Доллар, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсчээ
2016/02/02
Өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 2010 төгрөгт хүрлээ. Арилжааны банкууд 2002-2008 төгрөгөөр авч, 2012-2016-аар зарж байна.
Долларын ханш энд онд буурах магадлал тун бага байгааг эдийн засагчид хэлж байгаа. Улсын төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөгөөр суулгасан. Долларын ханш өсөх шалтгаан нь гадаадын зах зээлд эрдэс баялгийн үнэ унасан, экспортын орлого буурсан, Монголд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 77 сая доллартай тэнцсэнээс үүдэлтэй.
Тэгвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өслөө. Нийслэл хотын таван дүүргийн 7 хүнсний зах, худалдааны төвөөс авсан хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн судалгаагаар 18 нэрийн барааны үнэ өсчээ. Харин 15 нэрийн барааны үнэ буурсан бөгөөд 6 нэрийн барааны үнэ тогтвортой байна.
Мах, төмс, элсэн чихэр, шар будаа, сүү, өндөг, ургамлын тосны үнэ харьцангуй өссөн бол хүнсний ногооноос лууван, байцаа, сонгино, манжин мөн цагаан будаа, тараг, талх, гурил, сүүний үнэ харьцангуй буурсан харагдаж байна.
Махны үнэ: 2016 оны 1-р сарын дундаж үеийн байдлаар өмнөх сарын мөн үеийнхээс үхрийн ястай мах 23.9 хувиар, үхрийн цул мах 22.5 хувиар, хонины ястай мах 33.4 хувиар, хонины цул мах 37 хувиар, адууны ястай мах 18.8 хувиар, адууны цул мах 24.7 хувиар, ямааны ястай мах 24.7 хувиар, ямааны цул мах 22.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Энэ сарын ажиглалтаар мах “Хүчит Шонхор” хүнсний зах дээр хямд үнэтэй худалдаалагдаж байна.
Гурилын үнэ: 2016 оны 1-р сарын дунд үеийн байдлаар нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан гурилын үнэ дээдийн дээд зэрэг 1500-1600 төгрөг , дээд зэрэг нь 1200-1300 төгрөг, 1-р зэргийнх 1000-1100 төгрөгөөр худалдаалагдаж байна. “Алтан тариа” гурилын үнэ өмнөх сарын мөн үеийнхтэй харьцуулахад харьцангуй тогтвортой харагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1200 төгрөгийн үнэтэй борлогдож байна.
Төмс, хүнсний ногооны үнэ: 2016 оны 1-р сарын дунд үеийн байдлаар төмс 4.3 хувиар өссөн бол лууван 4.3 хувиар, байцаа 17.3 хувиар, манжин 6 хувиар, сонгино 5.5 хувиар тус тус буурсан ба энэ сар хүнсний ногооны үнэ харьцангуй буурсан харагдаж байна.
Цагаан будаа, Элсэн чихрийн үнэ: 2016 оны 1-р сарын байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.2 хувиар буурсан бол шар будаа 7.2 хувиар өссөн байна.Харин элсэн чихрийн үнэ 5.1 хувиар буюу 83 төгрөгөөр өссөн харагдаж байна.
Сүү, өндөг, ургамлын тосны үнэ: 2016 оны 1-р сарын байдлаар өндөгний үнэ 11.9 хувийн өсөлттэй, 1 литр савласан сүүний үнэ 14.6 хувийн өсөлттэй,0.5 литр савласан сүүний үнэ 28.2 хувийн өсөлттэй байна. Мөн ургамлын тосны үнэ 5.3 хувиар өсч харьцангуй өссөн харагдаж байна.