Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Шадар сайд болох нь гэсэн яриа сүүлийн хоёр өдрийн ярианы гол сэдэв байлаа. Тэгвэл өчигдөр 21.00 цаг өнгөрч байхад МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан өөрийн твиттер хуудаснаа "МАХН-ын нарийн бичгийн дарга нар хуралдаад АН-ын санал, эвслийн ЗГ-ийн гэрээний зарчмыг үндэслэн Монгол Улсын Шадар сайдад Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэв" гэж бичсэн.

Уг үйл явдал үнэн болохыг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Ерөнхий сайдад өргөх бичиг өгөхөөр болжээ. Үүнд Монгол Улсын Шадар сайдаар Н.Энхбаяр, Эрүүл мэнд спортын сайдад Ц.Оюунбаатар нарыг томилуулахаар хүргэсэн байна.

Гэвч Н.Энхбаяр одоогоор төрийн өндөр албан тушаалд томилогдох эрхгүй аж. Хуульчдын хэлж буйгаар тэрбээр 2012 онд Эрүүгийн хуулийн 150.3, 263 дугаар зүйл ангиудаар ял шийтгэл авсан. Энэ нь төрийн өндөр албан тушаалаа урвуулан ашиглах, бусдын эд хөрөнгийг завших үрэгдүүлэх зүйл ангиуд. Харин Ерөнхийлөгч уучлал үзүүлж үлдсэн ялыг нь биеэр эдлүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Тиймээс Н.Энхбаярын эдгээр зүйл ангиудаар ял эдэлж байсан нь гэх шийдвэр хүчинтэй хэвээр байгаа. Хуулийн дагуу эдгээр зүйл ангиар ял, шийтгэл эдэлж байсан бол найман жил төрийн өндөр албан тушаал хашихгүй, сонгогдох эрхгүй гэсэн хуулийн заалттай. Энэ нь уучлагдсан байсан ч ялгаагүй ажээ.

Тиймээс Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлээд түүнийг нь Ерөнхий сайд хүлээн зөвшөөрөөд УИХ-д оруулж ирэхэд дэмжигдэхгүй байх магадлалтай аж.

Т.Буянаа