УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хуулийн төслөө хулгайд алдлаа гэсэн сүржин мэдэгдлийг өчигдөр хийсэн. Гэтэл хулгайд алдсан гэх хуулийн төсөл буюу Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжээд гарын үсэг зурсан болох нь УИХ-ын даргад өргөн барьсан бичгээс тодорхой харагддаг. Нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мөн хууль хулгайлсан хэмээн мэдэгдсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Миний санаачилсан хуулийн төслийг зарим гишүүн УИХ-д өргөн барьж л байдаг. Гэхдээ хэн нь анхдагч вэ гэдэг сонин биш. Ард иргэдэд, нийгэмд хэрэгтэй л бол тэр хууль батлагдаж хэрэгжиж байвал сайн шүү дээ. Тэгэхээр Ардын намынхан үнэхээр малчдыг бодож байгаа бол нэгэнт өргөн барьчихаад, хэлэлцүүлэг нь эхэлчихсэн байгаа хуулийн төслөө цааш явуул л даа, автор булаацалдаж, цаг үрээд байх шаардлагагүй” гэлээ. Ардын намын бүлэг сүүлийн өдрүүдэд байнгын хороодын хуралдаанд суугаагүй, өнөөдөр ч мөн нэгдсэн чуулганы хуралдаанд ирсэнгүй. Тэдэнд улс орны эрх ашгаас илүүтэй хууль санаачилсан гэх автор, нэр хүнд чухал бололтой.