УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Бондын хүү нэхэгдээд эхэлсэн энэ цаг үед эдийн засаг хямрахад хүрээд байна.  Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газар дампуурлаа эртхэн зарла гэж өмнө би хэлсэн. Учир нь яг одоо Бондын асуудал төвөгтэй болоод байна. Тухайн үед тодорхой бэлтгэгдсэн төсөлгүйгээр бондын мөнгө авсан нь гай тариад дараагийн мөнгө орж ирэхэд төвөг үүсээд байгаа юм. Тиймээс би бондын мөнгө орж ирнэ гэдэгт бараг итгэхгүй байна. Ирвэл сайн л биз. Ам.долларгүй болсон энэ хүнд нөхцлөөс гарах цорын  ганц арга зам нь тэр юм.

-Монгол Улсын эдийн засаг хүндрээд байна. Засгийн газар эдгээр асуудал дээр ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй байна гэж үзэж байгаа?

-Эдийн засаг сайжирсан ч, муудсан ч ядуу хоосны ялгаа нэмэгдээд байгаа. Ер нь бол бодлого чухал. УИХ ард түмэнд зориулж хууль батлахгүй, гурван түвшинд хуулийг баталж байна. Үүнд нэгдүгээрт, баян хүнийг яаж улам баян болгох вэ гэдэг хууль батлаад байгаа. Хоёрдугаарт, гадаадад хэрэгжиж байгаа хуулийг шууд хуулж баталж байна. Гуравдугаарт, дэлхийн глобалчлалаас үүдэн Монголын онцлогтой хууль батлагдахгүй байна. Их гүрнүүдийн нөлөөлөл, лобби нэвт шингэсэн хууль л гарч байна. Энэ байдлыг өөрчлөөгүй цагт эдийн засгийн өөрчлөлт иргэдэд огт хамаагүй бөгөөд амьдралд нь хамаагүй болж харагдах болно. Түүнчлэн Монгол Улс эдийн засгийн бүхий л салбарт өөрсдийн гэсэн мастер төлөвлөгөөтэй байх ёстой. Мастер төлөвлөгөөг нь  харж улс төрчид нь бодлого ярьдаг болох хэрэгтэй. Дэлхийн бусад орнууд мастер төлөвлөгөөтэй байдаг.  Саяхан бид сонгуулиар  АН-ын мөрөөдлийг зөндөө л сонссон. Мастер төлөвлөгөөгүй учраас мөрөөдөл гэж хэлэхээс яах билээ дээ. Одоо тэд метротой болох асуудлыг яриад байна. Сонсоход сайхан. Гэтэл цахилгаан станцаа цэвэр усныхаа нөөцөн дээр барих тухай бас ярьж байна. Ингэхээр Улаанбаатар хот цэвэр усны нөөцийн асуудал яах болж байна. Мастер төлөвлөгөөгүй бодлого ярьж байгаа нь аймшигтай байна.

Би эдийн засаг мэддэг хүн биш. Би бол хуульч хүн. Хуульч хүн стратегийн талаасаа нь  хардаг. Яагаад олон улсад улстөрчид нь ихэвчлэн эдийн засагчид болон хуульчид байдаг гэвэл эдийн засагчид  мастер төлөвлөгөөгөө ойлгодог хуульчид тухайн стратегийг нь  мэдэж байдаг юм. Тэр ч утгаараа нэгэнт улстөрд байгаа хүний хувьд улс орны хөгжлийн стратеги буруу байгааг мэдээд шүүмжлээд байгаа юм.

Шинэчлэлийн Засгийн газар хэцүү. МАХН болон Шударга ёс эвслийнхэн орсон ч их өрөвдөлтэй. Толгойтой, хөлгүй, биегүй Засгийн газар. Эрчим хүчний сайд нь юмаа мэдэхгүй Төрийн өмчийн хорооноос асуух гээд сууж байна. Өнөөдөр женко Х.Баттулгыг яаж гоё харагдуулах вэ, Ерөнхий сайдыг яаж гоё харагдуулах вэ гэдэг асуудал л яригдаж байна. Ямар сайндаа манай Н.Алтанхуяг сайд эрүүл мэндийн сайд юм биш үү гэсэн онигоо гараад байна. Нэг хэсэг эмнэлэг шорон яриад байсан болохоор нь Х.Тэмүүжинг тэгж байсан. Үүнийг би тэд нарыг доромжилж хэлээгүй. Яагаад гэвэл бодлого хэрэгтэй гэдгийг л хэлж байна. Эвслийн Засгийн газар аль нэг улс төрийн хүчнийг хүчтэй харагдуулахдаа гол бус хамтарч төрийн ажлыг явуулах юм. Гэтэл одоогийн Шинэчлэлийн Засгийн газрын бүтэц, хоорондын хүчний харьцаа нь төрийн бодлогыг хэвийн авч явах боломжгүй болгосон. Тэр утгаараа энэ Засгийн газар огцрох ёстой.

- Ээлжит бус чуулганаар эдийн засгийн хямралыг хэлэлцээд өнгөргнө. Харин намрын чуулганаар “Өршөөлийн тухай” хууль хэлэлцэгдэнэ.  Үүнд та хуульч хүний хувьд ямар бодолтой байна вэ?

-2008 онд гарсан “Өршөөлийн тухай” хуулинд зарчмын нэг алдаа гарсан байдаг.
Учир нь насанд хүрээгүй хүүхэд ямар ч гэмт хэрэг хийсэн өршөөгдөнө хэмээн заасан байдаг. Гэтэл үүнээс үүдэн насанд хүрээгүй хүүхдүүд онц ноцтой хүн амины хэрэг хийх болсон. Тухайлбал, нийгмийг айдаст автуулсан н.Сумъяажавын хэрэг, н.Хэрлэнчимэгийн хэрэг, н.Тулгын хэрэг зэрэг олон хэргүүд гарч байсан. Энэ байдлаас үүдэн “Өршөөлийн тухай” хууль дахиж гарах ёсгүй юм шиг яриад байгаа. Гэтэл Монгол Улсад “Өршөөлийн тухай” хууль зайлшгүй гарах ёстой. Яагаад гэвэл үүнд гурван шалтгаан байгаа. Нэгдүгээрт, 2008 оны хоёрдугаар сард Эрүүгийн хуулинд нэмэлт оруулахад санкци нь хоорондоо уялдаа холбоогүй болсон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн аливаа нэг заалтыг аваад үзэхэд торгох, баривчлах, хорих зэрэг бүх зүйл нь нэг дор байдаг. Энэ нь үзэмжээрээ ядуу айлын хүүхэд 1500  төгрөг хулгайлсан байхад 10 жилийн ял авч байхад баян айлын хүүхэд нь хоёр жилийн тэнсэн авдаг байх жишээтэй байна. Энэхүү харьцангуй байдлаас үүдэн өнөөдрийн хоригдож байгаа хүмүүсийн 80-90 хувь нь нийгмийн эмзэг бүлгийн залуучууд байна. Мөн ял эдлэх болсон хүмүүсийн тоо огцом өссөн. Тэр утгаараа Эрүүгийн хуулиас болоод Өршөөлийн тухай хуулийг гаргах нь зүйтэй юм. Хоёрдугаарт, ШШБЕГ-ын төсвийг харахад хоригдож байгаа хоригдлын тоо өсөх тусам төсөв нь өндөр байгаа. Жишээлбэл, нэг хүнд өдрийн 10 мянган төгрөг зарцуулах нормтой. Үүнийг нийт хоригдлын тоондоо үржүүлбэл асар их тоо гарна. Тэгэхээр нүсэр төсвийг зарцуулах нь хэнд ашигтай юм бэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Үүнийг ард түмэн бодох ёстой. Надад зөндөө олон өргөдөл ирдэг. Ихэвчлэн ядарсан хүмүүс байдаг. Хуулийн дагуу харахад гэмт хэрэг. Гэтэл хувь хүний нөхцөл байдлаас харахад ихэвчлэн ахуйн шинжтэй бөгөөд нэг удаа уучилж болмоор санагддаг. ОХУ-д Эрүүгийн хуулийг эвлэрүүлэн зуучилдаг арга байдаг. Үүнийг судалж байсны хувьд эрүүгийн зарим хэргийг энэ аргаар шийдвэрлэж болох юм. Хүмүүс эхний удаа гэмт хэрэг үйлдэхдээ ихээхэн айдаг. Хохирлоо төлвөл дахиж гэмт хэрэг хийдэггүй. Гэтэл манайд шууд хийсэн дээр нь улам түлхээд архагшсан гэмт хэрэгтэн төрөөд байгаа. Иймд өнөөдөр ялын бодлого дээр үүнийг анхаарах ёстой. Гуравдугаарт, Өмнөх Өршөөлийн тухай хуулиудыг харж байхад том том үйл явдлуудтай холбож гаргасан байдаг. Жишээлбэл, Чингис хааны 800 жил гэм мэт. Тэгвэл өнөөдөр манайд асар олон том том үйл явдлууд болсон. Энэ үед төр хүчтэйгээр харуулах ёстой. Төрийн хүч нь яллах шийтгэхдээ бус уучлалдаа байдаг. Тэр утгаараа өнөөдөр Өршөөлийн тухай хуулийг баталж, хүмүүсийг суллах ёстой. Дээрээс нь хохирлыг төлүүлэх ёстой. Хохирогчийг гомдоох ёсгүй. Нийгмийн олонх хэсэг үүнийг хүлээж байгаа. Миний хувьд ч дэмжиж байгаа.

-Зарим хүмүүс энэхүү хуулийг цагаан захтнуудад зориулсан хууль хэмээн үзэж байгаа?

-Хууль бол зөвхөн онол дээр суурилагддаг. Хуулийг улстөржүүлж баталж болохгүй. Жишээлбэл, Эрүүгийн хуулийн 148 буюу залилангийн хэрэг өмнө нь хэзээ ч Өршөөлийн тухай хуулинд хамрагдаж байгаагүй. Гэтэл энэ гэмт хэрэгт  ихэвчлэн эмэгтэйчүүд холбогдсон байдаг. Итгэмээргүй зүйлсэд зарим хүмүүс итгээд эд зүйлсээ алдсан байдаг. Энэ бол нийгмийн ердийн л харилцаа. Намайг эмэгтэйчүүдийн хорих дээр очиход 11 жилийн ялтай нэг бүсгүй байсан. 2 сая 500 мянган төгрөгийн өрөө төлбөл гарна гэж байсан. Анх есөн сая төгрөг залилсан. Гэтэл ангинаас болоод хөгжлийн бэрхшээлтэй болчихсон. Хүүхэд нь 11 настай. Мөн Эмэгтэйчүүдийн хориход байгаа хүн амины хэрэг ихэвчлэн гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтай байдаг.

Авлигын хэрэг гээд яриад байдаг. Гэтэл өгсөн авсныг нотолсон хэргийг тэр бүр шалгаж шийдсэн зүйл ховор. Яагаад гэвэл ихэвчлэн албан тушаалаа ашиглан мөнгө завшисан гэх хуучин цагдаагийн байгууллагын харъяалалд шалгаж тогтоодог байсан  хэргүүд л байгаа. Тиймээс Албан тушаалын хэрэг гэвэл тогтолцоондоо асуудал нь байгаа хэрэг. Танил талаа ашиглаж суудалд суулгаж байгаагийн гай гарч байгаа. Үүнийг төр бодох хэрэгтэй. Гэхдээ энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө нь байгууллага болон иргэдийн санлыг сонсоно. Өршөөж болохгүй асуудлаар өршөөх ёстой асуудлыг айлгаж болохгүй. Ялын бодлогын түвшинг өөр түвшинд авч үзэх цаг ирсэн. Хууль зүйн яамны үндсэн ажил бол мөрдөн байцаалтын ажилд оролцох бус гэмт хэргийг хэрхэн бууруулах вэ, ял шийтгэлийн бодлого ямар байх ёстой вэ гэдэг тал дээр ажиллах ёстой.

-Эрхзүйн шинэтгэлийн хуулиуд батлагдлаа. Эдгээр хууль дээр таны бодол?

-МАН-аас Ц.Нямдорж, АН-аас Х.Тэмүүжин нар гарч ирээд шуурга шиг ямар ч бодлогогүй хүмүүсийг хоморголон дэмжүүлэх маягаар хуулиа суртчилаж батлсанд харамсдаг. Яагаад гэвэл аливаа зүйл онол дээр суурилагдах ёстой. Хууль бүхэн Монгол Улсын нийгмийн харилцаан дээр суурилагдах ёстой. Монгол Улсад өнөөдөр төрийн алба данхар байна. Засгийн газар толгойтой биегүй болчихсон байна. Удирдах толгой байгаа ч ажиллах биегүй байна. Энэ үед сонин сонин хуулиудыг ямар ч бодлогогүйгээр хийж, хэн нэгнийг ажилтай болгож байгаа нь утгаггүй зүйл. Жишээлбэл, Тахарын тухай хууль байна. Монголд Тахарын алба, ШШБЕГ, ЦЕГ, УМБГ, АТГ гэсэн агентлагууд байдаг. Чиг үүрэг нь бараг давхцсан талаас нь хархад ийм олон агентлаг байх шаардлагатай эсэхэд би эргэлздэг. Бид 2.7 сая хүн амтай хэрнээ ийм нүсэр бүтэцтэй хүчтэй хүчний байгууллага байгуулах нь буруу гэж боддог. Харин үүний оронд цөөхөн хүн амын оцлогт нийцсэн гэмт хэргээс урьдчлан сэргийлж, таслан зогсоож чадах цомхон, чадварлаг баг байх ёстой. Түүнээс биш АНУ-д нэг ийм юм байсан гэсэн өнцгөөр аливаа зүйлд хандаж болохгүй. Тахарын хуулийг баталсан жишгийг хархад хорих байгууллагад үймээн гарвал зохицуулах тогтолцоо алга гэсэн өнцгөөр л авч үзээд хуулийг санаачлаад баталсан. Гэтэл зохицуулалтын хэм хэмжээ байхгүй бол бусад агентлагийнхаа журманд өөрчлөлт оруулах байдлаар шинэ  тогтолцоо бий болгох боломж байсан. Заавал тахар гэдэг хувцастай, Тахар гэдэг албан тушаалтан байх ямар хэрэг байгаа юм бэ.

Үүнээс гадна төлбөрийн чадваргүй яллагдагчидад хууль зүйн туслалцаа үзүүлэх гэсэн байгаа. Дэлхий дээр байдаггүй жишиг. Дэлхий дээр хоёрхон хууль байдаг. Эрхзүйн туслалцаа үзүүлэх тухай хууль эсвэл төлбөрийн чадваргүй иргэнд туслах тухай хууль гэж байдаг . Гэтэл манайхан яллагдагч гэдэг нэр томъёог бататгаж байгаа байдлаар хууль санаачлан баталсан нь онолын бөгөөд эрх зүйн асар том алдаа гарсан гэж би боддог. Дэлхий нийтээрээ шүүхээр шийдэгдээгүй бол бүх хүн гэмт хэрэгтэн биш гэсэн ойлголт  байдаг. Тиймээс шүүхээс шийдэгдэхээс өмнө нэр хоч өгч болохгүй. Тиймээс энэ хуулиас шалтгаалаад дахин төлбөрийн чадваргүй хохирогчид зориулсан хууль гарах шаардлага үүсээд байна. Тиймээс яллах талыг хүчирхэг болгоод цагаатгах талыг улам доошоо хийж байгаад би харамсч байна. Яг өнөөгийн нөхцөлд үүнийг би мянган удаа хэлээд нэмэр алга. Олигархууд өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон тогтолцоогоор миний эсрэг дайралт хийж байна.

  • Цаг гарган ярилцлага өгсөн таньд баярлалаа.

Т.Энгүүн