болохоор байна. Энэ ч утгаараа “Оны залуу” лекц жилээс жилд цар хүрээгээ улам тэлж, чанар чансаа нь сайжирч, оюутан залуучуудын сонирхлыг татсан, хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болоод байна.